Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк EN
Зорилт 1.2

Төв банкны хараат бус байдал, засаглалын реформ

Арга хэмжээТөв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, институцийн хараат бус байдал, засаглал, хариуцлага, ил тод байдал болон макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох реформыг эхлүүлнэ.

Одоогийн сорилт

Төв банкны бие даасан, хараат бус байдал нь түүний бодлогын зорилтыг амжилттай биелүүлэх, тэр дундаа инфляцыг нам тогтвортой түвшинд хадгалах суурь нөхцөл болдог. Олон улсын валютын сангийн судалгаагаар Монголбанкны бие даасан, хараат бус байдлын үнэлгээ 69 хувь буюу сайжруулах шаардлагатай түвшинд үнэлэгдсэн. Энэхүү үнэлгээ нь төв банкны шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналт бүхий зохистой засаглал бүрэн бүрдээгүй, үндсэн зорилт тодорхой бус, хоёрдмол утгатай байгаагаас гадна төсвийн бодлогод нөлөөлөх эрх зүйн чадамж сул, төсвийн шинжтэй үйл ажиллагааг бүрэн хориглоогүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, төв банкны хараат бус байдал болон олон нийтийн төв банканд итгэх итгэлд нөлөөлдөг нэг асуудал бол төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал юм. Өнгөрсөн хугацаанд төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал тасралтгүй өссөөр ирлээ. Алдагдал хуримтлагдсан суурь шалтгаан нь нэг талаас төсвийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтүүдээс үүссэн алдагдал, нөгөө талаас, эдийн засагт бий болсон илүүдэл нөөцийг зөвхөн ТБҮЦ-аар шингээж ирсэнтэй холбоотой байна. Хуримтлагдсан алдагдал хэт өндөр хадгалагдах нь төв банк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх орон зайг хумьж, төв банканд итгэх олон нийтийн итгэлийг сулруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн 5 чиглэлийн нэгдүгээрт “Төв банкны хараат бус байдал болон засаглалыг бэхжүүлэх” ажлыг тусгаад байна. Энэ хүрээнд төв банкны бие даасан хараат бус байдал болон засаглалыг сайжруулах, төсвийн шинжтэй арга хэмжээ болон хөтөлбөр санхүүжүүлэхийг бүрэн хориглох, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх гэсэн нэн тэргүүний зорилтуудыг тавин дунд хугацаанд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа бэрхшээл, хуулийн давхардал, хийдэл, зөрчил, хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ, олон улсын сайн туршлага, өнгөрсөн хугацаанд гарсан сургамж, төрийн байгууллага, санхүүгийн салбарын оролцогчид, иргэд, олон нийтийн саналд үндэслэн төв банкны засаглал, хараат бус, бие даасан, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлсэн дараах агуулгыг тусгасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

  • Төв банкны зорилтыг “үнийн тогтвортой байдлыг хангах” гэж тодорхойлон төв банк өөрийн үндсэн зорилт болох инфляцын нам дор тогтвортой түвшнийг хангах;
  • Төв банк төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглох;
  • Төв банкны засаглалын хараат бус байдлыг улс төр, эдийн засаг, эрх зүйн хүрээнд хангах;
  • Макро зохистой бодлого буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой явцын хяналт, шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох;
  • Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор тусгай зориулалтын, урт хугацаатай Засгийн газрын үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх;
  • Төв банкны үйл ажиллагааг нээлттэй, ил тод мэдээлэх, тайлагнах зохицуулалтыг бүрдүүлэх;
  • Төв банкны албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлж хүний нөөцийн бодлогыг сайжруулах.
  • Өгөгдлийн нэгдсэн засаглалыг бий болгох, мэдээлэл солилцооны дэд бүтцийг хөгжүүлэх (API), мэдээллийн нэгдмэл байдал, өгөгдөл, мэдээллийн урсгалын хяналт, хариуцлагыг сайжруулах.
  • Төв банкны цахим засаглалыг эрчимжүүлэхийн сацуу, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлийг хийх.

Хүлээгдэж буй үр дүн

Төв банкны үндсэн зорилтыг оновчтой тодорхойлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг институцийн түвшинд бэхжүүлж, төв банкны засаглалын эрх зүйн шинэчлэлийг хийснээр хараат бус байдал улс төр, эдийн засаг, эрх зүйн хүрээнд баталгаажна.

Мөнгөний болон макро зохистой бодлогын шийдвэр гаргах тогтолцоог салган макро зохистой бодлогын институцийн тогтолцоог бэхжүүлж, тэдгээрийн заагийг тодорхой болгосноор макро зохистой бодлогын хэрэгслийн үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдэнэ.

Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгоо чанд баримталж, төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосноор Төв банкны хуримтлагдсан алдагдал болон өөрийн хөрөнгийн дутагдал шийдэгдэж санхүүгийн тогтвортой байдал хангагдахын сацуу төв банканд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлнэ. Төв банкны бодлого, үйл ажиллагаанд технологийн дэд бүтцэд суурилсан удирдлагын иж бүрэн тогтолцоог шат дараатай нэвтрүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэн, Монголбанкны засаглалыг бэхжүүлнэ.