Монголбанк

Буцах

2. Төв банкны үндсэн зорилго бусад зорилготой зөрчилдөх ёсгүй


Мөнгөний бодлогод төсвийн хүрээний асуудлууд зонхилох учиргүй, Засгийн газар шаардлагатай хөрөнгөө Төв банкнаас бус зах зээлээс төвлөрүүлэх ёстой. Өнөөгийн макро эдийн засгийн таатай орчинд энэхүү зөрчил үүсэхгүй байгаа боловч Засгийн газрын төсөв санхүү муудсан тохиолдолд байдал эсрэгээр эргэж болзошгүй. Сүүлийн жилүүдэд экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнэ өндөр байгаа тул Засгийн газрын төсөв ашигтай гарч байгаа билээ. Харин худалдааны нөхцөл муудвал Засгийн газар Монголбанкнаас санхүүжилт авах нөхцөл боломжийг хаасан байх шаардлагатай. Төв банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт “Тухайн санхүүгийн жилийн түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан нь инфляцийг онилох бодлогод шилжсэн улс орнуудын Засгийн газарт олгох зээлийн дээд хязгаартай харьцуулахад хэт өндөр байна. Иймээс Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулан 10 хувийг бууруулах буюу эсвэл Засгийн газарт зээл олгохтой холбоотой уг заалтыг бүрмөсөн хүчингүй болгох шаардлагатай. Инфляцитай үед төсвийн алдагдлыг Төв банк нь санхүүжүүлж байсан буюу санхүүгийн захаас санхүүжүүлэх боломжгүй орнуудын хувьд төсвийн алдагдал бага байх нь шилжилт хийх зайлшгүй нөхцөл юм.

Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр гаргалт нь ашигт ажиллагааны түвшнээс ангид байх ёстой. Өнөөдрийн байдлаар Төв банкны ашиг, алдагдал мөнгөний бодлогод нөлөөлсөн хэвээр байна. ТБҮЦ-ны хүүг шинэчлэх үед хүүний зардлыг харгалзан үздэг нь төсвийн асуудал мөнгөний бодлогод зонхилж буйн нэг хэлбэр юм. Энэхүү болгоомжлол нь инфляцийг барих бодлогын үр дүнд Төв банк алдагдалд орлоо гэхэд дахин хөрөнгөжүүлэлтийн зардлын асуудалтай холбоотой юм. Мөнгөний бодлоготой зэрэгцэн ашиг алдагдлын асуудал хөндөгдөж байсан цагт Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлогыг нэвтрүүлэхэд бэлэн биш байх болно.

Инфляцийг анхдагч зорилго болгох хэмжээнд гадаад тэнцэл хангагдсан байх шаардлагатай. Улс орны гадаад тэнцэл тогтвортой байх нь гадаад валютын захаар дамжин инфляцийн зорилгыг хангахад мөнгөний бодлогод эерэг нөлөөг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар гадаад тэнцэл харьцангуй сайн байгаа боловч худалдааны нөхцөл муудсан тохиолдолд энэ тэнцэл алдагдаж болзошгүй. Хэдийгээр гадаад тэнцэл нь инфляцийг онилох бодлогод шилжих цаг хугацааг тодорхойлогч хүчин зүйл биш боловч хөгжиж буй ихэнх улс орнууд үүнийг хийж гүйцэтгэсэн байдаг. Монгол улс гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай, долларжилт ихтэй тул валютын ханш нэг хэсэгтээ л маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Хөгжингүй орнууд инфляцийг онилох бодлогыг валютын ханшны бүрэн уян хатан орчинд нэвтрүүлсэн ажээ. Шинээр инфляцийг онилогч улс орнууд валютын ханшинд онцгой анхааран ирсэн бөгөөд энэ нь заримдаа инфляцийг онилох бодлоготой зөрчилдөж байсан удаатай ажээ. Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлогод албан ёсоор шилжихийн өмнө валютын ханшны гүйцэгтгэх үүргийн талаархи ойлголтыг нэг мөр болгосон байх учиртай.

Инфляцийг онилох мөнгөний бодлогыг нэвтрүүлэх үед инфляцийн түвшин хангалттай бага байх ёстой (хөгжингүй орнууд 1.9-7.0 хувь, харин хөгжиж буй орнууд 1.7-9.9 хувьтай байв). Сүүлийн жилүүдийн инфляци буурах хандлагатай байгаа боловч савалгаа ихтэй байгаа нь нийлүүлэлтийн хүчин зүйлсийн ач холбогдлыг илтгэх бөгөөд энэ нь инфляцийг онилох бодлогыг нэвтрүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй. Инфляцийн савалгаа 2-оос 12 хувийн хооронд байсан нь хөгжиж буй зарим улс орны шилжилтийн өмнөх үзүүлэлттэй адил түвшинд байгаа ч нийлүүлэлттэй холбоотой хүчин зүйлсийг зайлшгүй анхаарах ёстойг харуулж байна. Үнэхээр Монгол улсын хэрэглээний үнийн индексийн сагсанд хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин 40 гаруй хувь байгаа нь мөнгөний бодлогоор инфляцид нөлөөлөх боломжийг эрс бууруулж байна. Хүнсний бүтээгдэхүүн ХҮИ-ийн сагсанд өндөр жин эзэлж байгаа нь хүүний бодлогын үр ашгийг мэдэгдэхүйц бууруулах юм. Хүнсний өндөр жин болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь инфляцийг найдвартай таамаглах бололцоог олгохооргүй байна. Хүчтэй нийлүүлэлтийн шоконд өртөмтгий оронд инфляцийг онилох мөнгөний бодлого хэр тохиромжтой талаар эрдэмтдийн санал бодол зөрүүтэй ажээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.