МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГО БА СТРАТЕГИ
Макро зохистой бодлого
Макро зохистой бодлого нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Уламжлалт микро зохистой бодлого нь санхүүгийн байгууллагууд, ялангуяа арилжааны банк тус бүрийн аюулгүй, найдвартай байдал, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилттой ажиллаж ирсэн. Гэвч дэлхийн санхүүгийн хямралын үед микро зохистой бодлогын арга аргачлалууд нь системийн хэмжээнд үүсэж болохуйц эрсдэлийг хянахад хязгаарлагдмал байсан. Тиймээс энэхүү хямралын дараагаар олон улс орнууд санхүүгийн зохицуулалт, хяналт шалгалтад илүү системчилсэн хандлагыг судлах арга хэрэгслээ өргөжүүлж байна. Энэхүү цогц арга барилыг макро зохистой бодлого гэж нэрлэдэг.
Энэхүү бодлогын үндсэн зорилт нь хуримтлагдаж буй системийн эрсдэлийг хязгаарлах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, системийн эрсдэл нэгэнт үүсэх нь тодорхой болсон тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх болон тэрхүү эрсдэлийг алдагдал багатайгаар туулахад оршино.
Макро зохистой бодлогын стратеги
2018 оны 1 дүгээр сард Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж Монголбанк макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнтэй холбогдуулан зарим улс орны сайн туршлага, олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан “Монгол улсад макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлэх стратеги” батлав. Тус стратегид Монгол Улсад хэрэгжүүлэх макро зохистой бодлогын зорилго болон түүнд хүрэхэд ашиглагдах арга хэрэгслүүд, институцийн зохион байгуулалт, бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий зарчмуудыг тодорхойлсон аж.
Тус стратегийн баримт бичигт макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зорилго нь:
- санхүүгийн тогтвортой байдлыг хангах,
- санхүүгийн системийн дархлааг бэхжүүлэх,
- системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино хэмээн заажээ.
Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх зарчмуудыг тодорхойлохдоо макро зохистой бодлого нь бие даасан бодлого тул бусад макро бодлогыг орлохгүй, микро зохистой бодлогоос ялгаатай байна.