Монголбанк

Буцах

Нээлттэй захын үйл ажиллагаа


Нээлттэй захын үйл ажиллагаа буюу Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл юм. Банк хоорондын зах (БХЗ)-ын богино хугацаат хүү болон нөөц (liquidity)-ийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа (maturity), хүү, арилжаалагдах хэлбэрээр харилцан адилгүй дараах ТБҮЦ-ыг Монголбанк банкуудад арилжаалдаг. Үүнд:

  • БХЗ-аас нөөц татах хэрэгсэл: 7 хоног, 4 долоо хоногийн болон 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ гаргах;
  • БХЗ-д нөөц нийлүүлэх хэрэгсэл: Төв банкны 7 хүртэл хоногийн хугацаатай репо арилжааг зарлах;

ТБҮЦ-ны арилжаа нь дараах 5 хэлбэрээр явагдах боломжтой.

  • Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа;
  • Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа;
  • Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа;
  • Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа;
  • Хүүгээр өрсөлдөх, хэмжээ хязгаарласан арилжаа.

4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгож, банк хоорондын захад зохистой өгөөжийн муруйг бий болгох үүднээс Монголбанк 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 1 хүртэл 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 28 хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр хүүгээр өрсөлдөх зарчмаар арилжаалж эхэлсэн.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг хязгаарлахгүй хэлбэрээр 7 хоногт 1 удаа буюу Даваа гаригт зохион байгуулж эхлээд байна.

28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Монгол улсын хувьд БХЗ-ын нөөцийн илүүдэл нь байнгын буюу бүтцийн шинжтэй бөгөөд энэ илүүдлийг татах илүү урт хугацаат үнэт цаас гаргах зорилгоор 28 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжаалж эхлэв. 28 долоо хоногтой ТБҮЦ арилжааг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2 долоо хоног бүр Лхагва гаригт хүүгээр өрсөлдөх, хэмжээ хязгаарласан зарчмаар зохион байгуулж эхэлсэн.

ЗГҮЦ-ний анхдагч зах зээлд 2017 оны 11 дүгээр сараас хойш арилжаа явагдаагүй бөгөөд банкуудын эзэмшиж буй ЗГҮЦ-ны хэмжээ тогтмол буурч, 4 долоо хоногтой ТБҮЦ арилжаалж байгаа нь 90 хүртэл хоногийн хугацаатай репо санхүүжилтийн хэрэгсэл ашиглах боломжийг хязгаарлаж байна.

Иймд 28 долоо хоногтой ТБҮЦ арилжаалж эхэлснээр БХЗ-ын идэвхжлийг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулах, нөөцийн удирдлага хийхэд харьцангуй хялбар болгох, өгөөжийн мурийн 6 сар хүртэлх буюу харьцангуй богино хугацааны хэсгийг тодорхойлох, хүүг зах зээлийн зарчмаар тогтох боломжийг бүрдүүлэх, богино ба урт хугацааны нөөцийн хэлбэлзлийг шингээх, богино хугацаат хүүний хэлбэлзлийг бууруулах зэрэг давуу талуудыг бий болгож байгаа болно.

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

/Одоогоор 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ний арилжаа зохион байгуулагдахгүй байгаа болно/ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоосон. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.

Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.

12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

/Одоогоор 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ний арилжаа зохион байгуулагдахгүй байгаа болно/ Харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох үүднээс Монголбанк 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг банк хоорондын зах дээр арилжаалж байна.

Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд Төв банк өгөөжийн муруйн зөвхөн эхний хэсгийг, харин муруйн үлдсэн хэсгийг зах өөрөө тодорхойлж байх ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны хүүнд нөлөөлөхийг оролддог бол 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны хүү нь ирээдүйн арилжаа, эрсдэлийн болон нөөцийн үнийн хүлээлт зэрэг хүчин зүйлстэй уялдаж БХЗ дээр тодорхойлогддог байна.

Тус арилжааг хүүний дээд хязгаар (бодлогын хүү нь дээр нэмэх нь 1 нэгж хувь)-тай, урьдчилж зарласан хэмжээн дээр хүүгээр өрсөлдөх зарчмаар явуулж байна. Хүүний дээд хязгаар нь ТБҮЦ болон репо арилжааны хооронд үүсч болох арбитражийг хаах зорилготой юм.

Долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа

/Одоогоор долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа зохион байгуулагдахгүй байгаа болно/ Нөөцийн хэлбэлзлийг бууруулах, богино хугацаатай хүүг удирдах зорилгоор БХЗ-д нөөц нийлүүлэх шаардлагатай үед Төв банк репо арилжаа зарладаг. Уг арилжааг тогтмол хүү (бодлогын хүүн дээр нэмэх нь 1 нэгж хувь)-тэй, хэмжээ хязгаарлахгүй хэлбэрээр зохион байгуулдаг.

Долоо хоног хүртэлх репо арилжааны хүү нь бодлогын хүү нь дээр нэмэх нь 1 нэгж хувь байна:
Репо арилжааны хүү = Бодлогын хүү + 1 нэгж хувь

Монголбанк репо арилжааг 7 хүртэл хоногийн хугацаатай зарлаж болдог. Төв банкны репо арилжааг Монголбанкны Эрсдэлийн Удирдлагын Алба (ЭУА)-наас гаргасан барьцааны жагсаалтанд орсон үнэт цаас (Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас)-нд суурилан олгоно.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.