A-
A
A+

Б.Батдаваа: Гадаад өрийн дарамт буурч, гадаад валютын нөөц нэмэгдэнэ

2017-03-29 00:00 | Ярилцлага

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.

-БНХАУ-ын Ардын банктай своп хэлцлийн хугацааг сунгалаа. Үүний үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж, дүгнэх вэ?

-Хятадын Ардын банктай байгуулсан хэлцлийг сунгах ажил 2016 оноос эхэлсэн. Өнгөрсөн онд АСЕМ-ын хурлын үеэр манай хоёр орны Ерөнхий сайд нар хэлцлийг сунгах, дүнг нэмэгдүүлэх талаар тохиролцсон. Монголбанк, Хятадын Ардын банк хооронд хэлэлцээр хийж байгаад, хоёрдугаар сарын 19-ний өдөр ОУВС-гийн хөтөлбөрийг ажлын хэсгийн түвшинд тохиролцсоны дараа хоёрдугаар сарын 22-нд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Хятадын Ардын банкны төлөөлөгчидтэй уулзаж, своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгасан. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Своп хэлцлийг сунгасан нь Монгол Улсын Засгийн газрын "Хуралдай" бондыг амжилттай арилжаалахад ч бас эерэг нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр наймдугаар сард Монголбанкнаас Хятадын Ардын банкинд төлөх ёстой байсан своп хэлцлийн өр сунгагдаж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын үнэт цаасаар сольж, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаснаар гадаад өрийн дарамт буурсан.

-Энэ удаад хугацааг нь сунгасан. Дүнг нэмэгдүүлэх үү, нөхцөл нь ямар байх бол?

-Хэлцлийн хүү болон хугацаа талаасаа 2011 онд анх байгуулж байснаас өөрчлөгдөөгүй. 2011 онд байгуулсан хэлцлийг бид хоёр жил гаруй хэлэлцсэний үр дүнд байгуулсан. Тухайн үед манай урт хугацааны хэтийн төлөв харьцангуй эерэг байсан учраас хэлцлийг нөхцөлүүд таатай байсан бөгөөд одоо хэлцлийн хүү энэ хэвээрээ үргэлжилж байгаа. Харин дүнг нэмэгдүүлэх асуудал нээлттэй хэвээр үлдсэн.

-Тэгэхээр своп хэлцлийн хугацааг сунгасан нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа юм байна?

-Эерэг дохио болно. Яагаад гэвэл бид шаардлагатай тохиолдолд гадаад валютын эх үүсвэр татах нөөц төлөвлөгөөтэй болчихож байна.

-Энэ оны мөнгөний бодлогод валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал тусгагдсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд яагаад дэд бүтэц хөгжүүлэх заалтыг оруулсан бэ гэдгийг эхлээд товч тайлбарлая. Өнгөрсөн жилүүдэд валютын ханшийн огцом савлагаа болон өсөлт нь нэг талаас суурь хүчин зүйл буюу манай эдийн засгийн үзүүлэлтээс хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, гадаад талдаа түүхий эдийн голлох бүтээгдэхүүний үнэ буурч, хөрөнгө оруулалт буурсан, дотооддоо төсөв мөнгөний тэлэх бодлого явуулж байсантай холбоотой. Хоёрдугаарт, валютын дотоодын зах дэд бүтэц маань хөгжөөгүйтэй холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Валютын дотоодын зах төвлөрөл ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй байгаа энэ байдлыг өөрчилж, аль болох оролцоог нэмэгдүүлэх, захын ханш тогтох үйл явцыг илүү нээлттэй болгох зорилгоор цахим систем рүү шилжих шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу бид тодорхой төлөвлөгөө гаргаад, үүнийхээ дагуу ажиллаж байна. Одоогоор Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг томилогдож валютын арилжааны цахим талбар буюу биржийн системийг нэвтрүүлэх ажлыг судалж байна. Үүнээс гадна Монголбанк Блүүмбергтэй хамтраад банк хоорондын цахим арилжааны талбар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай банкуудын саналыг авч, холбогдох журам, бичиг баримтын төслөө боловсруулаад дуусах шатандаа орсон. Удахгүй уг системийн туршилтыг эхлүүлнэ. Бидний хүлээлтээр Блүүмбергтэй хамтарч байгаа банк хоорондын цахим арилжааны систем маань дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Улмаар валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хэсгийн ажил аравдугаар сард дуусна. Үүнд зөвхөн валют арилжаа гэлтгүй мөнгөний захын бусад хэрэгслүүд, Засгийн газрын үнэт цаасны арилжааг хийх боломжтой байхаар ажиллаж байгаа.

