Монголбанк

Буцах

Б.Баярдаваа: Эдийн засгийн өсөлт богино хугацаанд хэт өндөр бус урт хугацаанд тогтвортой байх нь чухал

Огноо: 2018/12/03

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 12 сард хуралдах ёстой байсан. Энэ хурал наашилж ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөж 11 хувь болгох шийдвэр гаргалаа. 2016 оноос хойших шийдвэрүүдийг харахад бодлогын хүү нэмэгдэж байсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн шийдвэрээр нэмэх болсон шалтгаан болоод гол суурь хүчин зүйл юу байв?

Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурал болж бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, УИХ-аас томилогдсон гурван гишүүн, нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй гаргадаг. Макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд анхаарал хандуулж энэ шийдвэрийг гаргаж байгаа. Тогтвортой байдал гэдгийн цаана юу ярьж байна вэ гэхээр эдийн засгийн өсөлт гуравдугаар улирлын байдлаар 6.7 хувьтай гарсан нь өндөр үзүүлэлт. Эдийн засгийн сэргэлт сайн явагдаж байна.  6.7 хувийн өсөлтийг хамгаалж, энэ түвшинд нь аль болох удаан үргэлжлүүлэх нь чухал юм. Гэхдээ энэ өсөлт цаашид хэр тогтвортой хадгалагдах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Хэт өндөр өсөлтийг богино хугацаанд гаргах бус тогтвортой өсөлтөө удаан хугацаанд хадгалах нь чухал. Ингэж байж, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахгүй байх, систем нь өөрөө эдийн засагт зээл, санхүүжилтийг зогсолтгүй гаргаж чадаж байх, санхүүгийн зуучлалаа чөлөөтэй үзүүлж байх боломж бүрдэнэ.

Нөгөө талдаа, Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас маш өндөр хамааралтай. Экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Алт, нүүрс, зэсийн экспорт нь нийт экспортын 70 хувийг бүрдүүлдэг онцлогтой эдийн засаг. Ийм эдийн засагт хүссэн хүсээгүй өсөлт, тэлэлт, амжилттай байх явдал гадаад орчноос хамааралтай болж эхэлнэ. Энэ нөхцөл байдал ч ойрын хэдэн жилдээ үргэлжлэхээр байна. Эдийн засгийн төрөлжилтийг бий болгох нь нэг талаасаа хөрөнгө мөнгө, нөгөө талаасаа хугацаа их шаарддаг. Уул уурхайгаас хамааралтай орчинд бид бодлого, бизнесээ аль болох тогтвортой байлгах чиглэл рүү эрсдэлээ зөв харсан бодлогыг хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ ч утгаараа 2016 оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг өсгөж байснаас хойш тасралтгүй буурч явсаар байгаад 10 хувьд хүргэсэн. Үүний үр өгөөж ч гарсан. Эдийн засаг руу гарч байгаа зээлийн жигнэсэн дундаж хүү 20-21 орчим хувьтай байсан бол одоо 17-18 хувь руу буугаад ирсэн байна. Нөгөө талдаа энэ бодлого нь инфляцийг зорилтот түвшинг алдагдуулалгүйгээр мөнгөний бодлогыг зөөлрүүлж ирсэн бөгөөд иргэдийн бодит орлого нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн.

Мөн бодлогын арга хэмжээ нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг дээшлүүлэх зорилтыг давхар хадгалж, Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь зөвхөн бодлогын арга хэмжээтэй холбоотой биш. Нөгөө талд нь гадаад зах зээл дээр үүссэн таатай нөхцөл байдал байна. Жишээ нь, экспортын үнэ өсөх,  ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа бодлого, олон улсын байгууллагууддын дэмжлэг, гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгал зэрэг холбоотой юм. Энэ нь юуг онцлоод байна вэ гэхээр гадаад зах зээл дээрх нөхцөл байдлыг маш сайн анхааралтай ажиглаж байж бодлого боловсруулах. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүс хэрэглээгээ зохицуулж явах хэрэгтэй гэсэн агуулга юм.

Өмнө нь Монголбанк 4.5 нэгж хувиар бодлогын хүүг огцом өсгөж байсан. Тэр үетэй харьцуулахад нэг нэгжийн өсөлт гэдэг бол бага өсөлт харагдаад байна. Бодлогын хүү өсөхөд гадаад, дотоод орчны нөлөө талаас нь та тайлбарлаж байна. Магадгүй сөрөг талаас нь харвал эрсдэл үүсэх зүйл байна гэж харж байна уу?

