Засгийн газрын санхүүгийн удирдлагыг сайжруулах, мөнгөний бодлогын хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн Засгийн газрын үнэт цаасыг (ЗГҮЦ) олон нийтэд нээлттэй хэлбэрээр дахин гаргаж, арилжаалж эхлээд байна. Энэхүү шинэчлэл нь Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2017 оны 11 дүгээр сараас хойш анх удаа сэргээж буй алхам юм.
ЗГҮЦ нь санхүүгийн зах зээл дэх хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг онцлогтой. Үүний үр дүнд ЗГҮЦ-ны тогтмол арилжаа нь санхүүгийн зах зээлийн хөгжилд дараах чиглэлүүдээр эерэг нөлөө үзүүлдэг. Үүнд: эрсдэлгүй хүүгийн түвшинг тогтоох, өгөөжийн муруйг бүрдүүлэх, мөнгөний бодлогын дам нөлөөг тодорхойлох, хоёрдогч зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэх зэрэг орно.
2025 оноос эхлэн ЗГҮЦ-ыг дараах шинэ бүтэц, үйл явцын дагуу олон нийтэд арилжаалж байна:
Засгийн газрын үнэт цаасны арилжааны схем /2025 он/
Засгийн газрын үнэт цаасны арилжааны схем
- Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нь “Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны хуваарь”-ийн дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим арилжааны систем www.bond.mse.mn-ээр дамжуулан зохион байгуулагдана.
- Иргэд болон байгууллагууд үнэт цаас худалдан авах захиалгаа үнэт цаасны компани (ҮЦК)-аар дамжуулан илгээх ба шууд оролцогч, шууд бус оролцогч хэлбэрээр оролцох боломжтой.
- Арилжаа тогтоосон өдөр 10:00 цагт эхэлж, 11:00 цагт дуусна. Төлбөр тооцоо нь T+0 буюу арилжаа дууссан өдрийн дотор хийгдэнэ.
- Арилжаа өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус хэлбэрээр явагдах ба нийт саналын доод тал нь 30% нь өрсөлдөөнт хэлбэрээр байхаар зохицуулагдсан.
- Үнэт цаас нь хямдруулалттай болон купонтой хэлбэрээр, богино, дунд, урт хугацаатай нөхцөлөөр гаргана.
Энэхүү шинэчлэл нь өргөн хүрээний хөрөнгө оруулагчдыг хамарсан ил тод, хүртээмжтэй хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн суурийг бэхжүүлж байна.
Хөрөнгө оруулагчид Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэгч компаниар дамжуулан захиалга өгөх бөгөөд арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн цахим хуудас болон үнэт цаасны компаниудаар дамжуулан авна уу. ЗГҮЦ-ны арилжааны мэдэгдэлтэй ЭНД дарж танилцана уу.