A-
A
A+

Репо арилжаа

Банк хоорондын зах (БХЗ)-д нөөц нийлүүлэх хэрэгсэл буюу репо арилжаа

Төв банкны репо арилжаа нь нээлттэй зах зээлийн хэрэгслийн нэг бөгөөд Монголбанкнаас банкны эзэмшиж буй үнэт цаасыг хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэй худалдан авах замаар банкны системд нөөц нийлүүлэх хэрэгсэл юм.

“Төв банкны репо арилжааны журам”-д заасны дагуу Төв банкнаас репо арилжааг нэг долоо хоног хүртэл (богино хугацаатай) болон түүнээс урт хугацаатай (2-3 жил)-гаар зарлах боломжтой.

Богино хугацаат репо арилжаа:

/Монголбанкнаас 2015 оноос хойш нэг долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа зохион байгуулаагүй байна./

Банк хоорондын зах дээрх богино хугацааны нөөцийн хэлбэлзлийг бууруулах, богино хугацаатай хүүг удирдах зорилгоор нөөц нийлүүлэх шаардлагатай үед Төв банк нөөцийн таамаглалд үндэслэн репо арилжаа зарладаг. Гэхдээ Монгол улсын БХЗ-ын бүтцийн илүүдэл нөөцийг харгалзан уг хэрэгслийг одоогоор ашиглах шаардлага үүсэхгүй байна. Журмын дагуу 7 хүртэл хоногийн хугацаатай репо арилжааг тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлаагүй эсвэл хүүгийн доод хязгаартай, хэмжээ хязгаарлаж, хүүгээр өрсөлдүүлэх хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

Репо арилжааны тогтмол хүү эсвэл хүүгийн доод хязгаар нь дараах хэлбэртэй байна:

Репо арилжааны хүү = ТБҮЦ-ны хүүгээр өрсөлдөх арилжааны хүүгийн дээд хязгаар

Төв банкны репо арилжааг Монголбанкны Эрсдэлийн Удирдлагын Алба (ЭУА)-наас гаргасан барьцааны жагсаалтад тусгасан үнэт цаас (Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, бусад)-аар олгох боломжтой байдаг.

Урт хугацаат репо арилжаа:

Монголбанкны үндсэн зорилтын нэг болох үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих үүднээс экспортын орлогыг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж 2-3 жилийн хугацаатай репо арилжааг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулж эхлээд байна. Төв банкны репо арилжааны журмын 2.5 дахь заалтын дагуу урт хугацаат репо арилжааны хугацаа, хэмжээ, нэмэлт нөхцөлийг Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг.

Холбоосууд:

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр

Журам тушаал

Мэдээлэл