Монголбанк

Буцах

“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай

Огноо: 2020/11/18

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан.

Тус хуулийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн зохицуулалтыг түүний үндэслэл, зорилгыг харгалзан Иргэний хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцтэйгээр дараах байдлаар мөрдөнө.

  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. Энэ нөхцөлд тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын холбогдох тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байх шаардлагатай.
  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу олон улсын гэрээгээр өөрөөр зохицуулагдсан гадаад валютын гүйлгээг гадаад валютаар хангуулж болно.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хийгдэж буй гадаад төлбөр тооцооны харилцаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох гадаад төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэж болно. Ингэхдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг” гэж заасныг анхаарна уу.
  • Иргэн, хуулийн этгээд өөрийн данс хооронд гүйлгээ хийх нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэх хүрээнд үл хамаарах тул холбогдох гүйлгээг гадаад валютаар хийж болно.

Иймд дээр дурдсанаас бусад иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх бараа, ажил, үйлчилгээний мөнгөн төлбөрийн үүргийг хүлээн авах данс нь гадаад валютын данс байх тохиолдолд валютын хөрвүүлэлт хийж, гүйлгээг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэнэ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.