Одоогийн сорилт
Гадаад худалдааны ашиг болон банкнуудын гаднаас татсан валютын эх үүсвэрийн хэмжээ өссөнөөс банкны салбарт их хэмжээний төгрөгийн бүтцийн илүүдэл нөөц үүссэн. Энэхүү илүүдэл нөөц нь хэрэглээний импорт болон инфляцыг өдөөх өндөр эрсдэлтэй тул Төв банк нээлттэй захын үйл ажиллагаагаар дамжуулан зайлшгүй шингээх шаардлагатай болдог. Гэвч үүнийг зөвхөн богино хугацаат ТБҮЦ-аар шингээх нь Төв банкны хүүгийн зардлыг өсгөдөг тул зардлын хувьд оновчтой, өртөг багатай хэрэгслүүд (ЗБН, урт хугацаат үнэт цаас) рүү шилжих шаардлагыг бий болгодог. Түүнчлэн дотоодын санхүүгийн зах зээл дээр ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн хөгжил сул, ханшийн эрсдэлийг хаах санхүүгийн үүсмэл хэрэгслийн хөгжил дорой байгаа нь мөнгөний бодлогын дамжих механизмын сувгийн үр нөлөөг сааруулж байна.
Манай улсын хувьд хөрөнгийн болон мөнгөний захын дэд бүтцийг хариуцан ажиллаж буй Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн дэд бүтэц хоорондоо уялдаа холбоогүй байдаг. Үүний улмаас нээлттэй арилжаалагдаж буй үнэт цаасыг мөнгөний захын үйл ажиллагаанд ашиглах боломж хязгаарлагдах, зах зээлийн үнэ бүрэлдэх үйл явц болон үнэт цаасны өгөөжийн муруй тогтох боломж хумигдах, улмаар урт хугацаат үнэт цаасны зах зээлийн хөгжлийг сааруулах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн мөнгөний захын илүүдэл нөөцийг зах зээлийн бусад хэрэгсэлд байршуулах боломж хязгаарлагдмал байгаагаас дийлэнх хэсэг нь ТБҮЦ-д төвлөрч байна. Мөн дотоодын валютын захад нэгдсэн мэдээллийн систем бүрдээгүй байгаа нь мэдээллийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, валютын захын арилжааны идэвхийг сулруулах хүчин зүйл болж байна. Иймд Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Татварын ерөнхий газар (ТЕГ), СЗХ-той хамтран нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэхийн зэрэгцээ валютын захын үйл ажиллагааг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар зах зээлд оролцогчдын хүрээг өргөжүүлэх, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн хүрээнд мөнгөний бодлогын санхүүгийн зах зээлд шилжих сувгийн үр нөлөөг дээшлүүлэх, валютын захын хөгжлийг дэмжих зорилгоор мөнгө болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримтална. Үүний зэрэгцээ үүсмэл хэрэгслийн зах зээлийг идэвхжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Үнэт цаасны бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Монголбанк, ҮЦТХТ, МХБ-ийн бүртгэлийн дэд бүтцийг холбох чиглэлд ажиллан, ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааг идэвхжүүлэх замаар төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлнэ.
- Олон улсын сайн туршлагад үндэслэн дотоодын валютын зах зээлийн нэгдсэн системийг хөгжүүлнэ: Зах зээлд оролцогчдод валютын захын нөхцөл байдлыг дүгнэхэд дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас Төв банкны шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зорилгоор СЗХ, ГЕГ, ТЕГ-тай хамтран валютын зах зээлийн нэгдсэн системийг хөгжүүлнэ.
- Санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлнэ: Мөнгө, валютын захын хөгжилтэй уялдуулан зах зээл дэх мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, арилжааны дэд бүтцийг боловсронгуй болгосноор валютын ханш, хүү, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг удирдах санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээл хөгжих нөхцөл бүрддэг. Цаашид олон улсын зах зээлд төгрөг, гадаад валютын хослол бүхий үүсмэл хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
- Валютын захын үйл ажиллагааг дэмжих зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангана: Валютын зохицуулалтын тухай хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар валютын захын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх, төгрөгийн дотоод хэрэглээг бэхжүүлэх, ханшийн эрсдэлийг зохистой удирдах эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн валютын захад банкнууд болон аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлээ зах зээлийн зарчмаар хаахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үүсмэл хэрэгслийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль, тогтоомжийн саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
Хүлээгдэж буй үр дүн
Мөнгөний захын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр зах зээлд төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруй бүрэлдэх, санхүүгийн хэрэгслүүдийн үнэлгээ бодитой хийгдэх суурь тавигдаж, бодлогын хүүгийн бодит эдийн засагт дамжих суваг илүү хурдтай, оновчтой болно. Үүнээс гадна үүсмэл хэрэгслийн зах зээлийг дэмжсэнээр бизнес эрхлэгчид ханшийн гэнэтийн савлагааны эрсдэлгүйгээр зардлаа төлөвлөх найдвартай орчин бүрдэж, Төв банк хувийн хэвшлийн ханшийн эрсдэлийг өөр дээрээ үүрдэг гажуудлыг арилгана.

