Монголбанк

Буцах

Мөнгөний бодлогын мэдэгдлийг танилцуулах хэвлэлийн хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

Огноо: 2021/06/23

Мөнгөний бодлогын мэдэгдлийг танилцуулах хэвлэлийн хурлыг /2021.06.23/ нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

 

Цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас шалтгаалсан эдийн заcгийн хямралыг даван туулахтай дэлхий нийтээр тэмцэж байна. Цар тахалтай нүүр тулсан 2020-2021 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлж буй арга хэмжээний үндсэн зорилго нь эдийн засгийн агентуудын санхүүгийн нөхцлийг зөөлрүүлэх, хүндрэлийг хохирол багатай даван туулж, сэргэлтийн хугацааг ойртуулахад чиглэж байна. Монголбанкнаас дангаар болон Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд үр дүнд хүрч байгааг уналтаас сэргэлтийн төлөвт шилжиж буйг илэрхийлж буй эдийн засгийн үзүүлэлтүүд тодоор харуулж байна. Монголбанкнаас хямралын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний эерэг үр нөлөө ирэх оны эхний хагас хүртэл үргэлжлэн гарах юм.

Цаашид Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлтийн төлөвтэй уялдуулан дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ.

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 6-р сарын ээлжит хурлын шийдвэр, уг шийдвэрийг гаргахад гол үндэслэл болж буй эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв, хандлага хэрхэн өөрчдөгдөж буй талаар Монголбанкны байр суурийг Та бүхэнтэй хуваалцаж байна.

Дотоод эдийн засгийн орчины байдлыг инфляц, түүний төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаагаас эхлэн байр сууриа хуваалцъя.

Инфляцын өсөлтийг нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тайлбарлаж байгаа ч цаашид эрэлтийн нөлөөгөөр инфляц алгуур сэргэж Төв банкны зорилтын орчимд тогтворжино. Инфляц энэ оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч өнгөрсөн улирлуудын бага түвшнээс нэмэгдлээ. Инфляцын өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс тайлбарлаж байна. Тухайлбал, хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 43 хувийг тайбарлаж байна. Цаашид 2021 оны 4 болон 2022 оны 1 дүгээр улиралд суурь үеийн нөлөөгөөр инфляц Төв банкны зорилтыг давж болзошгүй байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас Төв банкны зорилтын орчимд тогтворжино. Өнөөгийн бодлогын төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд эдийн засгийн идэвхжилтэй уялдуулан бодлогын тохируулгыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх төсөөллөөс нэмэгдүүлсэн хэдий ч КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдуулан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүллээ. Эдийн засгийн өсөлт 2021 оны 1 дүгээр улиралд төсөөллөөс өндөр гарсан хэдий ч цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор төсөөллийн тодорхой бус байдал нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Өрхийн хэрэглээ сүүлийн хоёр улирал дараалан агшаад байгаа нь өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн бол хөрөнгө оруулалт сэргэж, цэвэр экспорт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбараас гадна уул уурхайн бус ихэнх салбар уналтаас өсөлтийн төлөвт шилжиж байна. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв КОВИД-19-ын дотоод тархалтын нөхцөл байдлаас өндөр хамааралтай үйлчилгээний салбар, түүнийг дагасан ажил эрхлэлт, өрхийн орлого, хэрэглээнээс хамааралтай байна. Мөнгө, сангийн бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээ, гадаад орчны сэргэлтийг даган уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү 2-3 улирлаар наашилж 2022 оны эхнээс хаагдах хүлээлттэй байна. 2021 оны 4 дүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь 2 дугаар улирлын эдийн засгийн идэвхжлийг сааруулах нөлөө үзүүлсэн ч вакцинжуулалт үргэлжилж, хөл хорионы дэглэм суларснаар оны сүүлийн хагаст эдийн засаг аажмаар сэргэх суурь хүлээлт хэвээр байна.

Ирэх онд уул уурхайн салбар дахь нөөцийн агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах хэдий ч уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг тэтгэнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.   

Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч байгаа нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна. 2021 оны 5 дугаар сарын байдлаар М2 мөнгө жилийн 30 хувиар нэмэгдсэн бөгөөд гадаад эдийн засгийн орчин сайжирч төлбөрийн тэнцлийн ашиг нь мөнгөний нийлүүлэлтийн гадаад эх үүсвэрийг өсгөж байна. Мөн эдийн засгийн идэвхжил болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээл олголт сэргэж, өнгөрсөн онд 4-5 хувиар агшиж байсан нийт зээлийн үлдэгдэл жилийн 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн, шинээр олгосон зээлийн дундаж хүү 5 дугаар сарын байдлаар 11.5 хувь болж, 1 дүгээр сарын түвшнээс 4 орчим нэгж хувиар бага байна.

Худалдааны түнш орнуудын эдийн засгийн сэргэлт нь гадаад тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байна. АНУ, БНХАУ, Евро бүс зэрэг том эдийн засгуудын өсөлт 2021 оны 1-р улиралд хүлээлтээс өндөр байсны зэрэгцээ 2021 оны төсөөллөө сайжруулж байна. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хөгжингүй болон эрчимтэй хөгжиж буй орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ болон эрчимжиж буй вакцинжуулалт сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэдийгээр гадаад орчинд цар тахлын шинэ давалгаанууд үүсч идэвхжилд сөргөөр нөлөөлж байгаа боловч тархалтыг хяналтад оруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх чадамж нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн сэргэлтийн хүлээлт сайжирсаар байна. Гэвч улс орон бүрийн хувьд нөхцөл байдал харилцан адилгүй сэргэлт жигд бус хэвээр байна. Цаашид КОВИД-19 вирусын эсрэг вакцины хүрэлцээ, үйлдвэрлэлийн чадамж, вакцинжуулах хурд зэргээс гадаад эрэлтийн ерөнхий төлөв хамаарахаар байна.

Бодлогын шийдвэр гаргаж байсан өмнөх үетэй харьцуулахад дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл энэ онд 0.5 нэгж хувиар, ирэх онд 0.1 нэгж хувиар нэмэгдэж ойрын 2-3 жилд гадаад эрэлтийн эрч хадгалагдах хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын дундаж төсөөллөөр 2021 онд АНУ 6.1 хувь, Евро бүс 4.3 хувь, БНХАУ 8.5 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлэхээр байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 6.1 хувь болж нэмэгдэхэд голлон нөлөөлж байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил эрчимжиж, эрдэс түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг манай экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар экспортын үнэ 53.2 хувиар, импортын үнэ 7.4 хувиар өсч, гадаад худалдааны нөхцөл 42.6 хувиар жилийн өмнөх үеэс сайжирлаа. Улмаар гадаад худалдааны нөхцөл 2021 онд ийнхүү сайжирах хүлээлттэй байгаа нь зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын үнийн төсөөлөл нэмэгдсэнтэй холбоотой байна.

Дэлхийн эдийн засаг, худалдааны түнш орнуудын эдийн засгийн сэргэлт төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байна. Мөнгө, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээнээс гадна санхүүгийн болон худалдааны хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж буй түнш, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, бодлогын арга хэмжээний үр дүнд төлбөрийн тэнцэл 1 дүгээр улиралд 170.4 сая ам.доллар буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх ашигтай гарлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 520.6 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм. Энэ оны эхнээс эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор импорт тэлсэн хэдий ч экспортын орлого харьцангуй сайн гүйцэтгэлтэй байгаа нь урсгал дансны алдагдал буурахад нөлөөлж байна. Түүнчлэн, ГШХО болон гадаад зээлийн ашиглалт өмнөх оны мөн үеэс нэмэгдэж, санхүүгийн тэнцэл 408.4 сая ам.долларын цэвэр орох урсгалтай байсан нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөллөө. Монголбанкны төсөөллөөр төлбөрийн тэнцэл энэ онд 500 орчим сая ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна.

Миний бие илтгэлийнхээ төгсгөлд цар тахлын хямралыг даван туулахад бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, дэмжиж буй түнш улс орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Цар тахлын энэ хүндрэлийг сайн хөршийн, сайн түншийн харилцаагаа улам бүр нягтруулж хамтын хүчээр амжилттай даван туулна гэдгийг онцлон тэмдэглэж илтгэлээ өндөрлөе.

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.

 

Илтгэлтэй энд дарж танилцана уу.  

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.