Монголбанк

Буцах

О.Эрдэмбилэг: Бодлогын хувьд тууштай явсны үр дүнд сорилт ихтэй жилийг амжилттай даван тууллаа

Огноо: 2018/01/04

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй ярилцлаа.  

2017 он эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, өсөлтийн эхлэлийг тавьсан жил боллоо гэж албаны хүмүүс дүгнэж байгаа. Монголбанк ч бас үүнтэй санал нийлэх байх. Гэвч цаашдаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулахын тулд бодлогын шинэчлэл, реформуудаа тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байна. Цаашдаа эдийн засгийг тогтвортой өсгөхөд Төв банкны бодлого ч бас чухал нөлөөтэй гэдэг нь тодорхой. Тэгэхээр 2018 онд олон нийт, Монголын нийгэм, эдийн засаг Төв банкны бодлогоос юу хүлээж болох вэ?

Бодлогын хувьд зорилготой, тууштай явсны үр дүнд сорилт ихтэй жилийг амжилттай үдэж 2018 оны гарааг сайн тавьж өглөө. Мөн 2017 оны хувьд зөвхөн тулгамдсан асуудлуудыг шийдээд зогсохгүй дунд, урт хугаацаандаа үр нөлөөгөө өгөх бүтцийн шинж чанартай бодлогын арга хэмжээнүүдийг авснаараа онцлогтой жил боллоо. Цаашдаа тодорхойлсон бодлогын чиглэлээ өөрчлөхгүй харин зорилго, зорилтоо өндрөөр тавьж хэрэгжилтийг хангаж ажиллана даа. Үүнд, мэдээж хэрэг мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, шаардлага үүсвэл дахин хөрөнгөжүүлэх зэрэг эдийн засгаа тогтвортой өсгөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар, төлөвлөгөөнийхөө дагуу цогцоор нь чанартай хийх ажил орно. Хөрөнгө оруулагч нар, олон улсын байгууллагууд гээд түншлэгч нарын маань хүсч байгаа зүйл бол энэ.

Ямар хүнд жил байсныг илтгэх нэг зүйл та бүхэнд хэлье л дээ. Өнгөрсөн онд гадаад зэх зээл дээрээс босгосон мөнгөний хоёр хэлцлийг “Файнэнс Эйжа” сэтгүүлээс Монголын Шилдэг хэлцлээр тодруулсан байгаа. Мөн Азийн Шилдэг мөнгө босголтоор шалгарсан байгаа. Хоёр шагнал авсан. Олон шалгууртай юм билээ. Нэг шалгуур нь юу вэ гэхээр энэ гадаад зах зээл дээрээс босгосон мөнгө ямар асуудлыг, ямар хүндрэлийг шийдэж чадсан юм бэ гэсэн асуултад хариулт нэхдэг юм билээ. Тэгэхээр “Энэ мөнгө босголт нь эдийн засгийн хамгийн хүнд нөхцөл байдлаас гаргаж чадсан мөнгө босголт байна аа” гээд хамгийн шилдэг хэлцлээр шалгарсан гэсэн үг. Монголбанкны зүгээс Засгийн газартаа маш хүнд хэцүү үеийг туулахад нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж чадсан. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна.     

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч банкны хяналт шалгалт, банкны секторын бодлогын асуудлуудаа хариуцдаг. Тэгэхээр та өнөөгийн Монгол Улсын банкны системийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ? 2018 он банкны секторт шинэчлэлийн жил болно гэх хүлээлт байна. Энэхүү шинэчлэл юунаас, хэрхэн эхлэх бол?   

Банк, санхүүгийн систем нь санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэдгийн хувьд бодит салбарын нөхцөл байдлыг илэрхийлж, хамааралтай оршдог. Нэг ёсны толины тусгалтай адилтгаж болох юм даа. Банкны салбарын өнөөгийн байдлын хувьд эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа уул уурхай, барилгын салбарт банкуудаас олгосон зээлийн эргэн төлөлт удааширч, чанар муудсан дүр зураг ажиглагдаж байгаа. Тэгэхээр банкууд ийм эрсдэлээс хамгаалах хангалттай хэмжээний нөөц хөрөнгө, эрсдэлийн удирдлагын оновчтой аргачлалыг нэвтрүүлсэн, бэлтгэл сайтай байх шаардлагатай байгаа юм.

Монголбанкнаас банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөөр банкны салбарт түгээмэл мөрдөгддөг нийт 11 хуулинд онцгой шаардлагатай нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга боловсруулахаас гадна шинээр зохицуулах шаардлагатай харилцааг хуульчлах ажил бас хийгдэж байна. Түүнчлэн ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа банкны бүтцийн өөрчлөлт, тогтворжуулалтын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлнэ.  

Банкны шинэчлэл гэхээр одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “Банкны тухай хууль” болон Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн төслүүдийн талаар ярихгүй байж болохгүй байх. Хуулийн төслүүдийн гол концепцийг та тайлбарлахгүй юу? 

