A-
A
A+

Capital bank liquidation

Банкийг албадан татан буулгах шийдвэр

Капитал банкны зохистой засаглал алдагдаж, хувь нийлүүлэгч нь банкны хөрөнгөөр бусад салбар дахь хувийн бизнесийг санхүүжүүлж, үүнээс шалтгаалан зээл болон түүнтэй адилтгах активын төвлөрөл, холбогдох этгээдийн активууд чанаргүйдэж, өмчийн маргаантай их хэмжээний өмчлөх бусад хөрөнгийг банкны тэнцэлд бүртгэж, банкны тайлан бүртгэлийг будилаантуулж (тухайлбал, банкны өмчлөлийн бус хөрөнгийг банкны үндсэн хөрөнгөд бүртгэж, түүнийгээ гадаадын банканд барьцаалж зээл авсан г.м), түүнийгээ нуун дарагдуулсан бөгөөд тус банкны хөрвөх чадвар буюу түргэн борлогдох актив дутагдаж, үүнийгээ зах зээлээс өндөр хүүтэй хадгаламж татах замаар санхүүжүүлснээр банкны тэнцлийн алдагдал үлэмж нэмэгдсэн. 

Улмаар Капитал банк нь хадгаламж эзэмшигч, харилцагч, мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгч чадахгүйд хүрч, банк хоорондын төлбөр тооцоо гүйлгээг саатуулан, пассив нь активаас хэтэрч (өр төлбөр нь хөрөнгөөсөө хэтэрсэн буюу төлбөрийн чадваргүй болсон), өөрийн хөрөнгө 279.0 тэрбум төгрөгөөр дутсан.

Тус банк нь Монголбанкнаас банкуудад мөрдүүлэхээр тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны доод шалгуур үзүүлэлтийг хангаагүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор арилгаагүй бөгөөд банкны үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-95 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

“Капитал банк” ХХК-ийн “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосноор Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар тус банкийг албадан татан буулгах арга хэмжээг эхлүүлж, банкийг албадан татан буулгах ажлыг гүйцэтгүүлэхээр А-97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилсон.

Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олголт

Монголбанкнаас Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаар даатгалын тохиолдол үүсч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4-т тус тус заасны дагуу Капитал банкан дахь харилцах, хадгаламж эзэмшигчдийн нийт 20.0 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан.

 Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкны нийт 354260 данс эзэмшигчид 44.7 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгож эхэлсэн бөгөөд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэнээс хойш гурван жил байх зохицуулалттай тул нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа

“Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкнаас олгосон зээл, авлага, түүнтэй адилтгах хөрөнгийг буцаан төлүүлсэн, үндсэн болон бусад хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу тус банкнаас авлагатай этгээд буюу нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус банкнаас олгосон зээл, авлагын буцаан төлүүлэлт, хөрөнгө худалдан борлуулалт, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Шүүхийн холбогдох шийдвэрүүд

Монголбанкнаас банкийг албадан татан буулгасан нь үндэслэлгүй гэж “Капитал банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол (нэхэмжлэл) гаргасан бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал хяналтын шатанд гомдол гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Монголбанкнаас “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахтай холбоотой гаргасан шийдвэрүүд нь үндэслэлтэй гэж тогтоогдсон.