Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк
Зорилт 2.1

Макро зохистой бодлогын институци

Арга хэмжээСанхүүгийн тогтвортой байдлыг хангах институцийн бүтцийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, макро зохистой бодлогын шинэ хэрэгслийг нэвтрүүлнэ.

Одоогийн сорилт

Монголбанк 2019 оноос хойш системийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн макро зохистой бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч макро зохистой бодлогын тогтолцоог цаашид бэхжүүлж, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд институцийн тогтолцоо, эрх зүйн орчин болон бодлогын хэрэгслийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тодорхой сорилтууд байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилгын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилтыг дэд зорилт байдлаар тусгасан. Түүнчлэн, мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслийг хуулиар тодорхой ялгаагүй байгаа нь тэдгээрийн зорилго, хэрэглэх нөхцөл болон системийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан тохируулах эрх хэмжээний заагийг тодорхой бус болгож байна. Мөн эдгээр хоёр бодлогын шийдвэрийг нэг хороо буюу Мөнгөний бодлогын хороо гаргаж байгаа нь бодлогуудын уялдааг хангах давуу талтай боловч нэг бодлогын зорилго нөгөө бодлогын зорилгоос давамгайлах, улмаар бодлогын шийдвэр гаргалт болон хариуцлагын зааг бүдгэрэх эрсдэлийг бий болгож байна.

Монголбанк банкны салбар, Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарыг тус тус зохицуулж байгаа нь ижил төрлийн эрсдэлийг санхүүгийн салбарын хэмжээнд нэгдмэл байдлаар удирдахад хүндрэл үүсгэж байна. Тодруулбал, зохицуулагч байгууллагуудын бодлогын уялдаа хангалтгүй үед банкны салбарт хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн үйл ажиллагаа зохицуулалтын шаардлага харьцангуй сул бусад санхүүгийн салбар руу шилжиж, бодлогын үр нөлөөг сулруулах, зохицуулалтын арбитраж үүсэх эрсдэлтэй байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь санхүүгийн салбар хоорондын бодлогын уялдааг хангах үндсэн механизм боловч зохицуулагч байгууллагуудын бодлогын арга хэмжээг нэгдсэн байдлаар уялдуулах эрх хэмжээ, шийдвэрийн хэрэгжилтийг хангах механизм тодорхой бус байна. Сүүлийн жилүүдэд активын долларжилт 18 орчим хувьд тогтворжсон хэдий ч пассивын долларжилт 36 орчим хувьтай байгаа нь ханшийн огцом өөрчлөлт болон гадаад шокийн үед санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй байна. Ялангуяа банкнуудын гадаад зах зээлээс бонд, зээл хэлбэрээр татсан эх үүсвэрээс хамаарах байдал нэмэгдэж байгаа нь гадаад санхүүгийн нөхцөл, ханшийн өөрчлөлтөд банкны салбарын өртөмтгий байдлыг нэмэгдүүлж, улмаар валютын хөрвөх чадвар болон дахин санхүүжилтийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл болж байна.

Монгол Улс жижиг, нээлттэй эдийн засагтай, түүхий эдийн экспорт болон гадаад хөрөнгийн урсгалаас өндөр хамааралтай тул гадаад шок болон санхүүгийн нөхцөлийн өөрчлөлтөөс шалтгаалсан зээлийн болон санхүүгийн мөчлөгийн хэлбэлзэлд өртөмтгий байна. Гадаад орчны таатай нөхцөлд хөрөнгийн урсгал, зээлийн өсөлт эрчимжиж, санхүүгийн эрсдэл хуримтлагдах бол сөрөг шокийн үед санхүүжилтийн нөхцөл чангарч, зээл огцом хумигдаж улмаар эдийн засгийн уналтыг даамжруулах эрсдэлтэй. Иймд санхүүгийн системийн мөчлөгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслийн хүрээг олон улсын сайн туршлагад нийцүүлэн цаашид өргөжүүлэх шаардлагатай байна.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д санхүүгийн тогтвортой байдал, өгөгдөлд суурилсан хяналт шалгалтыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд макро зохистой бодлогын институцийн тогтолцоог сайжруулж, бодлогын хэрэгслүүдийг эрсдэлийн төрөл, шинж чанарт нийцүүлэн хөгжүүлэхээр тусгасан. Үүнд:

  • Макро зохистой бодлогын институцийн тогтолцоог бэхжүүлж, бодлогын хэрэгслүүдийг эрсдэлийн төрөл, шинж чанарт нийцүүлэн хөгжүүлнэ.
  • Банк болон банк бус санхүүгийн салбарын зохицуулалтын арбитражийг хаахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Системийн эрсдэлийн үнэлгээ, өгөгдөлд суурилсан шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгоно.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

  • Макро зохистой бодлогын институцийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Төв банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монголбанкны бүтцэд мөнгөний бодлогоос ангид, системийн эрсдэлийг шийдвэрлэх бие даасан хороо байгуулах үзэл баримтлалыг Төв банкны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгана.
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хүрээнд зохицуулагч байгууллагуудын бодлогын уялдааг хангаж, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг банк, банк бус санхүүгийн байгууллага болон зээлийн бүтээгдэхүүн хооронд нэгдмэл байдлаар мөрдүүлэх чиглэлээр Төв банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Макро зохистой бодлогын үндсэн хэрэгслийн нэг болох мөчлөг сөрсөн өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлагын талаар судалж, үе шаттайгаар нэвтрүүлнэ.
  • Системийн эрсдэлийг үнэлэх стресс тест, эрт сэрэмжлүүлэх систем, загвар, шинжилгээний аргачлалыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулна.

Хүлээгдэж буй үр дүн

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр макро зохистой бодлогын эрх зүй, институцийн тогтолцоо бэхжиж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг хангахад дэмжлэг үзүүлнэ. Макро зохистой бодлогын тусгайлсан хороо байгуулагдсанаар мөнгөний болон макро зохистой бодлогын хариуцлагын зааг тодорхой болж, шийдвэр гаргалт системийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан, урьдчилан таамаглахуйц болно. Өр, орлогын харьцааны хязгаарыг бүх салбар, зээлийн бүтээгдэхүүнд нэгдмэл мөрдүүлснээр зохицуулалтын арбитраж хаагдаж, давхар зээлтэй зээлдэгчийн эрсдэл салбар хооронд дамжих нь буурна. Түүнчлэн мөчлөг сөрсөн өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлагыг нэвтрүүлснээр банкнууд зээлийн өсөлтийн үед эрсдэл даах нөөцөө бүрдүүлж, сөрөг шокийн үед уг нөөцийг чөлөөлөх замаар зээлийн огцом агшилтаас сэргийлэх боломжтой болно. Стресс тест, эрт сэрэмжлүүлэх систем сайжирснаар системийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж, бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах нөхцөл бүрдэнэ.