Банкны үйл ажиллагааг зохицуулж байгаа гол хуулиуд бол энэ хоёр хууль мөн. Төв банк /Монголбанк/-ны хуулинд оруулахаар боловсруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн төслийг багцлах юм бол зарчмын гурван зүйл байгаа юм. Нэгдүгээрт, Төв банкны мандат, хоёрдугаарт, Төв банкны засаглал, гуравдугаарт, Засгийн газартай харилцах харилцааг илүү нарийвчлан тусгасан бөгөөд бодлогын шийдвэр гаргахад нөлөөлдөг асуудлуудыг хөндсөнөөрөө онцлог гэж ойлгож болно. Тухайлбал, Монголбанкны үндсэн зорилтыг одоогийн хуульд заасан хоёрдмол утгатай байгаа тодорхойгүй байдлыг арилгаж ойлгомжтой байдлаар томьёолсон, Улсын Их Хурлаас томилогддог Мөнгөний бодлогын хороог бий болгож хамтын шийдвэр гаргадаг тэр процесс руу шилжихээр тусгасан байгаа.

Банкны тухай хуульд орж буй өөрчлөлтийн хувьд хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд банкны салбартай холбоотой хүндрэлийг шийдвэрлэхэд төрөөс гаргасан зардлыг ирээдүйд гаргахгүй байх, гарвал багаар гаргах тэр зохицуулалтуудыг оруулж өгсөн, хоёрдугаарт, банкуудад хийгддэг хяналт, шалгалтын үйл явцыг илүү тодорхой, ойлгомжтой болгож өгснөөрөө онцлог гэж хэлж болно. За тэгээд мэдээж хэрэг эдгээр шаардлагын хүрээнд дагаж өөрчлөгдөх ёстой зүйл, заалтуудад өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, банкуудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг засаглалын нийтлэг зарчимтай нийцүүлэн тусгасан байх жишээтэй.  

Банкны хуулиар Монголбанкны хяналт шалгалтыг урьдчилсан байдлаар мөн явцын тайлан, үнэлгээнд суурилж, тухай бүрт нь арга хэмжээ авах эрхтэй байхаар зохицуулж байгаа. Ингэснээр хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгийг хамгаалахад Төв банкны үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгч байгаа. Гэхдээ үүний нөгөө талд Төв банк эрх мэдлээ хэт их тэллээ гэх шүүмжлэл бас өрнөж байх шиг байна? 

-Тантай санал нэг байна. Тийм зорилго агуулсан. Хуулийн төсөлд Монголбанкнаас авах арга хэмжээтэй холбоотой оруулсан зохицуулалтууд бол олон улсын болоод Монгол Улсад учирч байсан банкны салбарын хямрал, томоохон банкуудыг татан буулгахтай холбоотой татвар төлөгчдийн мөнгөөр гарсан ихээхэн хэмжээний зардлыг дахин гаргахгүй байх, системийн тогтвортой байдлыг тогтмол хангаж, эрсдэл нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн төдийд яаралтай арга хэмжээ авах боломжтой байхаар зохицуулахаар тусгасан гэсэн үг. Харин тэр нэмэгдэж байгаа эрх мэдэлтэй холбоотойгоор хязгаарлалтууд орж өгсөн. Хариу үйлдэлтэй функц байх ёстой гэдгийг бид ойлгож байгаа. Шийдвэр гаргах процесс, давхар хяналт, банкны хяналт, шалгалтын хороогоор хэлэлцэж, шийдвэр гаргах зарчим гээд өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн. Нөгөө талдаа банкны зүгээс үндэслэлгүй гэж үзсэн Монголбанкны аливаа шийдвэрийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн дагуу гомдол гарган тухай бүр шийдвэрлүүлээд явах эрх нь бас байгааг хэлэх нь зүйтэй байх.  

Банк бол цэвэр итгэлцэл дээр тогтдог харилцаа. Энэ утгаараа хэдхэн эздийн эрх мэдлээр бус харилцагчдын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаанд чиглэсэн байж болох уу?

Үнэн. Энэ нь нэг талаас банкны зүгээс хийх сонголтын асуудал. Банкийг цөөн хүмүүс эзэмших үү эсвэл хувь эзэмшлээ тэлж олон нийтэд нээлттэй хүргэх үү гэсэн шийдвэрүүд тухайн банкны бизнес загвар, үйл ажиллагааны онцлог, цар хүрээ болон цаашид урт хугацаанд хэрэгжүүлэх стратегиас хамаарна. Шинээр өргөн баригдсан “Банкны тухай хууль”-ийн төсөлд хүндрэлд орсон банкны хувь эзэмшлийг олон улсад түгээмэл мөрдөгддөг практикийн дагуу томоохон харилцагчдад шилжүүлэх сонголттой байхаар тусгасан байгаа. Түүнээс гадна “Дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үеэр энэ сэдвийг хөндөж олон талаас нь, янз бүрийн түвшинд ярилцана гэж бодож байна.      

