Одоогийн сорилт
Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны бус, банкны салбарын тогтвортой байдалд шууд нөлөөлөх эдийн засгийн хүчин зүйл болж, улмаар олон улсын банк, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагуудын онцгойлон анхаарах асуудал болоод байна. Монголбанк уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн санхүүгийн салбарын болзошгүй эрсдэлийг чухалчлан үзэж, 2025 онд дэлгэрэнгүй үнэлгээ, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ дэлхийн 90 улсын 157 төв банкнууд болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас бүрдсэн “Санхүүгийн системийг ногооруулах холбоо”-нд нэгдсэн.
Монгол Улсын хувьд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн эрх зүйн орчин, ойлголтыг Монголбанкнаас түүчээлж, банк, санхүүгийн салбарын сайн дурын хүчин чармайлтын үндсэн дээр 2013 оноос хөгжүүлсэн ба үр дүнд нь 2026 оны 3 дугаар улирлын байдлаар ногоон активын үлдэгдэл нийт зээлийн багцын 5.9 хувьд хүрсэн. Хэдий тийм ч зээлийн зориулалтын бус зарцуулалт буюу “greenwashing”-н тохиолдлыг илрүүлэх чадавхыг бүрдүүлж нэр хүндийн эрсдэлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд банкны салбарын тэсвэртэй байдлыг нэн даруй бэхжүүлж санхүүгийн тогтвортой байдлыг хангах шаардлага, хэрэгцээ онц ач холбогдолтой хэвээр байна.
Иймд банкны салбарын байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагыг сайжруулах, олон улсын сайн туршлагатай нийцүүлэх, үүнд зориулан банкны салбарын хүлээсэн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал зэргийг илүү нарийвчлалтайгаар үнэлэх, ийнхүү үнэлсэн эрсдэлийг зүй зохистой удирдахад хэрэгцээтэй өгөгдөл мэдээллийн хүрэлцээг бүрдүүлэх нь зүйтэй. Чанартай бөгөөд өндөр нарийвчлалтай өгөгдөл мэдээлэл цуглуулж, Монголбанк болон банканд холбогдох мэдээллийн санг бий болгож, хөтөлснөөр эрсдэлийг бодитой үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлох, ногоон санхүүжилтийн хүртээмжийг бодлогоор дэмжих боломж нэмэгдэх юм.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогыг дэмжих, ногоон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх чиглэлийг тусгасан. Yүнд:
- Уур амьсгалын эрсдэлийг хяналт шалгалтын зохицуулалт, тайлагналын шаардлагад тусгах бэлтгэл ажлыг бүрэн хангана.
- Ногоон санхүүжилтийн зах зээлийн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар ногоон санхүүжилт зах зээлийн зарчмаар нэмэгдэх нөхцөлийг хангана.
- Институцийн чадавхыг бэхжүүлж, олон улсын стандарт, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацтай хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Уг хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой санхүүжилтийн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой эрсдэлийг үнэлэх аргачлал, зааврыг сайжруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
- Арилжааны банкнуудтай бодлогын тогтмол харилцан яриа, зөвлөгөөнийг өрнүүлэх механизмыг нэвтрүүлнэ. Уг механизмын хүрээнд санхүүгийн байгууллагуудын санал, санаачилга болон тулгамдаж буй бэрхшээлийг тогтмол тодорхойлж, бодлого боловсруулах үйл явцад тусгана.
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүгийн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор олон талт хамтын ажиллагааны тогтолцоог бий болгоно. Энэ хүрээнд холбогдох төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, мэргэжлийн холбоод зэрэг нийтийн болон хувийн хэвшлийн өргөн хүрээний оролцогч талуудтай хамтран ажиллана.
- Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд “Санхүүгийн системийг ногооруулах холбоо (NGFS)”-нд нэгдэж, холбогдох ажлын хэсгүүдэд оролцон ажиллана.
Хүлээгдэж буй үр дүн
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл санхүүгийн тогтвортой байдлын үнэлгээ, хяналт шалгалтын тогтолцоонд тусгагдсанаар банкны салбарын тэсвэртэй байдал нэмэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүгийн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран эрсдэлийг үнэлэх аргачлалыг сайжруулснаар биет болон шилжилтийн эрсдэлийг илүү нарийвчлалтай хэмжих боломжтой болно. Ингэснээр банкны зээлийн багц, барьцаа хөрөнгөд учрах эрсдэлийг эрт илрүүлэх, стресс тест хийх, бодлогын арга хэмжээг оновчтой тодорхойлох суурь бүрдэнэ. Банкнуудтай тогтмол бодлогын харилцан яриа өрнүүлснээр тогтвортой санхүүжилтийн бодлого, зохицуулалт зах зээлийн бодит хэрэгцээнд нийцэж, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт бүхий ногоон санхүүжилт зах зээлийн зарчмаар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Олон улсын “Санхүүгийн системийг ногооруулах холбоо NGFS”-нд нэгдсэнээр Монголбанк олон улсын сайн туршлага, аргачлалыг шуурхай нэвтрүүлж, уур амьсгалын эрсдэлийг удирдах институцийн болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ.

