Буцах

Компаниуд 1 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээний системд оролцох боломж бүрдэнэ

Огноо: 2018/06/05

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай Монголбанкинд “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ярилцлаа.

-Монголбанк төлбөрийн системийн шинэ систем нэвтрүүлэхээр боллоо гэж мэдээлсэн. Чухам ямар шинэчлэлт хийгдэх гэж байна вэ?

Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон шинэчлэлт нь одоо Монгол Улсад ашиглагдаж байгаа банк хоорондын 1 сая төгрөг хүртэлх гүйлгээний систем буюу бага дүнтэй төлбөрийн системийн чанарыг улс орнуудад сүүлийн үед  нэвтрүүлж байгаа стандарт руу шилжүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ системийг 100 гаруй төв банк амжилттай ашиглаж байна.  Өнгөрөгч пүрэв гарагт банк хоорондын бага дүнтэй төлбөрийн системийг сольж, автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлэхээр гүйцэтгэгч компанитай гарын үсэг зурлаа. Системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахын тулд олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулсан. Шалгаруулалтын үр дүнд Америкийн нэгдсэн улсын Монтран корпораци шалгарлаа. Монтран корпораци нь дэлхийн 17-н улсад АСН+ системийг амжилттай нэвтрүүлсэн, төлбөрийн системийн шийдэл хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниудын нэг. АСН+ систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

- Тэгэхээр энэ систем хэрэглэгчдэд ямар давуу байдлыг бий болгох юм бол?

ACH+ системийг нэвтрүүлсэнээр бага дүнтэй төлбөр тооцооны одоогийн үйл ажиллагаа алдагдахгүй бөгөөд өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгж, банк хоорондын кредит шилжүүлгийн төлбөр тооцоог 7 хоног 24 цагийн турш тасралтгүй, хурдан шуурхай, бодит цагийн горимоор буюу гүйлгээ хийгдсэн даруйд хүлээн авагчийн дансанд мөнгө нь орох үйл ажиллагаа хэвээр байна. Түүнийг улам сайжруулж байгаа хэрэг. Шинэ системийг нэвтрүүлсэнээр үндэсний төлбөрийн системд хэд хэдэн шинэчлэл, төлбөрийн үйлчилгээний боломж бүрдэнэ. Тухайлбал, юуны түрүүнд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний мэдээллийг санхүүгийн мэдээллийн олон улсын ISO20022 болон дансны нэгдсэн IBAN стандартын дагуу дамжуулж, боловсруулдаг болно гэдэг бол том давуу тал. Учир нь банкуудын дансны мэдээллийн давхардал арилж, Монгол Улсад ашиглах дансны мэдээлэл нэгдсэн нэг бүтэцтэй болно. Мөн гүйлгээний төрөл, мэдээллийн бүтэц илүү баялаг болох юм.  Дээр нь системд оролцогч нь нэг удаагийн гүйлгээгээр хэд ч бай хамаагүй олон зуун гүйлгээний мэдээллээ нэг дор багцлаад АСН+ системд дамжуулах, хүлээн авах боломжтой болно. Одоогийн систем гүйлгээг нэг нэгээр нь хүлээн авч, боловсруулж байгаа шүү дээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж байгаа багц төлбөр тооцоо нь системийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоно. Үүнээс гадна банк хооронд дебит шилжүүлгийн багц гүйлгээ дамжуулах боломж бүрдэнэ. Ингэснээр банк хоорондын гүйлгээний төрөл зүйл, төлбөрийн системийн үр ашигтай байдал нэмэгдэх юм.

 

-Янз бүрийн үйлчилгээний төлбөрийг цахимаар шийдэх шаардлага байдаг шүү дээ. Энэ төрлийн үйлчилгээг хөнгөвчилж, хялбаршуулах боломж байгаа болов уу?

Үүнийг шийдэх боломж бас бий. Эцсийн хэрэглэгч мобайл банк, интернет банкны үйлчилгээ ашиглан байрны төлбөр, гар утасны хэрэглээний төлбөр гэх мэт төлбөрөө шууд төлөх боломж бүрдэнэ. Тийм болохоор хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах механизмыг хэрэгжүүлж, санхүүгийн дэд бүтцийн суурь зарчмууд хангагдана. Бас тоон гарын үсгийн PKI системтэй холбогдож ажилласнаар АСН+ системээр дамжих хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжирна. Цаашид банкнаас бусад байгууллага, томоохон аж ахуй нэгж, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоог дамжуулах боломж бүрдэнэ.

-Тэгвэл одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем маань хэр найдвартай үйл ажиллагаатай юм бэ?

Дээр би хэлсэн одоогийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шинэ системийг нэвтрүүлэх давуу талтай. Техник технологи нь цаг үеээ дагаж улам боловсронгуй болж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэдэг болж байна шүү дээ. Гар утас байнга л шинэчлэгддэгтэй адил гэж ойлгох хэрэгтэй юм болов уу. Түүнтэй л адил. Одоо бидний ашиглаж байгаа бага дүнтэй төлбөрийн систем нь гүйлгээг 24 цагийн турш тасралтгүй дамжуулах горимтой. Мэдээж, цаг тухай бүрт нь шуурхай дамжуулдаг. Гэхдээ, одоогийн ашиглаж байгаа системийн сул тал нь төлбөрийн системийн оролцогчдыг эрсдэлээс хамгаалах механизм дутмаг, зөвхөн кредит шилжүүлгийн гүйлгээ дамжуулдаг. Мөн нийгмийн халамжийн хүүхдийн мөнгө эсвэл НӨАТ-ын буцаан олголт гэх мэт гүйлгээг дамжуулах үед системийн ачаалал ихсэх, үйл ажиллагаанд доголдол үүсэх зэрэг асуудлууд үүсдэг л дээ.

-Одоогоор манай улс төлбөрийн системд ашигдаж байгаа технологиуд болон гүйлгээний сүүлийн үеийн тоонуудаас ярилцлагын төгсгөлд сонирхуулна уу?

Бага дүнтэй төлбөрийн системээр кредит шилжүүлэг, интернэт банк, мобайл банкны төлбөр тооцоо, харин төлбөрийн картын системээр АТМ, ПОС, цахим худалдан авалт буюу e-commerce болон төрийн үйлчилгээний зарим төлбөр тооцоог бодит цагийн горимоор хийж байна.  2017 оны байдлаар нийт 30 сая ширхэг 3.9 их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ, 98 сая ширхэг 3.8 их наяд төгрөгийн картын гүйлгээ дамжсан бөгөөд системийн ачаалал ихтэй үед нэг минутад дунджаар 500 ширхэг гүйлгээ дамжиж байна.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.