Монголбанк

Буцах

Инфляцийн хүлээлт гэж юу вэ?


Инфляцийг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй Ази (Япон, Тайланд, Солонгос), Европ (Англи, Польш, Норвеги, Финлянд Чех, Исланд, Израил, Испани, Унгар), Америк тивийн Төв банкууд (Чили, Бразил, Колумби, Мексик, Канад) мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа инфляцийн хүлээлтийг зайлшгүй харгалзан үздэг байна. Инфляцийн хүлээлт ямар байна гэдгээс шалтгаалан Төв банкууд бодлогын хэрэгсэлдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэдэг. Төв банк инфляцийн хүлээлтийг сайтар жолоодож чадсанаар эдийн засгийн тогвортой өсөлт хангагддаг нь өдгөө нэгэнт тодорхой болжээ.

Инфляци болон харьцангуй үнийн өсөлт бол хоёр өөр ойлголт юм. Бусад бараатай харьцуулахад зарим бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх нь инфляцид үл хамаараах, харьцангуй үнийн өсөлт юм. Харин бүх бараа, үйлчилгээний үнэ зэрэг өсч эхэлсэн тохиолдолд инфляци өрнөх нөхцөл бүрдэнэ. Харьцангуй үнийн өсөлт бол тухайн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас үүдэлтэй инфляциас ангид асуудал юм. Хэдий тийм боловч эдгээрийг зааглан ялгах нь тийм ч амар биш. Зарим тохиолдолд тухайн барааны томоохон бөгөөд удаан хугацааны харьцангуй үнийн өсөлт нь инфляцийн тоо мэдээлэлд нөлөөлөх хэмжээнд хүрдэг байна. Үүнд шатахууны үнийг нэрлэж болох юм. Бензин, шатахууны үнэ нэмэгдсэнээр бизнесийн болон өрхийн аж ахуйн салбарын зардал үлэмж нэмэгддэг. Гэтэл шатахууны хэрэглээг бууруулахгүйн тулд орлогоо нэмэгдүүлэх буюу хадгаламж хуримтлалаа багасгах, эсвэл хэрэглээгээ бүр танахад хүрдэг. Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх боломжгүй тул үүнээс үүдэлтэй хохирлыг Төв банк барагдуулж үл чадна. Гэсэн хэдий ч дунд болон урт хугацааны инфляцийг Төв банк хянах бүрэн боломжтой. Шатахууны нийлүүлэлтийг Төв банк нэмэгдүүлж чадахгүй ч мөнгөний нийлүүлэлтийг зохицуулснаар тодорхой хугацааны дараа дундаж үнийг хяналтандаа оруулах боломжтой. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь эрэлтээсээ давсан тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар буурдаг. Ингэснээр инфляци бий болж эдийн засаг дахь бүхий л үнэ, цалинд нөлөөлж эхэлдэг ажээ.

Инфляци болон харьцангуй үнийн өсөлтийн хоорондох ялгаанаас үүдэн суурь инфляцийг тооцох шаардлага урган гардаг. Хүнс болон түлш шатахууны үнийн савалгаанаас шалтгаалан зарим тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар ХҮИ-т бодит тусгалаа олж чаддаггүй тул үнийн хэлбэлзэл ихтэй эдгээр бүлгүүдийг хасан суурь инфляцийг тооцдог байна.

Харьцангуй үнэ чөлөөтэй байх (өсөх, буурах) нь туйлын ач холбогдолтой ч урт хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар муудах нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тэгвэл инфляцийн хор хөнөөл нь чухамхүү юунд байна вэ? Хэсэг хугацаанд тасралтгүй үргэлжилсэн инфляци нь инфляцийн хүлээлтэд нэгэнт нөлөөлж эхэлсэн тохиолдолд эдийн засагт урт хугацааны хор уршиг учруулдаг байна.

