Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд СМА-ны чиг үүргийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

18 дугаар зүйл.Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

18.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • 18.1.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх;
  • 18.1.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх;
  • 18.1.3.сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар ирүүлсэн мэдээллийн дагуу авсан арга хэмжээний тухай энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон эрх бүхий хууль сахиулах байгууллагад тухай бүр мэдээлэх;
  • 18.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;
  • 18.1.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах.

18.2.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгахыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс шаардах, эсхүл эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлж шалгуулах буюу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах талаар санал боловсруулж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх эрхтэй.

18.3.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний албан тушаалтныг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.

18.4.Санхүүгийн мэдээллийн алба өөрийн үйл ажиллагааны талаарх тайланг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд жил бүр танилцуулна.

18.5.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын бүртгэл, хилээр нэвтэрсэн тухай бүртгэл, хөрөнгө оруулалтын бүртгэл, банк хоорондын гүйлгээний бүртгэлийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулж авах эрхтэй.

Мөн түүнчлэн:

10 дугаар зүйл.Дансанд хяналт тавих

10.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл байгаа бол Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн харилцагчийн дансанд хяналт тавьж болно.

11 дүгээр зүйл.Хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэх

11.1.Хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бичгээр, боломжгүй бол утсаар мэдэгдэж, шийдвэрийг 24 цагийн дотор хүргүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг түдгэлзүүлэх хугацаанд Санхүүгийн мэдээллийн алба дараах арга хэмжээ авна:

     11.3.1.тухайн гүйлгээний талаар гадаад, дотоодын холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулах;

     11.3.2.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдсон бол энэ тухай эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг нэн даруй шилжүүлэн шалгуулах;

     11.3.3.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдвол гүйлгээг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг цуцалж, энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд нэн даруй мэдэгдэх.

19 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих

19.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголбанк, энэ хуулийн 4.1.2-4.1.7-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албатай хамтран хэрэгжүүлнэ.

19.2.Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдуулж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     19.2.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн удирдлага, үйл ажиллагаанд шууд ба шууд бус байдлаар оролцох, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шалгуурыг бий болгох;

     19.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх;

     19.2.3.энэ хуульд заасан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд холбогдуулж заавар, дүрэм, журам, удирдамж, зөвлөмж гаргах;

     19.2.4.эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

     19.2.5.сэжигтэй гүйлгээг мэдээлэхэд тохирсон стандарт, шалгуурыг Санхүүгийн мэдээллийн алба эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

     19.2.6.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ болон хариуцлагын талаарх статистик мэдээг нийтэд түгээх.

20 дугаар зүйл.Мэдээллийн сан

20.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуульд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сантай байна.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл хадгалах, түүнийг ашиглах журмыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга батална.

21 дүгээр зүйл.Гадаад улсын ижил төстэй байгууллагатай харилцах

21.1.Санхүүгийн мэдээллийн алба ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг, нууцлалын байдлаар ижил түвшний, гадаад улсын болон олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

21.2.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 21.1-д заасан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүнд шаардлагатай мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгч болно.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.