Чанаргүй зээлийн асуудлаар дараагийн сэдвээ үргэлжлүүлье. Чанаргүй зээлийг бууруулахын тулд богино хугацааны арга хэмжээний эхлэл болгож банкны активын чанарын үнэлгээг хийж дуусгалаа шүү дээ. Ямар дүгнэлт гарсан бэ?

Банкуудын актив хөрөнгийн чанарын үнэлгээний эцсийн үр дүн хараахан гарах болоогүй байгаа. Хөтөлбөрөөр тохирсон төлөвлөгөөний дагуу дөнгөж эхний арга хэмжээнүүд авагдаад явж байна. Та нар мэдэж байгаа шүү дээ, анхны үнэлгээ 2016 оны тайлан баланс дээр хийгдсэн гэж. Дараа нь 2017 оны 3 дугаар улирлаар тохируулга хийгдсэн. Одоо банкууд ирэх 3 жилийн бизнес төлөвлөгөөгөө гаргаж өгөхөөр ажиллаж байгаа. Тэр төлөвлөгөөн дээр стресс-тест хийгдэнэ. Тэрнээс өмнө стресс-тестийн суурь үзүүлэлтүүд дээрээ ОУВС-тай тохиролцох ёстой байгаа. Тэр бүгдийн дараа банкуудад хэрвээ өөрийн хөрөнгийн дутагдал үүсэхээр байвал хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх, эсвэл шинэ хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх хугацаа өгнө. Тэр хугацаа одоогийн байдлаар ОУВС-тай тохирсноор бол 2018 оны 11 дүгээр сарын сүүл хүртэл өгөгдөхөөр байгаа. Би бол хувьдаа дэндүү богино хугацаа байна гэж үзэж байгаа. Тэрийгээ ч ОУВС-ийнханд хэлсэн. Энэ сарын сүүлээр ирэх ОУВС-ийн ажлын хэсгийн багийнхан тэр талаар ярилцана гээд бэлтгэлтэй ирж байгаа. Тодорхой болгох шаардлагатай зүйлс нэгээр тогтохгүй байна. Тийм болохоор ийм тийм гээд ямар нэгэн дүгнэлт өгөх бол эрт байна.

“Актив удирдлагын компаний тухай хууль”-ийн төсөл боловсруулсан шүү дээ. Энэ хуулийн төслөөр төр чанаргүй зээлийг авах тухай тусгасан нь хэр оновчтой шийдэл вэ?

Олон улсад янз бүрийн туршлага байна. Өмчлөлийн хэлбэрээс шалтгаалаад үр дүн нь бас өөр өөр байх жишээтэй. Бидний зүгээс урт хугацаанд үр дүнтэй, ашигтай ажиллах тэр хэлбэрийг эрэлхийлж байгаа. Энэ талаар ОУВС-гийн мэргэжилтнүүдтэй бас яриа хэлэлцээ хийгээд явж байна. Эхний ээлжинд санхүүгийн салбарт үүсэх хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нэгдсэн бодлого хэрэгжүүлэгч байгууллага нь зохицуулаад явах нь хүндрэлээс сэргийлээд зогсохгүй, боломжит зардлын хэмжээг бууруулж, эдийн засгийн салбараа ч дэмжих нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Зээлийн эрсдэлийн түвшинг салбарын шинэчлэлийн хүрээнд хэрхэн сайжруулахаар зорьж байна вэ?

Түрүүн хэлсэн Актив удирдлагын компаний үйл ажиллагааг зохицуулахаас эхлээд шинэ Банкны тухай хуулийн төсөлд зээлийн эрсдэлийн түвшинд банкуудад тавигдах хязгаарлалтын хүрээг өргөтгөж, зээлийн ангилал, эрсдэлийн сан байгуулахад тавигдах шаардлагуудыг илүү уян хатан, эрсдэлд суурилсан шинж чанартай байдлаар тусгасан байгаа.

Ярилцлагынхаа төгсгөлд сонирхоход манай улсын банк санхүүгийн салбарын тогтвортой найдвартай ажиллагааны төлөө Монголбанкнаас авч хэрэгжүүлэх  бодлогын арга хэмжээнүүд олон улсын стандартаас илүүтэй өөрийн орны эдийн засгийн онцлог, нөхцөл байдалтай хэрхэн уялдахаар байгаа вэ?

Аль аль нь чухал. Бидний зүгээс аливаа бодлогын арга хэмжээг боловсруулах, гүйцэтгэхэд тухайн шийдвэр шууд нөлөөлөхөөр байгаа бүлгүүдийн санал бодлыг байнга сонсч хүлээн авахыг чухалчлан үзэж байгаа. Тиймээс олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг Монголын санхүүгийн салбарын онцлогт хэрхэн нийцүүлэх, хоорондын ялгааг нь  бууруулах талаас бодлогын байр сууриа чиглүүлэх нь зүйтэй байгаа учраас бидний зүгээс онцгой анхааран ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.