Одоогийн сорилт
Макро эдийн засгийн орчин ба хүлээлт алдагдах суурь эрсдэл:
Төсвийн тэлэлт, нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал нь иргэд, бизнес, санхүүгийн зах зээлд оролцогчдын инфляцын хүлээлт өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мах, хүнсний ногоо, шатахуун зэрэг нийлүүлэлтийн шинжтэй шокууд нь суурь инфляцад хоёрдогч нөлөө үүсгэхээс гадна эдийн засаг дахь ирээдүйн инфляцын таамаглалыг өсгөж байна. Хэрэв инфляцын хүлээлт олон нийтийн сэтгэл зүйд өндөр түвшинд зангилагдвал аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ урьдчилан нэмэх, ажиллагсад цалингаа өсгөх дарамт үүсгэх, инфляц урт хугацаанд зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдах суурь нөхцөл болдог.
Мэдээллийн тэгш бус байдал ба бодлогын харилцааг бие даасан хэрэгсэл болгох шаардлага: Эдийн засгийн тодорхой бус байдал өндөр үед зах зээлд оролцогчдын дунд мэдээллийн тэгш бус байдал гүнзгийрч, ташаа болон цуу мэдээлэлд үндэслэсэн зохиомол эрэлт, таамаглал давамгайлах эрсдэлтэй. Мөнгөний бодлогын шийдвэр хэдий оновчтой байсан ч түүний үндэслэл, макро төсөөлөл, эрсдэлийн шинжилгээ олон нийтэд ойлгомжтой, ил тод хүрэхгүй бол бодлогын шийдвэрийн бодит эдийн засагт үзүүлэх үр нөлөө сулардаг. Тиймээс төв банкны бодлогыг мэргэжлийн шинжээчид, мэргэжлийн хэвлэл мэдээллийн редакцуудтай хамтран олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй хүргэх харилцаа холбооны шинэ стратегийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д олон нийттэй харилцах харилцааг үр дүнтэй болгож, төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд олон нийтийн хүлээлтийг зөв удирдах үндсэн зорилтын хүрээнд банкны зорилт, чиг үүрэг болон бодлогын шийдвэрийг тухай бүр, ойлгомжтой ил тод тайлбарлаж, хамрах хүрээ, хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Ирээдүйн чиг баримжаа (Forward Guidance) олгох: Мөнгөний бодлогын хорооны шийдвэр, түүний үндэслэл болон макро эдийн засгийн дунд хугацааны төсөөллийг олон нийтэд шуурхай, ил тод, ойлгомжтой байдлаар хүртээмжтэй сувгаар хүргэж, зах зээлийг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр зах зээлд оролцогчид болон хөрөнгө оруулагчдад бодлогын хүү цаашид хэрхэх талаар "Ирээдүйн чиг баримжаа" өгч, эдийн засаг дахь тодорхой бус байдлыг бууруулна.
- Бодлогын харилцааны нэгдмэл байдлыг хангах: Монголбанкнаас олон нийтэд хүргэх мэдээллийн үнэн зөв, нэгдмэл, уялдаатай байдлыг хангаж, “нэг дуу хоолой” зарчимд суурилсан стратегийн харилцааг бэхжүүлнэ.
- Мөнгөний бодлогын чиг баримжааг ойлгомжтой, ил тод хүргэх: Мөнгөний бодлогын зорилго, шийдвэр, түүний үндэслэл, эдийн засгийн төлөв, гол эрсдэлийг олон нийт, зах зээлд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэж, инфляцын хүлээлтийг бодлогын зорилттой нийцүүлэн тогтворжуулахад чиглэсэн харилцааг хэрэгжүүлнэ.
- Зорилтот бүлэгт нийцсэн, хүртээмжтэй харилцааг хөгжүүлэх: Иргэд, бизнесийн байгууллага, санхүүгийн зах зээлд оролцогчид болон бусад зорилтот бүлэгт чиглэсэн мэдээллийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж мэдээллийн агуулга, хэлбэр, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Судалгаа, шинжилгээнд суурилсан харилцааг хөгжүүлэх: Иргэдийн инфляцын хүлээлт, макро эдийн засгийн талаарх шинжээчдийн төсөөлөл, бизнесийн төлөвийн түүвэр судалгааг авах хэлбэр, хамрах хүрээ, агуулга, чанар хүртээмжийг сайжруулна.
- Мөнгөний болон макро зохистой бодлогын тайлан, статистик мэдээллийг санхүүгийн зах зээлд оролцогчдын инфляцын хүлээлтийг таамаглах стратегийн хэрэгсэл болгон ашиглаж, урьдчилан зарласан хуваарийн дагуу олон нийтэд шуурхай хүргэнэ.
- Монголбанкнаас боловсруулдаг тайлан, статистик мэдээллийн агуулга, хүртээмж, хэрэглээг сайжруулж, мөнгөний бодлого болон эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, энгийн ойлгомжтой контентыг тогтмол хүргэнэ;
- Мэдээллийн хүртээмжийг өргөжүүлж, орон нутаг болон зорилтот бүлгүүдэд бодлогын мэдээлэл хүргэх үр дүнтэй хэлбэр, сувгийг хөгжүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн
Мөнгөний бодлогын зорилго, шийдвэр, түүний үндэслэл болон эдийн засгийн төлөвийн талаарх олон нийтийн ойлголт сайжирч, мэдээллийн ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй байдал нэмэгдэнэ. Иргэд, бизнесийн байгууллага, санхүүгийн зах зээлд оролцогчдын инфляцын хүлээлт дунд хугацааны инфляцын зорилттой нийцэн тогтворжих нөхцөл бүрдэж, эдийн засгийн тодорхой бус байдал буурна. Үүний үр дүнд мөнгөний бодлогын шийдвэрийн зах зээлд үзүүлэх нөлөө сайжирч, төв банкны бодлогын ил тод, тууштай байдал болон бодлогын шийдвэрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

