Монголбанк

Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай

Олон улсын стандартад мөнгө угаах (money laundering) үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг (Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо, 2000 он):

  • (i) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
  • (ii) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;
  • (iii) тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;
  • (iv) мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл (2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон)-д мөнгө угаах гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

  • 166.1.Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 166.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 166.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө угаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм. Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодит хэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыг гаргасан. 1988 оны Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг Венийн конвенц, 2000 оны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц нь мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээ авахыг гишүүн орнуудад уриалсан байдаг. Харин терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж 1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Эдгээр тогтоол нь террорист байгууллага, этгээдийн хөрөнгийг хураах, тэдгээрийн нэр дээр хийгдэх гүйлгээг түдгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авахыг НҮБ-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон. Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм.

Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял, шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн томьёоллыг ашигладаг. Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгэн хүнд гэмт үйлдэлд нь давхар ял онооход бус харин бусад этгээдийг гэмт этгээдэд тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.

Мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны давуу талууд (банкны мэдээлэлд нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч гэмт хэргүүдийг олж илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн, энэ тогтолцоог мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг.

Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн 3 үе шаттайгаар хийгддэг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин ч худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг. Үүний дараагаар гурав дахь үе шат нь нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг ажээ.

Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. Гэвч агуулгын хувьд энэ хоёр нь тусдаа явагддаг. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харуулахыг зорьдог байхад терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог.

Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох нь маргаангүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ гэнэт буцаад гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр юм.

Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ их байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого, хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ байхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force) юм. Энэ байгууллагыг 1989 онд “Их найм” гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсууд үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү байгууллага нь НҮБ-ийн конвенцууд, тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэй. Манай улс энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэсэн зөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ зөвлөмж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримтлбал зохих наад захын шаардлага, стандартуудыг тодорхойлж өгсөн юм. Мөн энэ байгууллагын гишүүн орнууд нь харилцан бие биедээ стандартыг хэрхэн хангаж байгаад нь үнэлгээ хийж байдаг. Үүний зэрэгцээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх шинэ арга хэлбэрүүдийг судлан гишүүн орнууддаа танилцуулан энэ шинэ арга хэлбэрийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж байдаг.

40+9 зөвлөмж улс орнуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг юуны өмнө гэмт хэрэгт тооцох шаардлагыг тавьдаг. Мөн түүнчлэн, энэ зөвлөмжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөх, шалгах, хууль бус гүйлгээ, орлогыг түдгэлзүүлэх, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлаар мэргэшсэн, төв байгууллагатай болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг банк, санхүүгийн байгууллагаар авахуулах, сэжиг бүхий гүйлгээний талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх зэрэг цогц арга хэмжээ бүхий тогтолцоог бүрдүүлэхийг улс орнуудад зөвлөдөг.

ФАТФ-ын гишүүн орнууд олон улсын стандартыг үл тоосон, хэрэгжүүлээгүй улс орнуудыг тусгай хар жагсаалтад оруулдаг. Жагсаалтад орсон улстай санхүү, эдийн засгийн ямар нэгэн харилцаа тогтоохгүй байхыг ФАТФ уриалдаг.

Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 29 -нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА) Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн болон 20 сая төгрөг/түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээний талаар СМА-д мэдэгдэх үүрэгтэй.

СМА-нь:

  • 1. Мэдээллийг хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх
  • 2. Төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, эргэж мэдээлэх
  • 3. Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хянах аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах
  • 4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллах
  • 5. Гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах чиг үүрэгтэй байгууллага юм.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо, сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар гэмт этгээдүүд манай санхүүгийн байгууллагуудын нэр хүндийг олон улсын тавцанд унагахаас урьдчилан сэргийлж, шударгаар бизнес эрхлэгчдийг хамгаалж чадах болно.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.