A-
A
A+

Заавал байлгах нөөц

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу Заавал байлгах нөөц (ЗБН) нь Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ашигладаг хэрэгслүүдийн нэг юм. Заавал байлгах нөөцийн шаардлага нь банкуудыг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хувийг төв банкан дахь харилцах дансанд байршуулахыг шаарддаг бөгөөд энэхүү хэрэгслийг i) банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтвортой байлгах ii) эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдах iii) макро-зохистой бодлогын хүрээнд ашиглаж байна.

ЗБН-ийг тогтоох, хяналт тавих үйл ажиллагааг Монголбанк /Төв банк/-ны тухай хуулийн 12 дугаар зүйл болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-295 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-аар зохицуулдаг.

Монголбанк банкуудын ЗБН-ийн хэмжээг 14 хоног тутам шинэчлэн тогтоож, хангалтанд хяналт тавьж ажилладаг. Төгрөг болон валютын ЗБН-ийн хангалтыг тус бүрд нь дунджаар тооцдог бөгөөд энэ нь банкны систем бүхэлдээ нөөцийн илүүдэлтэй, эсвэл дутагдалтай үед богино хугацааны хүүг хэлбэлзүүлэхгүйгээр банкууд ЗБН-өө хугацааны эхэнд, эсвэл төгсгөлд хангах боломжийг олгох ач холбогдолтой. Түүнчлэн Монголбанкнаас макро-зохистой бодлогын хүрээнд төгрөг болон валютын ЗБН-ийн хувь хэмжээг ялгаатай тогтоож байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 12 дугаар зүйлд:

  1. Монголбанк иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монголбанкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаардана.
  2. Монголбанк банкны ЗБН-ийн хувь, хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.
  3. Банкны бэлэн нөөц нь тухайн банкны кассад байгаа бэлэн мөнгө ба Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлийн хэлбэрээр байж болно.
  4. Монголбанк банкны ЗБН-ийг хангасан хэсэгт ногдох бэлэн нөөцөд хүү төлж болно.
  5. Монголбанк ЗБН-ийг дутагдуулсан банкинд торгууль ногдуулна. Торгуулийн дээд хязгаар нь тухайн үед Монголбанкнаас банкинд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмсэнээс илүүгүй байна.
  6. Банкны ЗБН-ийг тогтоох, тооцох, хяналт тавих журмыг Монголбанк тогтооно.

ЗБН-ийн шаардлагын хангалт

Банкууд Монголбанкнаас тогтоосон ЗБН-ийн шаардлагыг өдрөөр болон 14 хоногийн дунджаар нэгэн зэрэг хангах үүрэгтэй. Тухайн шаардлагыг хангаж ажилласан банканд Монголбанкнаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 12.4-т заасны дагуу урамшууллын хүү тооцож болох бөгөөд тус урамшууллын хувь хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталдаг.

Харин ЗБН-ийн шаардлагыг өдрөөр, 14 хоногийн дунджаар хангаагүй, эсхүл аль алийг нь зэрэг хангаагүй банканд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 12.5-д заасны дагуу торгууль ногдуулдаг. Торгууль ногдуулсан банканд тухайн хангалтын хугацаанд урамшууллын хүү олгохгүй. Торгуулийн дээд хязгаар нь Монголбанкнаас банканд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр 5.0 нэгж хувь нэмснээс илүүгүй байхаар заасан.

ЗБН-ийн хувь хэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь ЗБН-ийн хувь хэмжээг хэлэлцэж, шийдвэрлэдэг бөгөөд Монголбанк /Төв банк/-ны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хувь хэмжээг 30 хувиас дээшгүй байхаар заасан. Төгрөг болон валютын ЗБН-ийн хэмжээг ижил хувиар тогтоодог байсан бол макро-зохистой бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн ялгаатай тогтоож байна.

Хүснэгт 1: ЗБН-ийн хувь хэмжээний өөрчлөлт

Мөрдөх огноо ЗБН-ийн хувь хэмжээ (Төгрөг, Валют)
1 1/1/2010 5%
2 3/9/2011 9%
3 9/7/2011 11%
4 5/2/2012 12%
5 5/9/2018 10.5% (төгрөг), 12% (валют)
6 1/1/2020 10.5% (төгрөг), 15% (валют)
7 3/25/2020 8.5% (төгрөг), 15% (валют)
8 12/2/2020 6% (төгрөг), 15% (валют)
9 12/29/2021 6% (төгрөг), 18% (валют)
10 2/9/2022 8% (төгрөг), 18% (валют)