Бид цаг хугацааны хувьд маш чухал үед байна. Гадаад орчин хаашаа явах вэ гэдэг нь тодорхой бус байна. Одоо хүлээгдэж байгаа G20-ын уулзалт, үүнтэй уялдаад хоёр том гүрний хоорондын худалдааны маргаан яаж шийдэгдэх үү, мөн АНУ-аас нефть экспортлогч улсуудад тавьж байгаа хориг арга хэмжээнүүд яах бол, цаашлаад АНУ-ын эдийн засгийн өсөлт хэдий хэмжээгээр өсөх, ямар төлөв байдалтай байх вэ гэх мэт эдийн засагт тодорхой бус байдлууд маш их байна. Энэ нь Монголын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ гэхээр нэгдүгээрт, экспортын бараа бүтээгдэхүүний үнээр дамжиж нөлөөлнө. Хоёрдугаарт, Монгол Улсын гадагшаа худалдаж чадах экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээгээр дамжиж нөлөө үзүүлнэ. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс руу хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийг яаж харж байна вэ гэдгээс шалтгаална. Нэгэнт эдийн засаг гадаад орчноос хамааралтай байгаа үед хүссэн хүсээгүй гадаад зах зээлээ харж бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ удаагийн бодлогын арга хэмжээний хамгийн том давуу тал нь  маш тодорхой мессежийг олон нийтэд өгч байгаа. Тухайн бизнесээ төлөвлөхдөө бизнесийн тэлэлт, өсөлт, хурд болон эрсдэлээ маш сайн тооцож хийх нь зүйтэй. Эдийн засгийн өсөлтийг томруулахгүйгээр энэ түвшинд нь хадгалж авч үлдэж чадах юм бол Монголын ирээдүйн эдийн засаг тогтвортой байна. Өөр нэг өнцгөөс нь харвал, эдийн засгийн дотоод идэвхжил болон гадаад орчинд тодорхой бус байдал үргэлжилж байгаа тохиолдолд бизнесээ төлөвлөхдөө хэт их өөдрөг байж болохгүй.

Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүүнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Нэг нэгж хувийн өсөлт зээлийн хүүнд ямар байдлаар нөлөө үзүүлэх вэ?

Бидний судалгаа, тооцоогоор зээлийн хүүгийн хамгийн хүчтэй нөлөө нь дөрвөн улирлын дараа 0.3-0.5 нэгж хувийн нөлөө үзүүлэхээр байгаа. Эдийн засгийн идэвхжил, төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд ямар байдлаар хариу үйлдэл үзүүлж, тэр нь цаашаа яаж өрнөх вэ гэдгээс хамаарна. Нөлөөлж байгаа том зүйл нь ирэх жилийн хувьд эдийн засгийн идэвхжилд төсөв талаас нэлээд дэмжлэг үзүүлнэ. Энэ тохиолдолд бид зайлшгүй эдийн засаг, бизнесийн тэлэлтийг харьцангуй тогтвортой түвшинд хадгалахын тулд макро бодлогын ерөнхий төлөвийг зохистой түвшинд нь хадгалж байх ёстой. Нэгэнт төсөв талаасаа эдийн засагт дэмжлэг ирж байгаа үед мөнгөний бодлого дээр тодорхой хэмжээгээр чангалах зүйл зайлшгүй хэрэгтэй. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамтыг бууруулах юм.

Мөнгөний бодлогын хорооноос шинэ шийдвэр гаргасныг дурдсан байсан. 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргасан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Төв банкны үнэт цаас гэдэг бол Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг бодлогын хүүг зах зээл рүү дамжуулдаг хэрэгсэл. Төв банкны үнэт цаас нь арилжааны банкуудад байгаа илүүдэл нөөцийг үнэт цаасан дээр байршуулдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангахын тулд активынхаа тодорхой хувийг хөрвөх чадвар өндөртэй актив дээр барьж байх шаардлагатай байдаг. Тэр нь нийт активынхаа 25 хувийг байршуулах ёстой. Активуудын сонголтыг аваад үзэхээр Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас маш том үүргийг гүйцэтгэдэг. Зах зээл дээр байгаа эрсдэлгүй, өгөөж өгдөг, хөрвөх чадвар өндөртэй, богино хугацаанд борлогдох чадвартай актив юм.

Сүүлийн үед төсвийн орлого харьцангуй өндөр гүйцэтгэлтэй сайн явж байгаа. Энэ оны хувьд бидний төсөөлж байгаагаар батлагдсан төсвөөсөө тэнцвэржүүлсэн орлого 1.8 их наяд төгрөгөөр давна гэж хүлээж байна. Энэ боломжийг Засгийн газрын зүгээс ашиглаад өмнө нь босгосон Засгийн газрын өндөр хүүтэй бондуудыг эргэн төлөх үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбогдуулан зах зээл дээр бэлэн байгаа Засгийн газрын үнэт цаасны хэмжээ эрс буурч байгаа. 2017 оны сүүлээс хойш Засгийн газраас санхүүүгийн зах зээл дээр шинээр бонд гаргаж арилжаалаагүй. Ийм нөхцөл байдлын үед хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгслийн үүргийг Төв банкны үнэт цаас гүйцэтгэж байгаа. Одоогийн арилжаалж байгаа үнэт цаас ойролцоогоор дөрвөн долоо хоногийн хугацаатай. Харин банкуудын хувьд харьцангуй урт хугацаатай хөрвөх чадвартай активт санхүүгийн илүүдэл эх үүсвэрээ байршуулах хэрэгцээ шаардлага нь байна. Энэ нь өөрөө банкуудад актив, пассивын удирдлагыг зохистой түвшинд хийх, хэлбэлзэл багатай удирдахад давуу тал олгож байгаа юм.

