Монголбанк

Активын чанарын үнэлгээ


Буцах

Асуулт/Хариулт

Активын чанарын үнэлгээнд ямар банкууд хамрагдаж байгаа вэ?

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй, Банкны тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бүх банк активын чанарын үнэлгээнд хамрагдана.

Активын чанарын үнэлгээг ямар компани гүйцэтгэж байгаа вэ?

Активын чанарын үнэлгээг гүйцэтгэх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтын үр дүнд Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компани активын чанарын үнэлгээг хийж гүйцэтгэж байна. Тус компани нь Европын холбооны улсуудад активын чанарын үнэлгээ хийж байсан туршлага бүхий компани юм.

Олон улсын хөндлөнгийн компанийг хэн сонгон шалгаруулсан бэ?

Монголбанк активын чанарын үнэлгээг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг албан ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Үнэлгээ хийх компанид олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээний компани байх, Активын чанарын иж бүрэн үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн орнуудад түгээмэл ашигладаг аргачлалын дагуу гүйцэтгэж байсан, зээлийн эрсдэлийн удирдлагын аргачлалын үнэлгээг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хийж байсан чадвар, туршлагатай байх гэсэн шаардлага дээр үндэслэн Олон улсын хөндлөнгийн аудит хийх компанийг хуулийн дагуу сонгон шалгаруулсан.

Активын чанарын үнэлгээнд тавигдаж буй стандарт нь Европын Төв банкны активын чанарын үнэлгээ хийх аргачлалтай ижил байгаа нь манайд тохирох стандарт мөн үү?

Активын чанарын үнэлгээний суурь аргачлал нь Европын төв банкны Активын чанарын үнэлгээний аргачлалтай төстэй боловч Монголбанкны журамд тусгагдсан активын ангилал, активын эрсдэлийн сан байгуулах шаардлага, эдийн засгийн салбар ба активын ангилалын сегмент болон чанарын ангилал зэрэг шаардлагуудад нийцүүлэн зарим нэг хэсэг, шаардлагуудыг өөрчилсөн болно.

Активын чанарын үнэлгээ нь өөр улс орнуудад хийгдэж байсан уу?

Европын Холбооны Төв банк нь түүний гишүүн орнуудын банкны системийн нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоонд шилжих зорилгоор 2013-2014 онуудад банкуудад активын чанарын үнэлгээ хийж байсан. Доорх хүснэгтэд тус активын чанарын үнэлгээтэй холбоотой гол үзүүлэлтүүдийг харуулав.

Европын холбооны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд 25 банк өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байна. Үр дүнд нь банкны системийн хэмжээнд нийт 24.62 тэрбум еврогоор өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх тооцоолол гарсан байдаг.

Монголбанк болон бусад бодлого зохицуулагч байгууллагууд активын чанарын үнэлгээнд идэвхитэй оролцох уу, активын чанарын үнэлгээний явцад хэн хяналт хийх вэ?

Активын чанарын үнэлгээний явц буюу хэрэгжилтэд хяналт тавих Удирдлагын хороо байгуулагдан ажиллаж байна. Удирдлагын хорооны гишүүд нь Монголбанкны удирдлагууд байна. Өөрөөр хэлбэл активын чанарын үнэлгээ хийх ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд Монголбанк хяналт тавьж ажиллана. Харин активын чанарын үнэлгээний үр дүнг PwC компани дараалласан 3 үе шаттайгаар хяналт хийж баталгаажуулан ажиллаж байна.

Активын чанарын үнэлгээний мэдээ, мэдээллийн үнэн зөв байдалд хэн хариуцлага хүлээх вэ?

Активын чанарын үнэлгээний ажлын даалгаврын чухал хэсэг нь мэдээллийн иж бүрэн байдлын баталгаажуулалт юм. Мэдээлэл баталгаажуулалтын гол зорилго нь банкны тайлан, мэдээллийг эх хувьтай нь харьцуулан нягтлаж үр дүнг бүх шатанд хянана.

Өөрийн хөрөнгийн үнэлгээний тохируулгаас гарах үр дүн ямар ач холбогдолтой вэ, үр дүн нь юуг илэрхийлэх вэ?

Активын чанарын үнэлгээний өөрийн хөрөнгийн тохируулгаас гарах үр дүнд тухайн банк гадны шокуудын нөлөөнд (эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшин) үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэх, өөрийн хөрөнгийн зохистой шалгуур үзүүлэлтийг хангах боломжтой эсэхийг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд дордвол, эсвэл дээрдвэл тухайн банк ямар байдалд орох вэ гэдгийг тодорхойлно.

Өөрийн хөрөнгийн үнэлгээний тохируулгаас гарах үр дүнд ашиглах макро эдийн засгийн хувилбаруудыг /сценари/ хэн тодорхойлох вэ?

