A-
A
A+

Олон улсын хамтын ажиллагаа

Монголбанкны гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь Монгол Улсад орчин үеийн банк, санхүүгийн тогтолцооны үндэс тавигдаж, 1924 оноос банкны салбар үүсэж, хөгжсөн түүхэн үйл явцтай салшгүй холбоотой. Улмаар банк, санхүүгийн салбарын шинэчлэл, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцын хүрээнд төв банкны институтийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хоёр шатлалт банкны тогтолцоо бүрэлдэн төлөвшсөнөөр Монголбанк гадаадын төв банк, олон улсын санхүүгийн байгууллага болон бусад түнш байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг системтэй хөгжүүлэх институтийн нөхцөл бүрдсэн байна.

Энэхүү үйл явц нь Монгол Улсын 1994 онд батлагдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”, түүнчлэн Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд тусгагдсан Монголбанкны чиг үүрэг, зарчимтай уялдан өргөжин хөгжиж ирсэн. Өнөөдөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь санхүү, эдийн засгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөцийн зохистой удирдлага, гадаад төлбөрийн чадавх, банк, санхүүгийн салбарын шинэчлэл болон олон улсын санхүүгийн тогтолцоонд Монголбанкны оролцоог дэмжихэд чиглэж байна.

Хоёр хөрштэй харилцах харилцаа нь чухал чиглэл бөгөөд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл, ОХУ, БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагаа нь санхүүгийн тогтвортой байдал, гадаад төлбөрийн чадавхыг дэмжихэд ач холбогдолтой байна.

“Гуравдагч хөрш”-ийн хүрээнд БНСУ, Япон, Энэтхэг, Европын Холбоо, Герман, Турк, Казахстан зэрэг түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдлэг, туршлага, техникийн туслалцаа, санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байна.

ОУВС, Дэлхийн банк, АХБ болон бусад олон улсын санхүүгийн байгууллагатай бодлого, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, макро эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны салбарын шинэчлэлтэй холбоотой олон улсын мэдлэг, туршлагыг ашиглаж байна.

SEACEN, EBRD зэрэг байгууллага, олон улсын санаачилгатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ дижитал санхүү, төлбөрийн систем, санхүүгийн технологи, хиймэл оюун ухаан, кибер эрсдэл зэрэг шинэ чиглэлээр олон улсын туршлага, мэдлэгийг судалж, нэвтрүүлэхэд анхаарч байна.

2026–2030 оны дунд хугацааны стратегийн зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, стратегийн ач холбогдол бүхий түнш төв банкнууд болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр өгөөжтэй түншлэлийн сүлжээг үе шаттай бүрдүүлэхээр зорьж байна. Хамтын ажиллагааг стратегийн түншлэл, мэдлэг ба техникийн хамтын ажиллагаа, институтийн болон хүний нөөцийн чадавх, олон улсын төлөөлөл ба бодлогын оролцоо гэсэн үндсэн чиглэлээр хөгжүүлж, үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Ерөнхийд нь дүгнэвэл, Монголбанкны гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь уламжлалт хоёр талын харилцаанаас олон талт, стратегийн, үр дүнд чиглэсэн түншлэлийн тогтолцоонд шилжиж байна. Цаашид гадаад хамтын ажиллагааг Монголбанкны бодлого, институтийн хөгжил, хүний нөөцийн чадавх, олон улсын нэр хүнд, оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх стратегийн хэрэгсэл болгон хөгжүүлэхэд чиглэнэ.

Мэдээ, мэдээлэл