Ойролцоогоор зургаан сарын хугацаатай Төв банкны үнэт цаасыг арилжааны банкуудад арилжаалъя гэдэг шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо дэмжсэн. Энэ долоо хоногоос хэрэгжээд явах болов уу.

Эдийн засгийн идэвхжил өндөр байна. 6.7 хувийн өсөлттэй гуравдугаар улирлын дүн гарсан. Гэхдээ эдийн засгийн тодорхой бус байдал байгаад байна. 2019 оны төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэл бий. Ялангуяа Хятад улс нүүрсний хэрэглээгээ хязгаарлана гэсэн. Энэ нь ирэх оны Монгол Улсын эдийн засагт эрсдэл үүсгэх юм биш үү.

Төсвийн орлогын хэмжээ гадаад орчны нөхцөл байдал, дотоод орчны идэвхжилтэй шууд хамааралтай. Хамгийн гол олон нийтийн анхаарал хандуулж байгаа зүйл гэвэл экспортын салбар дээр төсвийг төлөвлөхдөө их өөдрөг хандлаа гэдэг өнцгөөс байр сууриа илэрхийлсэн. Нөхцөл байдал сүүлийн 11, 12 саруудад БНХАУ нүүрсний зах зээл дээр тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьж, энэ нь манай улсын экспортод нөлөөлж байна. Гэхдээ 42 сая тонн гэдэг бол Засгийн газраас зорьж байгаа зорилтот түвшин гэж харж байгаа. Гол нь энэ зорилтод түвшинд хүрэх ёстой. Улс төр, бизнесийн түвшинд том зах зээлтэй харилцаагаа сайжруулах замаар шийдэлд хүрэх ёстой. Цаашилбал, одоогоор хил дээр үүсээд байгаа гацааг ч гэсэн арилгахад анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг өөрөө цаашаа тэлэх, томрох боломж нь гадаад зах зээлээсээ олдох юм.

Бидний хувьд уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засгийн хувьд нэгдүгээрт, уул уурхайгаас орж ирж байгаа орлого, экспортын хэмжээг байнга нэмэгдүүлж, шинэ зах зээлийг тэлэх дээр бодлогын болоод гадаад харилцаа, бизнесийн түвшинд хамтарч ажиллах шаардлага байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбар өндөр мөчлөгтэй учраас тэр мөчлөгийн оргил үед нь тэрэнд таарсан бодлого, бизнес төлөвлөлтийг хийж болохгүй. Оргил, уналт хоёрын дундуур явж байгаа замыг бодож бизнес төлөвлөгөө нь явах ёстой. Мөн манай улсын санхүүгийн зах зээлд нэвтэрч өгөхгүй байгаа нэг зүйл нь эрсдэлийн удирдлагын хэрэгслүүд байна. Эдийн засгийн төрөлжилтийг хийхэд маш их хугацаа, хөрөнгө санхүү шаардлагатай учраас бид санхүүгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах ёстой. Гуравдугаарт, хамгийн чухал нь уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг дотроо хамгийн үр ашигтай байдлаар зарцуулж сурах ёстой.

Бодлого боловсруулах, хөрөнгө оруулалт, төсвийн түвшинд зөв зарцуулах. Хөрөнгө оруулалтын түвшинд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогууд зах зээлийн механизм дээр суурилсан чиглүүлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг хамгийн үр ашигтай сайн зарцуулж сурах, мөн орлогоосоо тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж сурах шаардлагатай. Энэ нь өрх гэр, бизнесийн байгууллага, улс орны хэмжээнд чухал юм. Тэгж байж бид сэргэлтийн үед олж хуримтлуулсан нөөцөөрөө уналтын үеийг зөөлөн давах боломжийг олж авна.

Төгсгөлд нь нэмж, тодруулж хэлэх зүйл байна уу?

Төв банкны үндсэн зорилт бол инфляци. Аливаа бодлогын шийдвэр гаргахдаа инфляци, эдийн засгийн өсөлт хоёрыг балансжуулж байгаа. Төв банкны тухай хуулиар инфляци Төв банкны үндсэн зорилт гэж байгаа боловч цаанаа эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж энэ шийдвэрийг гаргадаг. Гол агуулга юу вэ гэхээр, инфляцид дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох нь Төв банкны бодлогын шийдвэрийн цаад үндсэн санаа юм. Энэ нь цаанаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг аль болох удаан урт хугацаанд хангах нь хэт бага, өндөр хэлбэлзэлтэй өсөлтийн орчноос илүү дээр бөгөөд нийгэмд үр өгөөжтэй бодлогын сонголт хийх нь зорилт юм.

Эдийн засгийн нөхцөл байдал тойрсон асуудлаар ярилцсан танд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.