Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк EN
Зорилт 2.3

Төлбөрийн шинэ технологи, инновац

Арга хэмжээОлон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт, инновацыг нэвтрүүлж, төв банкны цахим мөнгөний судалгаа, туршилт, хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтэц болон мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэн, төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй, найдвартай хүргэнэ.

Одоогийн сорилт

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөрийн системийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагаанд нь хяналт, зохицуулалт хийх чиг үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд зах зээлд шинээр нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, хэрэгсэл, дэд бүтцэд тогтмол хяналт тавих замаар санхүүгийн хүртээмжийг иргэдэд эрсдэлгүй хүргэхээр ажилладаг. Гадаад төдийгүй дотоодын төлбөр тооцоонд дансны нэгдсэн дугаарлалт (IBAN)-ыг нэвтрүүлсэн нь урт хугацааны зөв шилжилт хэдий ч иргэд энэ дугаарлалтыг тогтооход төвөгтэй, өдөр тутмын жижиглэнгийн гүйлгээ хийхэд хүндрэлтэй тулгарч, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Иймд IBAN дугаарлалтын хэрэглээг хялбар болгох, хөгжүүлэлтийг сайжруулах хэрэгцээ үүсээд байна.

Гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх өртөг өндөр, гүйлгээ дамжуулах хугацаа урт байгааг орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн төлбөрийн шинэ технологи, тархмал бүртгэл болон стэйблкойны хэрэглээ олон улсад өргөжиж байгаа нь мөнгөний бүрэн эрхт байдал, хэрэглэгчийн хамгаалалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд шинэ эрсдэл үүсгэж байна. Иймд, Монголбанк төв банкны цахим мөнгө, токенжуулсан төлбөрийн хэрэгсэл болон хил дамнасан төлбөрийн шинэ дэд бүтцийг судалж, турших шаардлагатай байна. Түүнчлэн төв банкны үйл ажиллагаа цахимжиж, төлбөрийн систем, их өгөгдөл, бодит цагийн мэдээлэл солилцоо, хиймэл оюун, дэвшилтэт аналитикийн хэрэглээ өргөжихийн хэрээр мэдээллийн систем, өгөгдөл болон технологийн дэд бүтцэд учрах кибер эрсдэл нэмэгдэж байгаа тул мэдээллийн аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоог бүрэлдүүлэх шаардлагатай.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн цахим мөнгө, финтекийн хөгжил, хүртээмжийг дэмжиж, төлбөрийн системийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд тархмал бүртгэлийн технологид суурилсан төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэх, дэвшилтэт технологи бүхий нөөц төв байгуулах, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, аюулгүй найдвартай байдлыг бэхжүүлэхээр тусгасан. Үүнд:

  • Олон улсын зах зээлд борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хялбар хүлээн авах дэвшилтэт төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлнэ.
  • Иргэд болон бизнес эрхлэгчид дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг саадгүй авах таатай орчныг бүрдүүлнэ.
  • Хиймэл оюунд суурилсан хяналтын систем, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, ногоон эрчим хүч ашиглах технологитой мэдээллийн нөөц төв байгуулна.
  • Мэдээллийн технологийн бодлого, шинэчлэлийг байгууллагын стратеги, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны хэрэгцээтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

  • Төлбөрийн системээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх: Төлбөр тооцоо гүйцэтгэхдээ харилцагч IBAN дугаарлалтыг заавал цээжлэх, бичих шаардлагагүйгээр төлбөрийн QR код, ухаалаг утасны дэвшилтэд функцуудыг ашиглан банк хоорондын гүйлгээг саадгүй дамжуулах боломжтой “Хялбарчилсан төлбөрийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Олон улсын сайн жишигт нийцсэн төлбөр тооцооны шинэ суваг тухайлбал, төв банкны цахим мөнгө (ТБЦМ) болон стэйблкойныг судлах: Орчин үеийн технологийн чиг хандлагад нийцүүлэн мөнгөний бодлогын хүүгийн зах зээлд шилжих хурд, нөлөөллийг эрс нэмэгдүүлэх зорилгоор ТБЦМ болон стэйблкойны талаар суурь судалгааг бүрэн дуусгаж, дотоодын зах зээлд туршилт хийх бэлтгэл ажлыг хангана. Тархмал бүртгэлийн технологид суурилсан хил дамнасан төлбөр тооцооны mBridge төслийн хүрээнд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой туршилтын ажлыг эхлүүлж, хил дамнасан гүйлгээний өртөг, гүйлгээ дамжих хугацааг эрс бууруулах боломжийг бүрдүүлнэ.
  • Мэдээллийн технологийн нөөц төвийг шинээр байгуулах: Кибер халдлагаас бүрэн хамгаалагдсан, ногоон эрчим хүчийг ашигласан, төлбөр тооцооны тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллах хүчин чадал бүхий шинэ нөөц төвийг барих бэлтгэл ажлыг бүрэн хангана. Түүнчлэн Монголбанк өөрийн ажиллуулж байгаа төлбөрийн системүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 99.9 хувиас доошгүй түвшинд ханган ажиллана.
  • ISO27001:2022 стандартыг нэвтрүүлэх: Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, кибер аюулгүй байдлын дэд бүтэц, хамгаалалтын чадавхыг бэхжүүлнэ. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, хяналтын арга хэмжээг үнэлэх, кибер зөрчилд хариу арга хэмжээ авах болон үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын стандартад нийцсэн тогтолцоог төлөвшүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн

Дээрх арга хэмжээг 2027 онд хэрэгжүүлснээр төлбөрийн системийн оролцогчдын технологийн шинэчлэлийг дэмжих тогтолцоо бүрдэнэ. Мөн дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн үйлчилгээг туршиж, нэвтрүүлснээр гадаад төлбөр тооцоог олон сувгаар гүйцэтгэх, алслагдсан орон нутгийн иргэдэд санхүүгийн үйлчилгээг хялбар хүргэх боломж бий болно.

Монголбанкны мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, хяналт, үүрэг, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, мэдээлэл болон системд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах боломж нэмэгдэнэ.

Технологийн шинэчлэл, цахим шилжилтийн хүрээнд шинээр бий болж байгаа дэвшилтэт төлбөр тооцооны хэрэгслийг нэвтрүүлэх, ялангуяа, тархмал бүртгэлийн технологид суурилсан шинэ үйлчилгээг турших орчныг бүрдүүлж, эрсдэлийг тооцон, олон улсын жишигт нийцсэн төлбөрийн системийн бодлого, зохицуулалт, хяналтын орчныг бий болгоно.