Монголбанк

Буцах

Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Огноо: 2022/09/20

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 9 дүгээр сарын 16, 20-ны өдрүүдэд хуралдлаа. Та бүхэнд тус хурлын шийдвэрийг танилцуулъя. Энэхүү хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан; 1) бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, 2) бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +/-1 нэгж хувь байсан хэмжээг +/-2 нэгж хувьд тогтоож өргөтгөх, 3) гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох багц шийдвэрийг гаргалаа.

Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:

Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал,

  • Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ нь глобал эдийн засагт хүчтэй сөргөөр нөлөөлж байна.
  • Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлээд байна.
  • Дэлхий нийтээр эрчээ авсан үнийн өсөлт төв банкуудыг мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулахад хүргэж байна. Энэ нь зайлшгүй арга хэмжээ хэдий ч глобал эдийн засгийн идэвхжлийг хумих нөлөөтэйг олон улсын санхүүгийн байгууллагууд онцолж эхэллээ. Томоохон эдийн засгууд, хөгжингүй улс орнууд хүүгээ огцом өсгөж байгаа нь бусад улс орнууд нийтээрээ бодлогын хүүгээ өсгөх дарамтыг үүсгэж байна.
  • Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинжээчид бууруулж байна.

Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар тэлээд байна.  Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэв.

  • Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна.
  • Сүүлийн 3 улирал дараалан өрхийн хэрэглээ өсөж, хөдөлмөрийн зах зээл сэргэсэн нь эрэлтийг тэтгэж байна.
  • Энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд байхаар нэмэгдүүллээ. Гэхдээ энэ нь экспорт, ялангуяа нүүрсний экспорт гүйцэтгэлээс шууд хамаарна.
  • Гадаад орчны тааварлашгүй нөхцөл байдал нь төсөөллийн тодорхой бус байдлын эх сурвалж болж байна.

Инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх сараас буурлаа. Нийт инфляцын тал орчим хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, үүний дам нөлөөг оруулж тооцвол инфляцын 2/3 нь импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр, логистикийн зардлаас хамаарч байна.

  • Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч инфляц буурах хүлээлттэй байгаа ч
  • Гадаад орчны нөхцөл байдал, худалдааны түнш орнуудын өндөр инфляц, нийлүүлэлтийн саатал хэзээ бүрэн арилах нь тодорхойгүй байгаа тул инфляцын төлөвт эрсдэлийг дагуулж байна.
  • Дунд хугацаанд гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хугацаа хойшлох хандлагатай боллоо.

Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна. Энэ нь мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэн хийх, гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.  Түүнчлэн, гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Ийнхүү Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг илүү өргөн болгох болон банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах багц шийдвэрийг гаргав. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтод түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.

Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн доголдол хэрхэн өөрчлөгдөх, гадаад эдийн засгийн төлөв, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.