A-
A
A+

Төв банкны санхүүжилтийн байнгын хэрэгслүүд

Төв банкны байнгын хэрэгслүүд (Standing facilities) гэдэг нь БХЗ-ын нөөцийн түр зуурын дутагдлыг арилгах, эсвэл илүүдэл нөөцийг шингээх зорилготой банк хоорондын зах дахь хүүгийн хэлбэлзлийг бууруулахад чиглэсэн хэрэгслүүд юм. Хэлцлийг банкуудын хүсэлтээр урьдчилан тогтоосон хүүгээр хийнэ. Монголбанкны байнгын хэрэгслүүдэд репо санхүүжилт болон овернаит хадгаламж ордог байна. Репо санхүүжилт болон овернаит хадгаламжийн хүүний түвшин бодлогын хүүнээс хамаарах бөгөөд дараах байдлаар тодорхойлдог:

  • Репо санхүүжилтийн хүү = Хүүний коридорын дээд хязгаар
  • Овернаит хадгаламжийн хүү = Хүүний коридорын доод хязгаар

Барьцаат зээл

Монголбанк банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор эцсийн зээлдүүлэгчийн үүргийн хүрээнд банканд барьцаат зээл олгох боломжтой. Шинэчлэн найруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон олон улсын жишигт нийцүүлэн "Монголбанкнаас банканд олгох барьцаат зээлийн журам"-ыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-174 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Холбогдох журмын дагуу банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл учирсан тохиолдолд Монголбанкнаас банканд 90 хүртэлх хоног (нэг удаа сунгах боломжтой)-ийн хугацаатай санхүүжилт олгож болно. Мөн барьцаат зээлийн хүү нь Монголбанкнаас банканд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмсэнтэй тэнцүү байдаг.

Барьцаат зээл нь барьцааны активаар бүрэн баталгаажсан байх бөгөөд барьцааны активт Монголбанкны ЭУА-наас гаргасан барьцааны жагсаалтанд орсон үнэт цаас хамаарна.

Репо санхүүжилт

Монголбанкнаас олгох репо санхүүжилт нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор банк хоорондын захын жигнэсэн дундаж хүүг зорилтот түвшинд хүргэх, банкуудад заавал байлгах нөөцийн шаардлага хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой санхүүжилтийн байнгын хэрэгсэл юм.

Төв банкны репо санхүүжилтийн журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-192 дугаар тушаалаар шинэчлэн баталж, тус журмаар репо санхүүжилтийг 90 хүртэл хоногийн хугацаатай олгох болсон. Тус арга хэмжээ нь банкуудад олгох санхүүжилтийн хэмжээ болон хугацааг нэмэгдүүлэх замаар бодлогын хүүний хадгаламжийн хүүнд үзүүлэх нөлөөг сайжруулах зорилготой байв.

Репо санхүүжилтийн хүү нь төв банкны хүүний коридорын дээд хязгаар болох бөгөөд бодлогын хүүн дээр нэмэх нь хүүний коридорын нэгж хувьтай тэнцүү байна.

Тухайлбал:

Репо санхүүжилтийн хүү (15.0%) = Бодлогын хүү (13.0%) + Коридорын өргөн (2.0 нэгж хувь)

Овернаит хадгаламж

Овернаит хадгаламж гэдэг нь өдрийн төгсгөлд банкуудын илүүдэл нөөцийг шингээх хэрэгсэл юм. Тус хэлцлийг банкны санаачилгаар хийх бөгөөд банкны хамгийн сүүлийн гүйлгээ байна.

Овернаит хадгаламжийн хүү нь банкны хүүний коридорын доод хязгаар болох бөгөөд бодлогын хүүнээс хасах нь хүүний коридорын нэгж хувьтай тэнцүү байна.

Тухайлбал:

Овернаит хадгаламжийн хүү (11.0%) = Бодлогын хүү (13.0%) - Коридорын өргөн (2.0 нэгж хувь)

Төв банкан дахь хадгаламжийн тусгай дансанд овернаит хадгаламж байрших бөгөөд нэг тэрбум төгрөгөөс дээш дүнтэй байх шаардлагатай.

Өдрийн зээл

Өдрийн зээл нь төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монголбанкнаас банканд олгож буй санхүүжилтийн хэрэгсэл бөгөөд тухайн өдөрт багтан эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээл юм. Өдрийн зээл нь тухайн өдрийн эцэст эргэн төлөгдөөгүй тохиолдолд овернаит репо санхүүжилтийн хэрэгсэлд шилждэг бөгөөд репо санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлүүд мөрдөгдөнө.