Монголбанк

Буцах

Монгол улсын төлбөрийн системийн товч танилцуулга

Олон улсын төлбөр тооцооны банкнаас төлбөрийн системийг төлбөр гүйцэтгэгч, хүлээн авагчийн хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, түүнийг гүйцэтгэх, үр дүнгийн тооцооллыг хийх эрх бүхий байгууллага, холбогдох дүрэм, журам, гэрээ болон төлбөрийн хэрэгслийн цогц нэгдэл гэж тодорхойлсон байдаг.

Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь банк, санхүүгийн салбарт хийгдэж буй төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэх замаар нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Иймд төлбөрийн систем нь санхүүгийн системийн дэд бүтцийн чухал хэсэг төдийгүй мөнгөний бодлогыг дамжуулах гол суваг болж үйлчилдэг.

Өндөр түвшний технологи нэвтрэхтэй зэрэгцэн зах зээлийн хөгжлийн хандлага, эрэлт шаардлагад нийцсэн бэлэн бус төлбөрийн шинэ дэвшилтэт хэрэгслүүд хурдацтайгаар бий болж, төлбөр тооцоог түргэн шуурхай, үр ашигтай гүйцэтгэх боломж бүхий шинэ системүүдийг нэвтрүүлэхэд хүргэсэн. Эдгээр системийн үр ашигтай, хэвийн ажиллагаа нь байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, бизнес эрхлэгчдэд санхүүгийн үүргээ биелүүлэх, мөнгөн хөрөнгөө аюулгүй, цаг тухайд нь шилжүүлэх боломжийг олгодог.

Төлбөрийн системийн олон улсын чиг хандлага, хөгжлийг дагаад дэлхий нийтээр төлбөрийн системийн тогтвортой, найдвартай, үр ашигтай байдлыг хангаж ажиллах төв банкны үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

Монгол Улсын төлбөрийн системийн эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль” 2017 оны 5 дугаар сарын 31-нд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаас гадна Үндэсний төлбөрийн системд банкнаас бусад этгээд оролцох боломжийг нээж өгсөн.

Үндэсний төлбөрийн систем дэх Төв банкны бүрэн эрх, оролцоо

Төв банк (Монголбанк) нь төлбөр тооцооны системийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж, үндэсний төлбөр тооцооны системийн бодлогыг тодорхойлж, үндэсний эдийн засаг дахь болон нийт хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангасан, түргэн шуурхай, найдвартай, тасралтгүй ажиллагаатай төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж ирсэн.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавина” гэж заасны дагуу Монголбанк дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Үндэсний төлбөрийн системийн бодлогыг тодорхойлох;
  • Холбогдох зөвшөөрлийг олгох;
  • Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, шинээр төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбогдсон дүрэм, журам батлах, шийдвэр гаргах;
  • Зөвшөөрөл авсан этгээд, түүний төлбөрийн системд хамаарах үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, төлбөрийн хэрэгсэл гаргахтай холбогдох бусад үйл ажиллагааг гүйцэтгэх.

Монголбанк нь төлбөрийн системийн найдвартай ажиллагааг хангах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс төлбөр тооцоонд шинээр нэвтэрч буй төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээг судлан, дүгнэлт хийж, системийн оролцогчдод холбогдох зөвшөөрлийг олгодог ба төлбөр тооцоог бодит цагийн горимоор, тасралтгүй дамжуулж байгаа эсэх, холбогдох журам, гэрээг мөрдөж байгаа эсэх, түүнчлэн өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг жил бүр тогтмол шалгаж ажилладаг.

Ерөнхий бүтэц

Монгол улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS) төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс (Зураг 1) бүрддэг .

Банк хоорондын их дүнтэй төлбөрийн систем буюу “Банксүлжээ” системээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулж байна.

Бага дүнтэй төлбөрийн “Автомат клиринг хаус” (ACH+) системээр оролцогч хоорондын бага дүнтэй гүйлгээ буюу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан 3 сая төгрөг ба түүнээс доош дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимд, 24/7 зарчмаар тасралтгүй дамжуулах, эсвэл багц болгож тодорхой давтамжийн дагуу дамжуулах сонголтыг оролцогч нарт олгодог. “Автомат клиринг хаус” (ACH+) систем нь оролцогч хооронд тухайн өдөрт хийгдсэн гүйлгээний өглөг ба авлагын дүнг харилцан суутгаж цэвэршүүлэн үр дүнг тооцох буюу клиринг хийж, тухайн ажлын өдөрт “Банксүлжээ” системд дамжуулах зарчмаар оролцогчдын дансанд үр дүнг тусгадаг.

Төлбөрийн картын систем нь Монгол Улсад төлбөрийн үйлчилгээ эрхлэгч байгууллага хоорондын картын гүйлгээг дамжуулж, клиринг хийдэг бөгөөд тухайн өдөрт оролцогч хооронд хийгдсэн картын гүйлгээгээр үүсэн өглөг ба авлагын дүнг харилцан суутгах зарчмаар цэвэршүүлж, үр дүнг дараагийн ажлын өдөр “Банксүлжээ” системд дамжуулж, оролцогчдын дансанд тусгадаг.

Төлбөрийн картын системд шууд оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Үндэсний цахим гүйлгээний төв, шууд бус оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Худалдаа Хөгжлийн Банк хариуцан гүйцэтгэдэг.

Зураг 1.Банк хоорондын гүйлгээний системүүд



Зураг 2. Банк хоорондын их, бага дүнтэй гүйлгээний системийн бүдүүвч зураг

Монголбанкнаас төлбөр тооцооны системүүдийн найдвартай, тогтвортой, үр ашигтай ажиллагааг хангах, бэлэн бус төлбөрийн хэрэглээг дэмжих, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталсны үр дүнд зах зээлд нэвтэрч буй шинэ төлбөрийн үйлчилгээ, хэрэгслүүд жилээс жилд хурдацтайгаар нэмэгдэж байна.

Дэвшилтэт технологийг ашиглан зөвхөн банкууд төдийгүй банк бус санхүүгийн байгууллагууд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд энэ салбарт хүч түрэн өрсөлдөж, шинэ төлбөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж байна.

Монгол Улсад ашиглагдаж байгаа төлбөрийн хэрэгсэл болон сувгууд:

  • Бэлэн мөнгө
  • Интернэт банк
  • Төлбөрийн даалгавар, нэхэмжлэл
  • Мобайл банк
  • Төлбөрийн карт
  • Мөнгөн гуйвуулга
  • Цахим мөнгө
  • Биллинг

Архив үзэх Ярилцлага, нийтлэл

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.