Монголбанк

Буцах

Д.Ган-Очир: “Улаанбаатарын зөвшилцөл” хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавина

Огноо: 2018/04/13

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой ярилцлаа.

-Монголбанкнаас санаачлан “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн 8 зарчмыг санал болгоод байгаа. Энэ зөвшилцлийн гол ач холбогдол, хийх шаардлага юу байна вэ?

-Юун түрүүнд Монголын эдийн засгийн сүүлийн 27 жилийн түүхийг судлаад үзвэл ямар асуудлууд байсан бэ гэдэг нь тодорхой байгаа. Эхний асуудал нь эдийн засаг маань төрөлжөөгүй байна. Үүнээсээ болоод Монголын эдийн засаг түүхий эдийн үнэ, эрэлтийг дагасан үнийн хэлбэлзэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, биднээс үл хамаарах дэлхийн зах зээлийн өөрчлөлтүүд дотоод эдийн засагт хүндрэл, хэлбэлзлийг бий болгоод байна.

Хоёрдугаарт, улс төрийн тогтворгүй байдал. Монголын эдийн засагт юу болов гэдгийг эргээд харахад сүүлийн 27 жил буюу 1990 оноос хойш Ерөнхий сайдууд хоёр жил тутамд нэг удаа, Сангийн сайд нь тэрнээс тутахгүй тогтмол солигддог. Сүүлийн хэдэн жилийн Төв банкны Ерөнхийлөгч нар хуульд заасан зургаан жилээсээ бага хугацаанд албан үүргээ хашсан байдаг. Улс төрийн тогтворгүй байдал, түүнийг дагасан бодлогын тогтворгүй байдлаас болоод эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрч чадахгүй байна.

Гуравдугаарт, засаглал, институцийн асуудал. Энэ бол тогтсон зарчим хэм, хэмжээ юм. Хэн нэгэн хүнээс үл хамаараад бодлого хэвийн үргэлжлэх ёстой. Тийм байлгахын тулд хариуцлагын болон хяналтын мяханизмууд байх учиртай. Хүнд эрх өгч байгаа бол үүрэг өгөгдөнө. Үүргийн хэрэгжилт дээр нь хариуцлага оногдуулах, хяналт байх ёстой. Энэ зүйл Монголд асуудал болсон.

Тэгвэл байгалийн баялгийг ашиглаад эдийн засгийг хөгжилд хүрье гэж ярьдаг. Үүнд санхүүгийн томоохон хөрөнгө оруулалтууд, дэд бүтцийн асуудлууд чухал. Яагаад гэвэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд, гадагшаа гаргадаг байхын тулд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Эдгээрийг шийдэхийн тулд санхүүгийн систем чухал юм. Хүчтэй санхүүгийн системийг монголд бие болгохгүй бол дөрвөн жил тутамд эдийн засгийн хямрал болдог тэрийг дагаад банкууд нь хүнд байдалд ордог байж болохгүй.

Улс орнуудын эдийн засаг өсөөд баялаг бий болж байна гэдэг нь тогтвортой хөгжлийн зорилтууд буюу ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг багасгах зэрэг нийгмийн том зорилтууд руу чиглэх ёстой. Нийгмээрээ амьдралын баталгаа, орчин нөхцөл нь дээшлэх ёстой. Энэ асуудлуудад дэмжлэг үзүүлэхийн тулд хүртээмжтэй өсөлтийг дэлхий нийт ярьдаг. Үүнийг энгийнээр тодорхойлоход хүн болгон эдийн засгийн өсөлт бий болгоход хувь нэмрээ оруул. Нэгэнт хувь нэмрээ оруулж байгаа бол эдийн засагт орлого, баялаг бий болж эргээд цалин, орлогоороо дамжуулан авдаг байх тийм механизмыг хэлээд байгаа юм. Энэ зарчмын хүрээнд чанартай ажлын байруудыг бие болгох асуудал яригдана.

Сүүлийн үед Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувьд хүрсэн. Энэ түвшнээс доор байгаа хэсэгт төрийн орлогыг дахин хуваарилах үүргээ төр гүйцэтгэх ёстой. Тэгэхийн тулд нийгэмд олгож байгаа татаас, халамжийн бодлогууд нь тодорхой зорилтод бүлгүүдэд чиглэж байх. Зорилтод бүлэг, зорисон зорилгодоо нийцтэй байдлаар хэрэгжих ёстой. Хэт хавтгайруулах нь  нийгмийн хувьд үр ашиггүй зардлыг бий болгодог. Төсөв дээрээ эргээд ачаа болж өгдөг.

Энэ бүгдийг нэгтгээд Монголын эдийн засаг өнөөдөр юун дээр суурилаад байна, олон улсад үүнийг хэрхэн яаж шийдэж байсан гэдэг туршлагыг үндэслэн, бодлогын найман зарчмыг Монгол Улс дагаж мөрдөх ёстой гэдгийг томъёолж гаргаж ирсэн. Гол нь академик зорилгоор дэвшүүлсэн.

-Бодлогын жор буюу найман зарчим санал болгосон. Үүнд төр засгийн түвшинд болон хамтран хэрэгжүүлэх байгууллагуудад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ямар ажил хийж хэрэгжүүлэх ёстой вэ?