Бүр 1968 онд нэрт эдийн засагч Милтон Фридман эдийн засгийн өсөлтийг “багахан хэмжээний нэмэлт инфляци”-ар тэтгэхгүй байхыг бодлого боловсруулагчдад анхааруулж байжээ. Тэрбээр хэлэхдээ хүмүүст тэрхүү нэмэлт инфляцийн хүлээлт бий болж, улмаар үйл хөдлөлд нь янз бүрийн байдлаар өөрчлөлт орно хэмээсэн байдаг. Ингэснээр эдийн засгийн агентуудын үйл хөдлөл хэвээр байна гэсэн бодлого боловсруулагчдын хүлээлт талаар болж болзошгүй тухай Фридман онцолжээ. Тэрбээр цааш нь инфляцийн хүлээлт бол статик ойлголт биш гээд инфляци болон инфляцийн хүлээлтийн хооронд харилцан хамаарал оршиж буйг анхааралдаа авахыг бодлого боловсруулагчдаас хүссэн байдаг.

Үнэхээр Фридманы хэлсэнчлэн өрхий аж ахуйн болон бизнесийн салбарынхан өсөн нэмэгдэж буй инфляциас үүдэлтэй зардлыг бууруулахын тулд үйл хөдлөлөө өөрчилдөг нь батлагдсан байна. Инфляцийн хүлээлт даамжирсан тохиолдолд эдийн засагт стагфляци (ДНБ-ний бууралт болон өндөр инфляци) нүүрлэх аюултай.

Инфляцийн хүлээлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн жишээ авч үзье. Тухайлбал, инфляцийн хүлээлт өндөр үед хүмүүс өөрийн баялгаа биет хөрөнгөнд (газар, алт, мөнгө г.м.) байршуулж эхэлдэг. Гэтэл энэ нь бизнесийн хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү өсөн нэмэгдэж буй үнийн эсрэг хамгаалах арга хэмжээ болдог. Иймээс инфляцийн хүлээлт нэмэгдэж буй үед эдгээр хөрөнгий үнэ нь өөрийн үнэ төдийгүй инфляцийн эсрэг хэрэгслийн үнийг өөртөө багтаана. Ингэснээр эдийн засаг дахь хомс нөөцийн хувиарлалт оновчгүй болдог байна.

Мөнгөний худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлт бий болсон тохиолдолд хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгөө багасгах эрмэлзэлтэй болно. Хөрөнгө оруулалт болон хадгаламжаас олж буй орлогын бодит татварыг инфляци нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж бий болгох сонирхлыг үгүй хийдэг байна.

Зээлдэгч болон зээлдүүлэгчид мөнгөний ирээдүйн худалдан авах чадварыг үнэлэх шаардлагатай болно. Инфляци нэмэгдэхийн хэрээр инфляцийн таамаглалтай холбоотой зардал мөн өсөн нэмэгдэнэ, учир нь илүү өндөр инфляци нь ихэвчлэн савалгаа ихтэй төдийгүй урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдаг ажээ. Инфляцийг урьдчилан таамаглах боломж хумигдахын хэрээр зээлдүүлэгчид хүүгээ өсгөх хэлбэрээр эрсдлийн эсрэг өөрсдийгөө даатгадаг байна. Ингэснээр урт хугацааны санхүүгийн гэрээ хэлцлүүдийн зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.

Инфляцийн таамаглал маш тодорхойгүй үед бизнес эрхлэгчид үнийн бүхий л өсөлтийг дан ганц инфляцийн үр дагавар хэмээн буруу дүгнэн харьцангуй үнийн өсөлтийн зарим чухал дохиог огоорч бизнес төлөвлөгөөндөө зохицуулалт хийхгүй өнгөрөх боломжтой.

Инфляцийн эсрэг авч буй бүх арга хэмжээ нь эцсийн дүндээ эдийн засгийн хомсдмол нөөцийг өөр зориулалтаар ашиглахад хүргэх тул эдийн засаг бүрэн хүчин чадалдаа хүрдэггүй байна.

Инфляцийн хүлээлтийг шууд бус замаар хэмжих нэг арга нь хөрөнгийн захуудын үнэ юм. Хөрөнгө оруулагчид инфляцийн эсрэг аюулгүй “боомт” хэмээн үзэж буй хөрөнгө оруулалтын бараа (металл г.м.), үндсэн хөрөнгө, биет хөрөнгийн үнийн хөдөлгөөнийг ажиглаж болох юм. Өгөөжийн муруйн үйл хөдлөлийг хянах нь бас нэг арга юм. Өгөөжийн муруйн налалт нэмэгдэж (богино хугацааны хүүтэй харьцуулахад урт хугацааны хүү өсч буй тохиолдол) байгаа нь бондыг худалдан авагчид инфляцийн эсрэг хамгаалалт шаардаж байгааг илтгэнэ.

