Банкийг албадан татан буулгах шийдвэр
“Зоосбанк” ХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, төлбөрийн чадваргүй болсноор хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тайлан тэнцлээр пассив нь активаас хэтэрсэн (өр төлбөр нь хөрөнгөөсөө хэтэрсэн буюу төлбөрийн чадваргүй болсон) тул Монголбанкнаас “Зоосбанк” ХК-д банкны эрх хүлээн авагч (ЭХА) томилох шийдвэр гарсан.
“Зоосбанк” ХК-д томилогдсон ЭХА-ийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гаргасан тайлан тэнцлээр нийт зээлийн багцын 63 хувь нь чанаргүй болсон, 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, пассив нь активаасаа 54.9 тэрбум төгрөг буюу 28.0 хувиар хэтэрч төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон. Үүнд тус банк Банкны тухай хуульд заасан нэг зээлдэгч, түүнд холбогдох зээл, зээлтэй адитган тооцох бусад активын хязгаарлалтыг зөрчсөн, аккредитивыг тэнцлийн гадуур бүртгээгүй, мөн хуурамч хэлцэл хийж гадаад валютын зохистой харьцааг хангасан мэтээр харуулж, тайлан мэдээг үнэн зөв гаргаагүй зэрэг зөрчлүүд нөлөөлсөн.
Иймд “Зоосбанк” ХК-ийг Банкны тухай хууль (1996 он)-ийн 38, 381-р зүйлийн 3 дахь заалт, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар тус банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Тухайн үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” үйлчилж байсан.
“Зоосбанк” ХК-ийг албадан татан буулгах шийдвэртэй холбоотойгоор дээрх хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 348 дугаар тогтоол, Улсын Их Хурал 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 97 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар 12 дугаар сарын 30-ны өдөр 378 дугаар тогтоолыг тус тус гаргасан байдаг бөгөөд дээрх тогтоол шийдвэрүүдийн дагуу Засгийн газраас төрийн өмчит банк (bridge bank) байгуулагдаж, мөн банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхэд шаардагдах 100.0 хүртэл тэрбум төгрөгийн бондыг Монгол Улсын Засгийн газар гаргасан байдаг.
Шинээр үүсгэн байгуулсан төрийн өмчит банк болох Төрийн банканд 86.6 тэрбум төгрөгийн сайн актив, 148.6 тэрбум төгрөгийн пассивыг шилжүүлсэн (purchase and assumption) бөгөөд тус банкны нийт 80685 харилцах дансны 30.6 тэрбум төгрөг, 25735 хадгаламж эзэмшигчийн 54.3 тэрбум төгрөгийг хохиролгүй болгосон байна. Энэ нь олон улсын жишигт нийцсэн банкны системийн хямралаас хамгаалах онцгой хэрэгслүүдийг ашигласан туршлага болсон бөгөөд нийгэмд учирч болох их хохирол, сөрөг үр дагаврыг богино хугацаанд хамгаалж зогсоож чадсан арга хэмжээ болсон.
Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа
“Зоосбанк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкнаас олгосон зээл, авлага, түүнтэй адилтгах хөрөнгийг буцаан төлүүлсэн, үндсэн болон бусад хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу тус банкнаас авлагатай этгээд буюу нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус банкнаас олгосон зээл, авлагын буцаан төлүүлэлт, хөрөнгө худалдан борлуулалт, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шүүхийн холбогдох шийдвэрүүд
“Зоосбанк” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болон “Би Ди Сек” ХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны “Зоосбанк ХК-нд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 650 дугаар, “Татан буулгах шийдвэр гаргах тухай” 659 дүгээр тушаалуудыг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан үзээд, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2017/4499 дугаартай захирамж гарсан.