-Эхний ээлжид академик түвшинд эрдэмтэн, судлаачид, энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн байгууллагуудын түвшинд ойлгуулах ёстой. Эхний алхмаа бид хийсэн. Хэлэлцүүлэг хэлбэрээр явуулаад суурь зарчмуудаа танилцуулсан. Одоо бол төрийн бодлого боловсруулж байгаа байгууллагууд, олон нийтэд энэ зарчим яагаад чухал вэ гэдгийг тайлбарлан таниулах хэрэгтэй болно.

Тухайлбал, найман зарчимд орсон төсвийн сахилга бат гэсэн асуудал байна. Орлогогүй үедээ зардал нь хэтрээд өндөр явахаар зөрүүг нь өрөөр санхүүжүүлээд байна. Өрөөр санхүүжүүлнэ гэдэг нь хүүгийн төлбөр давхар төлөх болно. Өнөөгийн нөхцөлд Монголд бий болоод байгаа зүйл. Ийм зүйлд орохгүй байхын тулд төсвийн сахилга батыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх ёстой. Макро эдийн засгийн хямралд орохгүйн тулд төр засаг нь том салбаруудаа хөгжүүлэхийн тулд анхаарч ажиллах, санхүүгийн салбарын хувьд хүчирхэг байх ёстой гэсэн эдгээр зарчмын хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй болж байна. Тэгж байж дараагийн бодлогын томъёоллууд гарч ирэх үед энэ найман зарчмаас гажиж байгаа зүйлүүд дээр олон нийт болон эрдэмтэн мэргэд, судлаачид нь дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Бид бүхэн энэ найман зарчмаасаа гажиж болохгүй, бидэнд түүхийн сургамж бий, ийм бодлогоор явж болохгүй гэж хэлдэг болгох юм.

-Тэгэхээр төр засгийн түвшинд эсвэл Монголбанкнаас гаргах тушаал гэж ойлгож болохгүй юм байна. Бүх нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой хэм хэмжээ, суурь зарчим гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгж ойлгох нь илүү зүйтэй. Механикаар батлаад хэрэгжүүлдэг зүйл биш. Зөвшилцөлд хүрч байгаагийн хувьд авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бодлогууд нь найман зарчмаасаа гажихгүй нийцтэй, тухайн зорилтдоо хүрэхэд чиглэх ёстой. Дараа дараагийн бодлого тодорхойлогчид, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нь энэ найман зарчмаасаа гажихгүй, нийцтэй буюу зарчимдаа хүрэх өөр өөрийн арга замыг тодорхойлох юм. Тэр нь олон нийтэд бодит байдал дээр хэрэгжих боломжтой, амьдралд биелэлээ олох учиртай.

-Олон улсад хэрэгжиж байсан зөвшилцлүүдийг харахад ямар хугацаанд бодит үр дүнгээ өгч байсан бэ?

-Жишээлбэл, Вашингтоны зөвшилцөл гэж байна. Үүнийг ОУВС, Дэлхийн банк, Америкийн Засгийн газар зэрэг байгууллагууд Латин Америкийн орнуудын хямралын үед хөтөлбөр болгон хэрэгжүүлж, зөвлөмж болгон гаргасныгаа Вашингтон гэж нэрлэсэн. Тухайн үеийн Америкийн эдийн засагч Виллиамсон эдгээр бодлогын зөвлөмжүүдийг нэгтгэн гаргасан байдаг. Зарим судалгаанаас харахад Азийн хямралын үед тодорхой зарчмуудыг  хэрэгжүүлснээр үр дүнд хүрсэн байдаг. Гэтэл Латин Америкийн орнуудын хувьд бусад орнуудад үр дүнтэй байсан шиг үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй. Зарим талаараа сөрөг үр дагавартай байсан. Энэ бүх хугацааг нь аваад үзэхэд зөвшилцөл тодорхой үр дүнд хүрэхэд дунджаар 10 жилийн хугацаа хэрэгтэй юм билээ.

-Зөвшилцөлийн хүрээнд гарсан найман зарчим хэрхэн хэрэгжиж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ?

-Би бол олон нийт гэж хэлнэ. Гэхдээ, гудамжинд байгаа хэн нэгэн хүн гэхээсээ илүү тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой байх болов уу. Магадгүй энгийн түвшинд иргэд байж болно. Олон нийтийг төлөөлөн тэдний дундаас сонгогдсон хүмүүс болох улс төрийн зүтгэлтнүүд, тэдний намын мөрийн хөтөлбөр нь энэ найман зарчмаас гажихгүй байх, тууштай хэрэгжүүлэхэд чиглэсэн байгаа эсэхэд хяналт тавьж болно. Хоёрдугаарт үйл ажиллагаа буюу хэрэгжүүлж байгаа зүйл нь харш байгаад байвал мэргэжлийн хүмүүс нь  эерэг, сөрөг үр дагаваруудыг нь ялгаж, салгаж хэлж өгөх ёстой. Бүх шатандаа л хяналт байх ёстой юм уу даа. Төрийн байгууллагын залгамж халаа, санах ой гэдэг зүйл байх хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь энэ найман зарчим Монгол Улсад маш чухал гэдгийг ойлгож, бодлоготой харшлах, нийцгүй зүйлсийг гаргаж ирж дуу хоолойгоо нэгтгэх, хамгийн бодитой хэрэгжиж болох бодлогыг хувилбарууд дээр ярилцах ёстой байх.

Ярилцсанд баярлалаа.  

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.