Одоогийн сорилт
Банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх байдлаар банкнуудын засаглалыг сайжруулах, гадаадын банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, төлбөрийн чадваргүй болсон эсхүл өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй банканд Банкны тухай хуульд заасан бүтцийн өөрчлөлт, татан буулгах арга хэмжээг шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлж, банкны салбарыг эрүүлжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн тогтолцооны эрсдэл, эмзэг байдлыг цогцоор үнэлж, “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр (FSAP)”-т хамрагдаж, тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх шаардлага үүсээд байна.
Монголбанкнаас банкнуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд банкны салбарын засаглал, ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, системд нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компани, бусад банкнуудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг тус тус тусгасан. Тус шаардлагын дагуу системд нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, 2025 оны байдлаар банкны салбар 84 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон.
Гэвч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж, хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын эрэлт хязгаарлагдмал байгаа нь хувьцаа эзэмшлийн төвлөрлийг богино хугацаанд бууруулахад хүндрэл учруулж байна. Тухайлбал, 20 хувийн шаардлагыг бүрэн хангахын тулд банкнууд нийт 3.4 их наяд орчим төгрөгийг зах зээлд санал болгох шаардлагатай байгаа нь зах зээлийн нийт үнэлгээтэй харьцуулахад өндөр дүн бөгөөд богино хугацаанд их хэмжээний хувьцаа нийлүүлснээр банкны зах зээлийн үнэлгээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд банкны хувьцаа эзэмшлийн зохицуулалтыг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаадын болон стратегийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнд хувьцаа эзэмшлийн дээд шаардлага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн босгыг оновчтой тогтоох, олон улсын, олон талт санхүүгийн байгууллагын оролцоог дэмжих, банкны хувьцааг гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Монголбанкнаас банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллах бөгөөд үр дүнд банкны засаглал болон активын чанар сайжрах, урт болон дунд хугацаанд эрсдэл даах чадвар нэмэгдэж, банкнуудад урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулагчдыг татах давуу тал бий болгохоор хүлээгдэж байна.
Улсын Их Хурлаас 2026 оны 7 дугаар сард баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай дагалдан Банкны тухай хуульд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гадаадын банк буюу гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг банк Монгол Улсад охин компани хэлбэрээр банк үүсгэн байгуулах тохиолдолд Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарлалт хамаарахгүй байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор тус зохицуулалтыг холбогдох Монголбанкнаас журамд оруулж, мөрдүүлснээр гадаадын банк Монгол Улсад нэвтрэх боломжийг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын санхүүгийн салбарт нэмэгдүүлэх давуу талтай.
Түүнчлэн банкны салбарын эрсдэлийг зөвхөн банк тус бүрийн түвшинд бус, нийт санхүүгийн тогтолцооны хэмжээнд тодорхойлох, макро эдийн засаг болон санхүүгийн нөхцөлийн өөрчлөлтөөс үүдэх системийн эрсдэлийг урьдчилан илрүүлэх, банкны салбарын тэсвэрлэх чадварыг стресс тестээр үнэлэх, хямралын үед шуурхай арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах тогтолцоог цаашид боловсронгуй болгох шаардлагатай байна. Олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-т хамрагдах байдлаар хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн, цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл, зохицуулалтын дутагдлыг тодорхойлох шаардлагатай байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн санхүүгийн тогтвортой байдал, өгөгдөлд суурилсан хяналт шалгалтыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, гадаадын банкийг дотоодын захад нэвтрүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох, банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог сайжруулах болон олон улсын байгууллагын хэрэгжүүлдэг санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөрт хамрагдахаар тусгасан. Үүнд:
- Банкны хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг бууруулах хүрээнд нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банкны хувьд 34 хувь, хаалттай хувьцаат компани хэлбэртэй банкны хувьд 51 хувиас тус тус хэтрэхгүй байх зохицуулалтын саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
- Монгол Улсын нэгдэн орсон олон талт, гишүүдийнхээ хөгжлийг дэмжих зорилго бүхий олон улсын санхүү/хөгжлийн байгууллагын хувьд уян хатан байдлаар тусгах холбогдох зохицуулалтын саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
- Банкны салбарт гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг сайжруулна.
- Банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог сайжруулна.
- Олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг санхүүгийн салбарын үнэлгээнд хамрагдана.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Банкны засаглал, өмчлөлийн бүтцийг сайжруулна. Банкны эцсийн өмчлөгчийн хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ банкны системийн тогтвортой байдалд гэнэтийн шок үүсгэхгүйгээр, 2029 он хүртэл үе шаттай сунгах уян хатан шийдлийг батлуулахын зэрэгцээ гадаадын банкийг дотоодын захад нэвтрүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгоно. Үүнд:
- Банкны тухай хуульд заасан хувьцаа эзэмшлийн дээд хязгаарын шаардлагыг биелүүлэх төлөвлөгөөг банкнуудаас авч, хэрэгжилтэд хяналт тавьж, хангуулна.
- Банкны тухай хуульд хувьцаа эзэмшлийн хязгаарыг нэмэгдүүлэх, гадаадын банкны зохицуулалтыг тодорхойлсон хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль өргөн баригчид хүргүүлнэ.
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд гадаадын банк, түүний салбарын эрх зүйн зохицуулалтын орчин сайжирч байгаатай холбогдуулан Монголбанк банканд хяналт тавих зохицуулалтыг нарийвчлан төрөлжүүлэх, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- Гадаад улсын банкны харьяалагдах улсын зохицуулагч байгууллагатай хяналт шалгалт, албадлагын арга хэмжээ авах харилцан ойлголцлын санамж бичиг, хамтран ажиллах гэрээ байгуулна.
- Хамтарсан хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлт, татан буулгах арга хэмжээг зохицуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
- Банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог боловсронгуй болгож, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Банкны бүтцийн өөрчлөлт болон хүндрэлд орсон банканд авах арга хэмжээний эрх зүйн, зохицуулалтын орчныг олон улсын нийтлэг зарчим, стандартад нийцүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ. Үйл ажиллагаа нь доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон банканд хуульд заасан арга хэмжээг цаг алдалгүй, үр нөлөөтэй авна. Бүтцийн өөрчлөлтийн явцад банкны активын эргэн төлөлтийг эрчимжүүлэх, хадгаламж эзэмшигчдэд төлбөрийг шуурхай барагдуулах замаар банкны хүндрэлээс үүдэх эрсдэлийг бууруулахад чиглэн ажиллана
- Санхүүгийн тогтолцооны эрсдэлийг “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийн хүрээнд цогцоор үнэлж, хамрагдана. Тус арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2027-2028 онд хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг хангах, 2029-2030 он Олон улсын валютын сан, эсхүл Дэлхийн банкнаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллана. Дээрх олон улсын байгууллагууд хөтөлбөрийг бусад улс орнуудад хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ажилладаг бөгөөд Монгол Улсаас хөтөлбөрт богино хугацаанд хамрагдах хүчин чармайлт гаргаж ажиллана. Энэ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-т хамрагдах бэлтгэл ажлыг хангана.
- Санхүүгийн салбарын хяналт шалгалт, зохицуулалт, системийн эрсдэлийн удирдлага, хямралын үеийн удирдлагын тогтолцооны үнэлгээг 2029-2030 онд хийлгэнэ.
- “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийн үнэлгээгээр тодорхойлогдсон зохицуулалт, институцийн болон хэрэгжилтийн зөрүүг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангана.
- Дунд хугацаанд “Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийн үнэлгээний үр дүнг банкны хяналт шалгалт, макро зохистой бодлого болон санхүүгийн тогтвортой байдлын бодлогын цаашдын шинэчлэлийн суурь болгон ашиглана.
Хүлээгдэж буй үр дүн
Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл болон өмчлөлтэй холбоотой эрсдэл буурч, банкны засаглал, ил тод байдал, хариуцлага, дотоод хяналтын тогтолцоо сайжирснаар банкны эрсдэлийг үр дүнтэй удирдах чадавх нэмэгдэнэ.
Гадаадын банкны эрх зүйн орчныг бүрдүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээр олон улсын шилдэг туршлага, банкны салбар ноу-хау нутагшуулах, улмаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
“Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөрт”-ийн үр дүнд дунд хугацаанд санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт шалгалт, системийн эрсдэлийн удирдлага, стресс тест, хямралын үеийн удирдлагын тогтолцооны гол эрсдэл, зохицуулалтын болон хэрэгжилтийн зөрүү тодорхой болж, тэдгээрийг арилгах шинэчлэлийн арга хэмжээ хэрэгжсэнээр санхүүгийн тогтолцооны хямралд тэсвэрлэх чадвар сайжирна.