Макро эдийн засгийн сценарийг Монголбанк тодорхойлно.

Өөрийн хөрөнгийн үнэлгээний тохируулгын үр дүн банкуудын зээлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Өөрийн хөрөнгийн тохируулгын үр дүнд банкуудад нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн хэмжээг урьдчилсан байдлаар гаргаснаар, банкны зээлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Олон улсын хөндлөнгийн компаниар активын чанарын үнэлгээ хийлгэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадны зах зээлээс хөрөнгө татах боломжийг олгохын зэрэгцээ банкны системийг “эрүүлжүүлнэ”. Үүний үр дүнд банкуудын зээлийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх, нийт эдийн засгийн секторын зээлийн өртөг буурах ач холбогдолтой.

Активын чанарын үнэлгээ дууссаны дараа банкуудад “юу тохиолдох” вэ?

Банкны активын чанарын үнэлгээгээр Монгол Улсын банкны систем банкуудад шаардагдах хөрөнгийн хэрэгцээг харуулна. Банкинд өөрийн хөрөнгийн дутагдал үүсэхээр байгаа бол банк өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, өөрийн хөрөнгийн шаардлагыг хангахуйц хэмжээнд нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж, урт хугацаанд үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх, тэдний тогтвортой байдлыг бэхжүүлэх хугацаатай ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг тогтмол хянах боломжтой байхаар боловсруулж Монголбанкинд ирүүлнэ.

Активын чанарын үнэлгээний үр дүнд банк өөрийн хөрөнгийн дутагдалд орвол банк “хаалгаа барих” шалтгаан болох уу?

Активын чанарын үнэлгээ болон өөрийн хөрөнгийн тохируулгын үр дүнд өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь хангалттай гэж үнэлэгдсэн, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагагүй банкууд тодорхой болно. Харин өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкууд өөрийн хөрөнгийг шаардлагатай түвшинд нэмэгдүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана. Тодруулбал, банкны хувьцаа эзэмшигчид өөрсдийн нөөц бололцоогоор банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, эсвэл шаардлага хангасан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад банкны хувьцааг эзэмшүүлэх боломжтой юм.

Активын чанарын үнэлгээний үр дүнд банкууд өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

Банкны хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжгүй тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор хатуу шалгуурын хүрээнд банкны бүтцийн өөрчлөлтийг төрөөс буцаан төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх боломжтой. Эдгээр шаардлагад банк нь урт хугацаанд санхүүгийн болон төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог болон зохистой удирдлагын зарчмын хэрэгжилтийг сайжруулах, төсвийн хөрөнгийг буцаан төлөх чадвартай байх зэрэг зүйлүүдийг тусгасан байна.

Өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх хэмжээг эцсийн байдлаар хэн тодорхойлох вэ?

Монголбанк өөрийн хөрөнгийн үнэлгээний тохируулгаас гарах үр дүнд үндэслэн банк тус бүрээр өөрийн хөрөнгийн шаардлагатай хэмжээг тодорхойлно. Үүний дараа банкуудаас өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргуулан авч баталгаажуулах ба төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллана.

Монгол Улс банкны системд бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийж байсан бэ?

Монголбанкнаас банкуудад бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөрийг боловсруулан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан. Жишээ нь, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг баталж, улмаар Банкны тухай хуулийг шинэчлэн найруулж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, салбарын хууль зүйн орчныг сайжруулсан. Монголбанк нь өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллахгүй байгаа банкуудад бодитой, шинэ эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх замаар хуульд заасан доод хэмжээнд хүргэх шаардлага тавьж, хангуулах зорилготой байсан. Хэрэв банк тогтоосон хугацаанд хувийн хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар эцсийн зээлдүүлэгчийн хувьд Монголбанкны оролцоотойгоор банкийг түр “хугацаагаар дахин хөрөнгөжүүлэх” арга хэмжээ авсан. Дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ нь түр зуурын дэмжлэг байсан бөгөөд Засгийн газар оруулсан хөрөнгө оруулалтаа банкны хөрөнгөөр эргүүлэн төлүүлэх баталгааг хангасан.

Активын чанарын үнэлгээний үр дүнд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт орох уу?

Хууль эрх зүйн орчин нь нийгмийн хөгжилтэй нийцэж байх нь зүйтэй юм. Санхүүгийн тогтолцооны урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд хуулийг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хөгжлийн тогтвортой байдлыг хангадаг. Активын чанарын үр дүнд дараах хууль, журмуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт;
  • Монголбанкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам болон барьцаа хөрөнгийг үнэлэх аргачлалыг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ;
  • Банкны засаглалыг сайжруулах хүрээнд холбогдох журамд өөрчлөлт орно;
  • Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, түүнийг хянахтай холбоотой журамд өөрчлөлт орно.

