Монголбанк
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ



НЭГДYГЭЭР БYЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж

2.1.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

  • 3.1.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг;
  • 3.1.2.“үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ;
  • 3.1.3.“Монголбанкны албан ханш” гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг;
  • 3.1.4.“гадаад валют” гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валютыг;
  • 3.1.5.“гадаадын мөнгөн тэмдэгт” гэж Монгол Улсаас бусад улсын эрх бүхий байгууллагаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох гадаад орны мөнгөн тэмдэгтийг;
  • 3.1.6.“гадаадын валют” гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг;
  • 3.1.7.“тооцооны нэгж” гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг.


ХОЁРДУГААР БYЛЭГ

YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТӨЛБӨР ТООЦОО

4 дүгээр зүйл.Yндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ

4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

4.2.Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

4.3.Монгол Улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ.

4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

5 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага

5.1.Банкинд Монголбанкны хянан шалгагч, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина.

5.2.Энэ хуулийн хэрэгжилтэд Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийж болно.

6 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

6.1.Энэ хуулийн 4.1-4.3-т заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

  • 6.1.1.зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллаганаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох;
  • 6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10–30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50–100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
  • 6.1.3.тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас удаа дараа тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн4 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох.


6.2.Шүүх энэ хуулийн 6.1.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэнэ.

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

7.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.



МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА
  Д.ДЭМБЭРЭЛ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.