Монголбанк

Буцах

Төв банкны санхүүжилтийн байнгын хэрэгслүүд


Төв банкны байнгын хэрэгслүүд (Standing facilities) гэдэг нь БХЗ-ын нөөцийн түр зуурын дутагдлыг арилгах, эсвэл илүүдэл нөөцийг шингээх зорилготой хэлцлүүд юм. Хэлцлийг банкуудын хүсэлтээр урьдчилан тогтоосон хүүгээр хийнэ. Монголбанкны байнгын хэрэгслүүдэд овернаит репо санхүүжилт болон овернаит хадгаламж ордог байна. Овернаит репо, овернаит хадгаламжийн хүүний түвшин бодлогын хүүнээс хамаарах бөгөөд дараах байдлаар тодорхойлогддог.

1. Овернаит репо санхүүжилтийн хүү = Бодлогын хүү + 2 нэгж хувь
2. Овернаит хадгаламжийн хүү = Бодлогын хүү - 2 нэгж хувь

Өдрийн зээл

Монголбанк 2009 онд банк хоорондын төлбөр тооцооны эрсдэлийг багасгах, төлбөр тооцоог шуурхай болгох үүднээс RTGS (Real time gross settlement) буюу бодит цагийн горимыг нэвтрүүлсэн нь Төв банкнаас өдрийн зээлийг олгох шаардлагыг бий болгосон. Өдрийн зээл нь тухайн өдрөө эргэн төлөгддөг онцлогтой юм. Тус зээлийг мөнгөний бодлогын зорилгоор бус зөвхөн төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ашигладаг байна.

Өдрийн зээл нь барьцааны активаар бүрэн баталгаажсан байх бөгөөд хүүгүй байна. Барьцааны активт Монголбанкны ЭУА-наас гаргасан барьцааны жагсаалтанд орсон үнэт цаас хамаарна.

Овернаит репо санхүүжилтийн байнгын хэрэгсэл

Монголбанкнаас олгох овернаит репо санхүүжилт гэдэг нь ЗБН-ийн шаардлага хангахгүй байгаа банкинд клирингийн гүйлгээ хаахаас дараагийн ажлын өдрийн клирингийн гүйлгээ нээх хүртэл хугацаагаар олгож байгаа зээлийг хэлнэ.

Овернаит репо хүү нь төв банкны хүүний коридорын дээд хязгаар болох бөгөөд бодлогын хүүн дээр нэмэх нь 2 нэгж хувьтай тэнцүү байна.

Овернаит репо санхүүжилтийн хүү (13%) = Бодлогын хүү (11%) + 2 нэгж хувь

Овернаит хадгаламжийн байнгын хэрэгсэл

Овернаит хадгаламж гэдэг нь өдрийн төгсгөлд банкуудын илүүдэл нөөцийг шингээх хэрэгсэл юм. Тус хэлцлийг банкны санаачилгаар хийх бөгөөд банкны хамгийн сүүлийн гүйлгээ байна.

Овернаит хадгаламжийн хүү нь банкны хүүний коридорын доод хязгаар болох бөгөөд бодлогын хүүнээс хасах нь 2 нэгж хувьтай тэнцүү байна.

Овернаит хадгаламжийн хүү (9%) = Бодлогын хүү (11%) - 2 нэгж хувь

Төв банкин дахь хадгаламжийн тусгай дансанд овернаит хадгаламж байрших бөгөөд нэг тэрбум төгрөгөөс дээш дүнтэй байх шаардлагатай.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.