Зээлийн үнэ цэнийн бууралт гэж юу вэ?

Банкнаас авсан зээл нь эргэн төлөгдөхгүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зээлийн эрсдэлийн сан байгуулдаг. Зээлийн эрсдэлийн санг банкны зардлыг нэмэгдүүлэх замаар байгуулдаг. Өөрөөр хэлбэл зээлийн үнэ цэнийн бууралт гэдэг нь банкны байгуулсан ээлийн эрсдэлийн сан буюу зээл төлөгдөхгүй байж болзошгүй дүн юм.

Зээлийн үнэ цэнийн бууралт ихээр хийгдсэн банкуудад ямар арга хэмжээ авах вэ? Зээлийн эрсдэлийн сан байгуулахад банкны өөрийн хөрөнгөд хэрхэн нөлөөлөх вэ?

Банкны өөрийн хөрөнгө зээлийн үнэ цэнийн /зээлийн эрсдэлийн сангийн зардал/ бууралтын дүнгээр буурах бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээг Монголбанкны журмын дагуу тогтоож, шаардлагатай тохиолдолд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлага тавьна.

Барьцаа хөрөнгийн талаар?

Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох барьцаа хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө зэрэг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан хөрөнгүүдийг хамааруулан тооцож байна. Өөрөөр хэлбэл мал, уул уурхайн тусгай зөвшөөрөл зэрэг үнэ цэнэд хүрэх бүхий л зүйлийг зээлийн барьцаанд авч болох учир энэ төрлийн барьцаа хөрөнгийг банкны барьцаа хөрөнгөд тооцож үнэлгээг хийнэ.

Барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалтгүй бол яах вэ?

Активын чанарын үнэлгээний явцад зээлийн хувийн хэргийг шалгахад зээлдэгчийн мөнгөн урсгалыг тооцох ба тухайн зээлдэгч нь ирээдүйн мөнгөн урсгалаас орж ирэх орлогоор авсан зээлээ бүрэн төлж чадхааргүй бол барьцаа хөрөнгийн үнэлгээг хийнэ. Зээлийн эрсдэлийн санг барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалтгүй дүнгээр байгуулна.

Хэвийн ангилалтай зээлийн хувьд эрсдэлийн сан байгуулах уу?

Зээлийн хэвийн төлөгдөж байгаа бол зээлийн эрсдэлийн сан байгуулахгүй.

Бүлгийн үнэлгээг хэрхэн хийх вэ?

Зээлийн үнэ цэнийн бууралтыг тооцоолох зорилгоор бүх төрлийн зээлийг хоёр бүлэгт хуваана. Үүнд:

  • Тусгайлан авч үзэх зээл
  • Бүлгээр авч үзэх зээл

Банк тусгайлан болон бүлгээр авч үзэх зээлийг тодорхойлох бодлогыг дотооддоо боловсруулж, мөрдөнө. Тусгайлан авч үзэх зээл гэж үнэ цэнэ нь буурсан тохиолдолд банкны зээлийн багцын чанар болон цэвэр ашигт мэдэгдэхүйц нөлөөлдөг зээлийг ойлгоно. Банк хоёр шалтгааны улмаас зээлийн эрсдэлийн санг тооцохдоо зээлийг бүлэглэх шаардлагатай болдог: i) зээлийн багцад багтсан бүх зардлыг мэдэх боломжгүй (мэдээлэлд харгалзах цаг хугацаанаас шалтгаалан) ii) зээл тус бүрийн үнэ цэнийн бууралтыг бодитойгоор тусгайлсан үнэлгээний аргаар тооцоолох боломжгүй (ажилтан/нөөц/мэдээлэл дутагдсанаас шалтгаалан). Банк түүхэн болон статистикийн загварыг ашиглан зээлийг бүлэглэн тооцож нийт зээлийн эрсдэлийн санг тогтооно.

Гуравдугаар түвшний актив хөрөнгө гэж юу вэ?

Гуравдугаар түвшний актив хөрөнгөд банкны эзэмшиж буй зээлээс бусад үнэт цаас, үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгүүд хамаарч байгаа бөгөөд активын чанарын үнэлгээний ажлаар том нөлөө үзүүлэхээр хөрөнгүүдэд хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийгдэнэ.

Банкны системд нөлөө бүхий банкууд болон дунд, жижиг банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд ямар ялгаа гарах вэ?

Активын чанарын үнэлгээний ажлаар бүх банкуудад ижил аргачлалаар үнэлгээ хийх тул ялгаа гарахгүй. Харин банк тус бүр өөрийн зээлийн бодлого, дүрэм, журмаа мөрдөн ажилладаг тул эрсдэл даах чадвар өөр өөр байж болох юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.