Макро зохистой бодлогын институцийн тогтолцоо
2018 оны 1 дүгээр сард Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж, тус хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанк мөнгөний бодлогын хэрэгжилт болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлж, үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байна. Мөнгөний бодлогын хороо нь макро зохистой бодлогын шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд 2025 оны 10 дугаар сараас эхлэн макро зохистой бодлогын шийдвэр гаргах ээлжит хурлыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжээд байна.
Монгол Улсад макро зохистой бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх институцийн тогтолцоо чухал үүрэгтэй. Үүнд Монголбанк (Төв банк), Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлого үйл ажиллагааны уялдаа чухал ач холбогдолтой юм.
Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд арилжааны банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хороо нь банкнаас бусад санхүүгийн салбарыг зохицуулдаг бөгөөд үүний хүрээнд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хүлээдэг. Тус хорооны үйл ажиллагааны хамрах хүрээнд үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод зэрэг багтдаг.
Сангийн яам нь татварын бодлого, төсвийн бодлогоор дамжуулан санхүүгийн зах зээлд чухал нөлөө үзүүлдэг.