Монголбанкны Хяналтын зөвлөл хөндлөнгийн аудитын компанитай уулзлаа

Монголбанкны Хяналтын зөвлөл Монголбанкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж буй “ПрайсУотерхаусКуперс Аудит” (PwC) ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар PwC-ийн зүгээс өнгөрсөн хугацаанд Монголбакны санхүүгийн тайлагналын зарчим, Монголбанк болон арилжааны банкнууд бусад мэргэжлийн оролцогчдын санхүүгийн бүртгэлд тулгарч болзошгүй зарим хүндрэлийн талаар мэдээлэл солилцов. Мөн Монголбанкны санхүүгийн тайлан 2018-2024 онд “хязгаарлалттай дүгнэлттэй” гарч байсан шалтгаан, 2025 оны тайланд хийх урьдчилсан дүгнэлт болон цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулав.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд энэ үеэр СТОУС-9 (IFRS-9)-ийн хэрэгжилт, санхүүгийн тайланг стандартын дагуу үнэн зөв бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулах олон улсын сайн туршлагыг тодруулав. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр санхүүгийн бүртгэлд хүндрэл үүсэж буй эсэхэд мөн зарим тоон үзүүлэлтийн талаар тодруулга хүсч, мэдээлэл авлаа.
Уулзалтад Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, гишүүн Г.Эрдэнэбаяр, Д.Энхжаргал, Г.Тэлмэн болон PwC -ийн зүгээс тус компанийн аудитын түнш Айгуль Ахметова, ахлах зөвлөх Э.Дамбийням, аудитын менежер П.Хонгорзул нар оролцов.
PwC компани нь сүүлийн таван жилийн турш Монголбанкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж байгаа юм.