Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албаны танилцуулга

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны нэг чухал элемент бол санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус тодорхойлогдсон бизнесүүд (үнэт метал наймаалагч, үл хөдлөх хөрөнгө зуучлагч гэх мэт)-эд тавигддаг гэмт болон террорист үйлдэлд холбогдолтой байж болзошгүй, сэжигтэй гэж үзсэн санхүүгийн гүйлгээнүүдийг мэдээлэх шаардлага юм. Данс, гүйлгээнүүдээ нууцалдаг уламжлал болон сэжигтэй гүйлгээг мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил явуулах хэрэгсэлгүй байдагтай холбоотойгоор санхүүгийн байгууллагууд шууд хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудад мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байдаг нь нэгэнт нотлогдсон. Тиймээс, улс орнууд гэмт болон террорист үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй санхүүгийн мэдээллийг боловсруулах чиг үүрэг бүхий үндэсний, төв, мэргэшсэн байгууллага буюу Санхүүгийн мэдээллийн албыг байгуулах шаардлагатай байдаг.

Санхүүгийн мэдээллийн албаны үндсэн чиг үүрэг нь санхүүгийн байгууллага, бусад хувь хүн, хуулийн этгээд болон аж ахуйн нэгжүүдээс сэжигтэй гүйлгээний тухай тайланг хүлээн авч, тэдгээрт дүн шинжилгээ хийн үр дүнг мөнгө угаахтай тэмцэх зорилгоор дотоодын хууль сахиулах байгууллагууд болон гадаадын Санхүүгийн мэдээллийн албадад дамжуулах үйл ажиллагаа юм. Төрийн байгууллага болохын хувьд, Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн зорилгыг шаардлагагүй, зүй бус хөндлөнгийн оролцоо, нөлөөллөөс ангид байдлаар биелүүлэхийн тул тэрбээр хангалттай бие даасан статустай байх ёстой. Дэлхийн Санхүүгийн мэдээллийн албадын албан бус олон улсын нийгэмлэг болох Эгмонт бүлэг одоогийн байдлаар хөгжлийнхөө төрөл бүрийн үе шатанд яваа 118 улс орны Санхүүгийн мэдээллийн албыг албан ёсоор бүрэн дүүрэн, олон улсын томъёоллын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын төв байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Түр Хороо буюу ФАТФ (Financial Action Task Force) нь Эгмонтын зарчим, тодорхойлолтод нийцсэн Санхүүгийн мэдээллийн албыг байгуулж, ажиллуулахыг улс орнуудад уриалдаг (Олон улсын валютын сангийн танилцуулгаас).

Монгол Улс 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар Санхүүгийн мэдээллийн албыг байгуулж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндэс, суурийг бий болгосон.

Энэ хууль нь үндсэндээ ФАТФ-ын зөвлөмж (49 зөвлөмж) дээр үндэслэгдэж хийгдсэн хууль юм. Хуулийн дагуу Санхүүгийн мэдээллийн албыг Монголбанкны бүтцэд байгуулахаар зохион байгуулсан. Дэлхийд СМА-ыг зохион байгуулалтын бүтэц болон чиг үүргээр нь хууль сахиулах (Law enforcement type of FIU), захиргааны (Administrative type of FIU) болон шүүх холимог (judicial type of FIU) гэсэн 3 төрөлд хуваадаг.

  • 1. Хууль сахиулах төрлийн СМА нь Эгмонтын зарчимд нийцсэн үндсэн үүргийг явуулахын зэрэгцээ голцуу гүйцэтгэх ажил явуулах, мөрдөн шалгах эрх үүрэгтэй мөрдөн байцаах, цагдаагийн байгууллагын харъяалалд байгуулагдсан алба байдаг.
  • 2. Захиргааны төрлийн СМА нь Эгмонтын зарчимд нийцсэн үндсэн үүргийг биелүүлэхдээ Төв банк, санхүүгийн хяналт шалгалтын хороонд харъяалагддаг эсхүл бие даасан СМА байдаг. Энэ төрлийн СМА нь голдуу банк, санхүүгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мөрдүүлэх чиглэлээр онцлон ажилладаг бөгөөд мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил явуулах чиг үүрэггүй байгууллага юм.
  • 3. Шүүхийн болон холимог төрлийн СМА нь дээрх бүх үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хөрөнгө хураах, битүүмжлэх гэх мэт прокурор, шүүхийн зарим эрх мэдлийн хүрээнд ажиллагаа явуулахын зэрэгцээ прокурор, шүүхийн бүтцэд байгуулагдсан СМА байдаг.

Энэ төрлийн СМА дэлхийд ховор байдаг.

Банк санхүүгийн системийн хөгжлийг дэмжих, иргэдийн санхүүгийн системд итгэх итгэлийг хадгалах үндсэн шалтгаанаар энэхүү хууль сахиулах чиглэлийн, саармаг байгууллага буюу СМА-ыг эхний ээлжинд банк санхүүгийн системийн найдвартай, аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй, түүнд илүү ойрхон байгууллага болох Төв банк, Сангийн яам, санхүүгийн хяналт шалгалтын хорооны бүтцэд байгуулах үндэслэл бий болсон юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Монголбанкинд байгуулагдсан СМА нь эдгээр олон улсын зарчим, стандартыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсний үр дүнд тэрбээр олон улсад, ялангуяа Эгмонтод хүлээн зөвшөөрөгдсөн Төв Азийн орнуудаас хоёр дахь (Киргизийн СМА-тай хамт), Азийн орнуудаас 15 дахь СМА юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.