Монголбанк

Буцах

Н.Баяртсайхан: Үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлдээ тогтвортой байна гэж дүгнэсэн

Огноо: 2018/02/26

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай банкны активын чанарын үнэлгээний дүн гарсантай холбогдуулж ярилцлаа.  

-Юуны өмнө танаас активын чанарын үнэлгээ хийх болсон шалтгааныг тодруулмаар байна?

-Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран ОУВС-тай амаргүй хэлэлцээр хийж байж 2017 оны 5 дугаар сард гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар тохиролцсоныг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэхүү хэлэлцээрийн явцад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хэрхэн сэргээх, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэх, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээний талаар нухацтай ярилцаж байлаа. Энэхүү яриа хэлэлцээний хүрээнд банк санхүүгийн салбарын нөхцөл байдал, уг салбарын тулгамдаж байгаа асуудлууд гарцаагүй хөндөх сэдэв байсан.

ОУВС-ийнхан банкны салбарын хэвийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд маш чухал хүчин зүйл гэж үзэж байсан, Монголбанк ч тэдний нэгэн адил банкны эрүүл тогтолцоо нь эдийн засгийг эрүүлжүүлэх гол үндэс суурь нь болно гэдэгт санал нэгдэж байв. Иймд арилжааны банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой эсэхийг үнэлж, зээлийн тасалдлыг арилгах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс Монголбанк ОУВС-тай хамтран бүх арилжааны банкинд активын чанарын үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх шийдвэрт хүрсэн юм. Хэдийгээр Монголбанк арилжааны банкуудад тогтмол хяналт тавьж банкуудын төлбөрийн чадвар, зохистой харьцаа болон зээл, активын чанарыг үндсэндээ сайн мэдэж байсан боловч гадаадын хөрөнгө оруулагчдад болон олон улсын үнэлгээний байгууллагуудад үнэлгээний үр дүнг итгэл үнэмшилтэйгээр баталгаажуулах зорилгоор хөндлөнгийн бөгөөд гадаадын байгууллагаар хийлгэх нь зохимжтой гэж үзсэн. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад шалгалт хийлгэсэн нь шинэ үзэгдэл биш, өмнө нь хийж л байсан үйл ажиллагаа. Тухайлбал, 2009 оны “stand-by” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед ч банкуудад хөндлөнгийн аудитын байгууллага шалгалт хийж байсан удаатай.

-Активын чанарын үнэлгээ гэсэн мэргэшлийн нэр одоо бол олон нийтэд хоногшоод байгаа. Гэхдээ энэ үнэлгээг хийхийн ач холбогдол юунд оршиж байгааг тодорхой тайлбарлуулмаар байна.

-Активын чанарын үнэлгээг энгийн үгээр тайлбарлавал банкуудын олгосон зээл, худалдан авсан үнэт цаас болон тайлан тэнцэл дэх актив талд нь бүртгэлтэй байгаа бусад хөрөнгийг үнэлэх үйл ажиллагааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж болон бусад хэлбэрээр татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг хэрхэн зарцуулж, энэ нь үр ашигтай байгаа эсэх, олгосон зээл нь найдвартай эргэн төлөгдөх эсэхийг шалгаж, дүн шинжилгээ хийхийг активын чанарын үнэлгээ гэж маш ерөнхийд нь хэлж болно. Банкууд үр ашиггүй, алдагдал бий болгож, болзошгүй эрсдэлтэй активт иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжийг байршуулсан байвал нэг талаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ буцаан төлөхөд хүндрэлтэй байх болно, нөгөө талаас түрүүний миний хэлсэн санхүүгийн зуучлагчийн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж дүгнэхэд хүрнэ. Тийм болохоор банкуудад актив хөрөнгийн үнэлгээ гэхээс илүүтэйгээр цаад утгаараа улс орноороо бүтээсэн, иргэдийн хуримтлуулсан хөрөнгийг арилжааны банкууд хэрхэн зөв хөрөнгө оруулалтад байршуулж, зээлдэгчээ зөв таньж мөнгөний урсгалыг эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөлд оруулж, чиглүүлж чадаж байгаа эсэхийг тодорхойлно.

-Та активын чанарын үнэлгээ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэж хэллээ. Харин Монгол Улсын банкны салбарт, ард иргэдэд ямар ач холбогдолтой байх вэ?