АНУ-ын Засгийн газрын индексжүүлсэн үнэт цаасны үндсэн болон хүүний төлбөрийг ХҮИ-тэй уялдуулдаг тул индексжүүлсэн болон энгий үнэт цаасны хүүний зөрүү нь тухайлбал 5, 10 жилийн дараахь инфляцийн хүлээлтийг үнэлэхэд тус дэмтэй байдаг байна.

Санхүүгийн зах зээл дэх үнэ нь инфляци төдийгүй бусад эрсдлийг мөн тусгадаг ч инфляцийн хүлээлтийг хэмжихэд дэмтэй байдаг.

Олон орны Төв банкууд 1, 5, 10 жилийн дараахь инфляцийн хүлээлтийн талаар өрхийн аж ахуйн дунд түүвэр судалгаа явуулсаар ирлээ. Ингэхэд айл өрхийн инфляцийн хүлээлт бодит гүйцэтгэлээс хавьгүй өндөр байдаг нь илэрсэн төдийгүй инфляцийн хүлээлтийг бүхэл тоогоор томъёолдог нь харагдаж байна. Хүн ам зүйн талаас нь гэвэл эмэгтэйчүүд, бага орлоготой хүмүүс, залуучууд болон настангуудын хувьд инфляцийн хүлээлт илүү өндөр байдаг нь илэрчээ.

Гэвч хүмүүийн инфляцийн хүлээлт чухам ямар байдлаар бүрддэг механизм нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Инфляцийн хүлээлт өнгөрсөн туршлага дээр тулгуурладаг уу, ирээдүйн таамаглалаас хамаардаг уу? Хүлээлтийг бий болгохдоо хүмүүс боломжтой бүх мэдээллийг ашигладаг уу аль эсвэл гар дор байгаа бэлэн мэдээллийг ашигладаг уу? Инфляцийн хүлээлт хүмүүсийн үйл хөдлөлийг хэрхэн тодорхойлж байна вэ? Эдгээр асуудлын хариултын үнэ цэнэ үнэхээр өндөр юм.

Инфляцид нөлөөлөх гэсэн мөнгөний бодлогын арга хэмжээ тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгдөг нь инфляцийн хүлээлтээр тайлбарлагдах эсэх нь мөнгөний бодлогын томоохон бөгөөд чухал асуудлын нэг байсаар байна.

Инфляцийн хүлээлтийн цаана чухам юу байгааг олж мэдсэн тохиолдолд мөнгөний бодлогын арга хэлбэр, үр өгөөжийг цоо шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ. Тухайлбал, Төв банк инфляцийн зорилтот түвшиндээ (харьцангуй үнийн томоохон өсөлт явагдсан ч гэсэн) хүрч ажиллаж чадна гэсэн итгэлийг олон нийтийн дунд төрүүлэхийн тулд ямар институционал зохицуулалт, олон нийттэй харилцах ямар бодлого баримтлах нь тодорхой болно.

Инфляцийн хүлээлтийг танин мэдсэнээр инфляцийн зорилтот түвшнийг Төв банк мөнгөний бодлогын нэг хэсэг болгох шаардлага байна уу, хэрвээ байгаа бол ямар хэлбэрээр байх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Зарим Төв банкууд инфляцийн хүлээлтийг хазаарлах үүднээс инфляцийн зорилтот түвшинг зарладаг ажээ. Гэвч зорилтот түвшнээ албан ёсоор зарладаг эсэхээс үл хамааран инфляцийн хүлээлтийг хазаарлахын тулд Төв банк инфляцийг тогтвортой бага түвшинд барьж, үнийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэдгээ байнга нотлож, энэхүү үүргээ гүйцэтгэхийн тулд бодлогын шийдвэрүүдээ олон нийтэд таниулж байх шаардлагатай.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.