Инфляцын зорилт
ДэлгэрэнгүйХэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
Үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёр бүлгийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгав.
Бүтэц
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, институцийн хараат бус байдал, засаглал, хариуцлага, ил тод байдал болон макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох реформыг эхлүүлнэ.
Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзан, уг орлогыг дотоодын валютын захад ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар нийлүүлж арилжаалах механизмыг бүрдүүлнэ.
Банкны системийн илүүдэл нөөцийн хэмжээ, бүтэц, төвлөрөл болон хугацааны өөрчлөлтийг тогтмол үнэлж, мөнгөний бодлогын хүүгийн дамжих механизмыг сайжруулах зорилгоор нээлттэй захын үйл ажиллагаа (Төв банкны үнэт цаас), овернайт хадгаламж, заавал байлгах нөөц болон зах зээлийн бусад хэрэгслийг уялдуулан ашиглаж, илүүдэл нөөцийг үе шаттай, үр ашигтай удирдана.
Төв банкны алт худалдан авалтын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын олон улсын стандартыг уялдуулж, гарал үүсэл нь баталгаажсан, хариуцлагатай уул уурхай, алт олборлолтыг тэргүүн ээлжинд дэмжих бодлого баримталж, алт худалдан авалтаас банк хоорондын захад үүсэх илүүдэл нөөцийн инфляцад үзүүлэх нөлөөг тогтмол үнэлж, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын хэрэгслээр шуурхай саармагжуулна.
Төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн хөгжлийг дэмжинэ.
Төв банкны бодлого үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй ил тод хүргэж, зах зээлийн хүлээлтийг оновчтой удирдана.
Санхүүгийн тогтвортой байдлыг хангах институцийн бүтцийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, макро зохистой бодлогын шинэ хэрэгслийг нэвтрүүлнэ.
Их өгөгдлийн нэгдсэн засаглалыг бий болгож, API технологид тулгуурласан бодит цагийн мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэн, эрсдэлийг урьдчилан илрүүлэх эрт сэрэмжлүүлэх систем болон технологид суурилсан хяналт шалгалтаар шийдвэр гаргалтын шуурхай, үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлнэ.
Олон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт, инновацыг нэвтрүүлж, төв банкны цахим мөнгөний судалгаа, туршилт, хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтэц болон мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэн, төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй, найдвартай хүргэнэ.
Зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулж, мэдээлэл солилцох нэгдсэн стандарт болон API-д суурилсан нээлттэй банкны дэд бүтцийг бүрдүүлэн, финтек суурьтай зээлийн үйлчилгээний зохицуулалт, хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, хууль сахиулах байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн шуурхай мэдээлэл солилцоонд тулгуурлан цахим санхүүгийн залиланг илрүүлэх, сэжигтэй гүйлгээг түр саатуулах, эрсдэлд өртсөн мөнгөн хөрөнгийг шилжихээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.
Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон улсын хяналт шалгалтын стандартад нийцүүлэн, банкны системийн эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Банкны засаглал, гадаадын банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог боловсронгуй болгож, банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, тогтворжуулах болон шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хуульд нийцүүлэн шуурхай хэрэгжүүлэх, эрх зүйн орчин, зохицуулалтыг бэхжүүлж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг санхүүгийн салбарын үнэлгээ хийлгэнэ.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурт нийцүүлэн банкны салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ.
Ногоон зээлийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжиж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй банкны салбарын эрсдэлийн мэдээллийн санг бүрдүүлж, өртөмтгий байдлын үнэлгээ болон стресс тестийн аргачлалыг боловсруулан, эрсдэлийг удирдах чадавхыг сайжруулна.
Үндэсний актив удирдлагын тогтолцоог бүрдүүлж, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хоёрдогч зах зээлийг хөгжүүлнэ.