-Бид бүгд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ямар нөлөөтэй байдгийг маш сайн ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт огцом буурч, энэ нь олон сөрөг үр дагаврыг бий болгосон. Төлбөрийн тэнцлийг алдагдалд оруулж, гадаад валютын улсын нөөцийг багасгасан юм. Энэ нь төгрөгийн ханш унахад нөлөөлсөн байдаг. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс дефолт болох аюулаас сэргийлж чадсан, гадаад валютын албан нөөцөө 3 тэрбум ам.долларт хүргэлээ, ханшаа тогтворжуулж авлаа. Гэвч одоогийн нөхцөл байдал бат бөх, найдвартай биш байна. Бид гадны хөрөнгө оруулалтыг улам их нэмэгдүүлэх хэрэгтэй, нөөцөө улам их өсгөх шаардлагатай, 3-5 жилийн дараа бондуудын эргэн төлөлтийн асуудал дахин босч ирнэ. Үүнд гаднын хөрөнгө оруулагчид Монголын арилжааны банкуудаар дамжуулан хөрөнгө оруулахад манай банкууд найдвартай, эрсдэл багатай, үйл ажиллагаа нь хэвийн байгаа гэх итгэл үнэмшлийн үндэс нь хөндлөнгийн, гадаадын нэр хүнд бүхий аудитын байгууллагын үнэлгээ болох юм.

-Активын чанарын үнэлгээ хийгдэж дууслаа гэж өнгөрсөн долоо хоногт Монголбанк мэдэгдсэн. Хөндлөнгийн аудитын компанийн гаргасан үнэлгээний үр дүнг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлдээ тогтвортой байна гэж дүгнэлээ. Үүнийг Монголбанк активын чанарын үнэлгээний талаарх мэдэгдэлд тодорхой дурдсан. Банкууд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг хангахад ДНБ-ий 2 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө нэмж бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ нь Монголбанкны тооцож байсан хэмжээтэй ойролцоо дүн юм. Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний үнэ нэмэгдсэн, өнгөрсөн жилийн ДНБ тав орчим хувиар өслөө, цаашид эдийн засаг бүхэлдээ сэргэж байгаа нөхцөлд банкуудын хувьд өөрийн үйл ажиллагаагаар нөхөж чадна гэж үзэж байна.

Монголбанк банкуудыг өөрийн хөрөнгийн хүрэлцээг өнөөгийн эдийн засгийн нөхцөлд  өөрийн нөөц бололцоогоор нэмэгдүүлэх чадвартай гэж үзэж байгаа хэдий ч, санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах зорилгоор системд нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг Засгийн газартай хамтран боловсруулж УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Энэ хуулийн үндсэн санаа, үзэл баримтлал нь нэгдүгээрт, арилжааны банкуудыг гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох хөшүүргийг бий болгох, хоёрдугаарт, банкны салбарын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шаардлагатай тохиолдолд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх харилцааг зохицуулахад орших юм.  Иймд банкны салбарын хэвийн үйл ажиллагаа нь найдвартай байх нөхцөл, боломжийг Монголбанкны зүгээс бүрдүүлээд ажиллаж байна. Иргэд, банкны харилцагч нар санаа зовохгүй, тайван байж болно.

Арилжааны банкуудын активыг үнэлснээс гадна зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн нь Европын орнуудад хийсэн үнэлгээнүүдээс онцлог байв. Банкуудын зээлийн багцыг дөрвөн төрөлд буюу байгууллагын, жижиг дунд үйлдвэрлэлийн, ипотекийн болон жижиглэнгийн зэрэг зээлийн онцлог, эрсдэлийг үндэслэн ангилал хийсэн. Аж ахуйн нэгжүүдийн зээл нь эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг тул активын чанарын үнэлгээний хүрээнд нийт байгууллагын зээлийн 91 хувь нь түүвэрт хамрагдаж нэг бүрчлэн шалгуулсан нь үнэлгээний үр дүн бодитой гарсан гэдэгт эргэлзэх зүйлгүйг харуулна. 

