A-
A
A+

Savings bank liquidation

Банкийг албадан татан буулгах шийдвэр

Хадгаламж банкны зээл түүнтэй адилтгах активын төвлөрөл, холбогдох этгээдийн чанаргүй активууд, Монгол шуудан банкаас хүлээн авсан чанаргүй актив зэргээс шалтгаалан 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тайлан тэнцлээр тус банкны нийт актив хөрөнгийн 18 хувь нь чанаргүй болж, 181.2 тэрбум төгрөгийн алдагдалтай, бусдад пассив нь активаасаа (өр төлбөр нь хөрөнгөөсөө хэтэрсэн буюу төлбөрийн чадваргүй болсон) 94.2 тэрбум төгрөгөөр хэтэрсэн.

Иймд хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Банкны тухай хууль, Төв банк (Монголбанкны)-ны тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах шийдвэр гарсан.

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банк хооронд байгуулсан “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу Хадгаламж банкны 940.8 тэрбум төгрөгийн сайн актив, 1,060.7 тэрбум төгрөгийн пассивыг шилжүүлж, салбар нэгж, ажилтнууд Төрийн банканд шилжин ажилласан бөгөөд актив, пассив хөрөнгийн зөрүү болох 119.9 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгосон.

Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкнаас олгосон зээл, авлага, түүнтэй адилтгах хөрөнгийг буцаан төлүүлсэн, үндсэн болон бусад хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу тус банкнаас авлагатай этгээд буюу нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус банкнаас олгосон зээл, авлагын буцаан төлүүлэлт, хөрөнгө худалдан борлуулалт, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Шүүхийн холбогдох шийдвэрүүд

Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчид болон “Эм ди секьюритис” ХХК, “Меркентайл хаус оф азиа инк” компаниудын гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153, Албадан татан буулгах тухай А-157 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан үзээд,  хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШЗ2023/1505 дугаартай захирамж гарсан.