Буцах

А.Энхжин: Өмнөх оноос 10 хувиар их алт авахаар зорьж байна

Огноо: 2018/07/20

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Монголбанк 2018 онд хэдэн тонн алт худалдан авахаар төлөвлөж байна вэ?

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны зургаадугаар сарын байдлаар 7,1 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 400 кг-аар илүү буюу 6%-иар өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 20,01 тн алт худалдан авсан бол  2018 онд Монголбанк худалдан авах алтныхаа хэмжээг өмнөх оноос 10-20 хувиар өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монголбанкны алт худалдан авах үйл ажиллагаа, ач холбогдлын талаар олон нийтийг мэдээллээр хангах, энэ чиглэлээр сургалт, сурталчилгааны олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 2018 оны 6-10 сарын хооронд зохион байгуулж байна.

Монголбанкны алт худалдан авалт нийт олборлосон алтыг бүрэн төвлөрүүлж чадаж байгаа эсэх дээр хэр судалгаатай ажилладаг юм бол?

Үнэт Металлын Сорьцын Хяналтын Газраас сар бүр алтны мэдээг Монголбанкинд ирүүлдэг. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ, сорьцлолтын мэдээний хоорондын зөрүү бага байдаг. Иймээс алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн дийлэнхи хувь нь олборлосон алтаа Төв банкинд худалдаж байгаа гэж үзэж болно. Энгийнээр харах юм бол 2017 оноос өмнө Монголбанкинд худалдсан алтны хэмжээ дунджаар 15-16 тн-д л хүрдэг байлаа шүү дээ. Харин өнгөрсөн жил энэ тоо 20 тн хүрснээс үзэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд алтны хууль бус худалдаа багассан байх магaдлалтайг харуулж байна.

Ялангуяа энэ аяны хүрээнд албан бус алтны арилжааг  бууруулахад хууль хяналтын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Албан бус алтны худалдаатай холбоотой хууль эрх зүйн орчны талаар та бүхэн ямар дүгнэлттэй явдаг юм бол?

Бид “Монгол Алт” аяны хүрээнд өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил, гаалиар хууль бусаар алт, үнэт эд металл гаргахаас урьдчилан сэргийлэх тухай семинар зохион байгуулсан. “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд дээрх ажлынхаа үргэлжлэл болгож иргэдийг энэ талын мэдээллээр илүү сайн хангах үүднээс мэдээлэл сурталчилгааны олон ажлыг хийж байна. Тухайлбал, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу явдаг гол замд Эрдэнэсийн санд алтаа худалдахыг уриалсан зурагт сурталчилгааны самбар байрлууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны алтны худалдан авалтын талаар тайлбар мэдээллийг тогтмол явуулж байна. Ирэх наймдугаар сард сургалт, өдөрлөгүүд  хийнэ гээд чамгүй ажлууд төлөвлөгдсөн байгаа. Гол нь алтны албан бус худалдан авалтыг бууруулахын тулд иргэдийг мэдээллээр хангах нь маш чухал юм байна гэдгийг өмнөх аяны үр дүн харуулсан. Иргэдэд өгч байгаа мэдээлэлд хил, гаалиар хууль бусаар алт нэвтрүүлсэн нөхцөлд алтыг улсын орлого болгодог, үүнээс гарах үр дагавар хохирлын талаар илүү сайн ойлгуулах нь чухал байна.  

Аяны хүрээнд эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа үлдээдэг байхад анхаарсан эрх зүйн ямар нэгэн шинэчлэлт хийгдэх үү?

Монголбанкнаас “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байна. Тухайлбал, Эрдэнэсийн санд худалдах үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк, сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр зөвхөн нэг байгууллага дээр үнэт металлын сорьцлолтын үйл ажиллагааг төвлөрүүлэхгүйгээр олон улсын түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр алтыг сорьцлуулах боломжтой болно. Үр дүнд нь  алт олборлогч байгууллага, иргэд цаг хугацаа хэмнэх, төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээг иргэддээ хүрсэн, бодитой болно гэж үзэж байгаа. Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтны ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон бууруулсан нь Эрдэнэсийн санд худалдах алтны хэмжээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Хуулийн энэхүү заалтыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар баталсан тул заалтын хэрэгжих хугацааг сунгах тухай саналаа Монголбанкнаас холбогдох яамдуудад хүргүүлээд байна. Энэхүү заалтын хэрэгжих хугацааг сунгах талаар аяны хүрээнд арга хэмжээ авч ажиллана. Үүнээс гадна алт үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор Монголбанкнаас авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар судалж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна.

Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа Алт 2 хөтөлбөрт Монголбанк хэрхэн хамтарч оролцож байгааг тодруулна уу.

Алт 2 хөтөлбөрийн зорилго нь алтны салбарын ойрын болон дунд хугацааны хөгжлийг хангах, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, алтны үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах, байгаль орчинд ээлтэй алт олборлох, боловсруулах дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг өсгөх, Монгол улсын эдийн засагт оруулах өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.  Алт 2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЗГХЭГ, УУХҮЯ, СЯ, БОАЖЯ, Монголбанк, орон нутгийн захиргаанд, ЦЕГ, Мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжихээс өмнөх онуудад алтны санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж байгаагүй бөгөөд 2017 онд алт олборлогч 10 аж ахуйн нэгжид 31,9 тэрбум төгрөгийн зээллэг олгогдож төслийн үйл ажиллагаа нь эхэлсэн. Алтны геологийн сэдэвчилсэн судалгааны ажлыг Монгол орны төв болон зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эхлүүлээд байна.

Нэгэнт манай улс алтны нөөц баялаг арвин орны хувьд цаашдаа цэвэршүүлэх үйлдвэр зайлшгүй шаардлагатай байх. Үүнийг шийдвэрлэх арга замыг хэрхэн төлөвлөж байна вэ?

Монголбанкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсан тохиолдолд алт цэвэршүүлэлтийн өртөг нь Монголбанкны одоогийн төлж буй зардлаас 3-4 дахин нэмэгдэхээр байгаа. Түүнчлэн шинээр байгуулагдсан үйлдвэр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсны дараа “Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багтах боломжтой тул энэ хугацаанд тус үйлдвэрт цэвэршүүлсэн алтыг олон улсын зах зээлд гаргах, хадгалах, арилжаалахад ихээхэн хүндрэл учрахаар байна. Иймд эдгээр асуудлыг алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шийдвэр гарахаас өмнө харгалзан үзэх нь зүйтэй л дээ. Монголбанкнаас алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах эдийн засгийн үндэслэлийн талаар судалгаа хийсэн. Үүнийг дахин нарийвчилж, үйлдвэрийн техник, эдийн засгийн тооцоог хийх хэрэгтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.