-Активын чанарын үнэлгээний үр дүнг үндэслэн цаашид Монголбанк ямар үйл ажиллагаа явуулах вэ? Таны хувьд банк санхүүгийн салбарын хөгжилд бодлогын ямар ямар шийдвэр шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монголбанк активын чанарын үнэлгээг хийх компанийг тендерийн тухай хууль тогтоомжийн хүрээнд олон улсын хэвлэлээр зарлаж Чех улсад бүртгэлтэй PwC компанийг сонгон шалгаруулсныг өмнө нь мэдэгдсэн. PwC нь Европын орнуудад яг активын чанарын үнэлгээгээр хэд хэдэн оронд ажиллаж байсан туршлагатай компани юм. PwC компани арилжааны банкуудад хийсэн үнэлгээгээ Европын Төв банкны 2014 онд гаргасан аргачлалаар хийсэн. Уг аргачлалаар Монголд хийсэн үнэлгээ нь Ази тивдээ анх удаагийнх байсан гэж энд онцолж хэлэх нь зүйтэй байх. Аливаа шинэ зүйл, шинэчлэл нь эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Гэхдээ урагшлахыг хүсэж л байгаа бол бэрхшээл саадыг даван гарах учиртай. Үнэлгээний үйл ажиллагаа ямар ч хүндрэлгүй, хэвийн болсон гэж бодохгүй байна. Хэдийгээр урьд өмнө хэрэглэж байгаагүй, Европын орнуудад ашигладаг стандартыг Монголын нөхцөл байдалд нийцүүлж үнэлгээ хийсэн боловч зарим нэг сайжруулах зүйл арилжааны банкуудын хувьд гарсан. Бид харин үүнийг муу зүйл гэж үзэхгүй байна. Активын чанарын үнэлгээ хийж банкны системийн хэмжээнд төлбөрийн чадвар нь тогтвортой байна гэсэн дүгнэлт гарсан хэдий ч цаашид банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах ажлыг хийх шаардлагатай. Түүнчлэн барьцаа хөрөнгийн үнэлгээ, стандарт, үнэлгээчдийн лицензийн асуудал, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх гэх мэт ажлыг ойрын хугацаанд хийх нь зүйтэй гэж бодож байна. Иймд Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтран банкны салбартай холбоотой зохицуулалтуудыг олон улсын стандартад улам ойртуулж нийцүүлэх, шинээр нэвтрүүлэх, шинэчлэх ажлаа эрчимжүүлэх болно.

-Та Монголын арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээ нь Ази тивдээ анх удаагийнх, үнэлгээний явцад зарим нэг хүндрэл бэрхшээл гарч байсан гэж хэллээ. Үүнийгээ жаахан тодруулна уу?

-Активын чанарын үнэлгээг Монгол Улсад анх удаа хийсэн тул урьдчилан таамаглаагүй хүндрэл, бэрхшээлүүд мэдээж гарч байв. Тухайлбал, өмнө дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудал нь маш их цаг хугацаа шаардаж, активын чанарын үнэлгээг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжихааргүй нөхцөл байдал үүсч байлаа. Үүнийг арилжааны банкууд, барьцаа хөрөнгийн үнэлгээний байгууллагууд, PwC компани болон Монголбанкны хамтын хүчин чармайлтаар тодорхой алхам, шийдвэр гаргаж давж гарч чадсан юм. Ерөнхийдөө Европын Төв банкны аргачлалын дагуу хийсэн үнэлгээний ажлууд нь хоорондоо нягт холбоотой байдаг тул тухайн ажил бүрийг тодорхой үе шат, дарааллаар бүрэн хэрэгжүүлж дууссанаар дараагийн ажлыг эхлүүлдэг зарчимтай. Тухайлбал,  банкны зээлийн баримт бичгийн тайланд дүн шинжилгээ хийж дуусгаад зээлийг түүвэрлэх ажилд орох боломжтой. Иймд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон хугацаанд үнэлгээгээ хийж дуусгахын тулд Монголбанк, PwC компани болон ОУВС-тай  хамтран цаг хугацаа алдалгүйгээр тухай бүр шаардлагатай шийдвэр гарган үнэлгээний ажлаа амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

Энэ нь Монголбанкны хувьд ч, манай банкуудын хувьд ч маш том сургууль боллоо. Хичээлийг олон улсын туршлагатай байгууллагын багш нараар заалгалаа. Цаашид манай банкны салбар ямар ч орчин нөхцөлд дасан зохицож  уян хатан ажиллаж сурах цаг ирж байгааг ойлгож мэдэрлээ. Энэ бол олон улсын стандарт, шаардлагын дагуу орчин үеийн банк болон төлөвшиж ажиллаж амьдрах шинэ цаг үе эхэллээ гэсэн хэрэг юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.