-Валютын захын дэд бүтцийг хөгжүүлснээр гол нь ханш тогтворжиход эерэг үр дүнтэй гэж ойлгож болох уу?

-Дэд бүтцийг хөгжүүлснээр валютын зах, мөнгөний захын оролцогчдын тоог олон болгох, ханш, үнэ тогтох явцыг нээлттэй,  ил  тод болгохыг зорьж байгаа. Цахим арилжааны талбарыг нээснээр ханш тогтвортой болно гэж ойлгож болохгүй. Ханш эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалаад өөрчлөгдөх боломжтой. Харин оролцоо нь илүү үр дүнтэй болно гэсэн үг. Цөөн тооны банк нийт захын 70-80 хувийг эзэлдэг байсан бол бүх банкууд тэгш оролцох боломжтой болно. Мөн аж ахуйн нэгжүүд ч бас арилжааны банкаар дамжуулан арилжаанд оролцох боломжтой болох юм.

-Валютын бирж гэдгийг та уншигчдад эргэн сануулах үүднээс дахин тайлбарлах уу?

-Валютын зах дээр өнөөгийн нөхцөлд арилжаа яаж хийгдэж байна вэ гэхээр А харилцагч 10 сая ам.доллар авах буюу зарахаар бол банкуудын самбарын ханшийг хардаг. Тэр нь хоорондоо нэлээд зөрүүтэй. Зарим тохиолдолд ийм их хэмжээний ам.доллар авъя гэхээр самбарын ханшаас өөр ханш санал болгодог. Тэгэхээр самбарын ханш бодитой биш болж байгаа биз? Бэлэн валютын зах дээрээс 10 сая ам.доллар авъя гэхээр бэлэн тийм хэмжээний ам.доллар байхгүй. Ийм нөхцөлд захын ханш яг хэд дээр, хаана байна вэ гэдэг нь ойлгомжгүй, ил тод байдал дутмаг байна гэсэн үг. Түүнчлэн нэг томоохон байгууллага 50 сая ам.доллар худалдах болоход дотоодын зах маань тэрийг нь шингээж чаддаггүй. Нэг томоохон эрэлт эсвэл нийлүүлэлтийг шингээж авах үр ашигтай байдал бүрдээгүй байна гэсэн үг. Тэгэхээр нэгдсэн талбар дээр аль болох олон оролцогчийг байлгаж, мэдээллийг жигд нэгэн зэрэг хүргэснээр ханш илүү үнэн зөв, бодитой тогтох боломжийг нэмэгдүүлнэ. Мөн эрэлт, нийлүүлэлт шингэх байдал нь нэмэгдэж, валютын зах илүү үр ашигтай болох юм.

-Аравдугаар сард ажлын хэсгийн ажил дуусаад нэгдсэн платформ ашиглалтад орно гэсэн үг үү?

-Тэр үед туршилтын арилжаа эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

-Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр урт хугацаандаа гадаад валютын нөөц өснө гэж байгаа юу?

-Манай валютын нөөц хамгийн сүүлийн байдлаар буюу 2017 оны нэгдүгээр сарын эцэст 1.1 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь Монгол Улсын импортын 3.1 сарын хэрэгцээг хангах түвшин юм. Өнгөрсөн жилүүдийн хандлагыг харвал гадаад валютын нөөц ерөнхийдөө буурч ирсэн. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авна. Нэгдүгээрт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнд төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах, Монголбанкнаас төсөвтэй адилтгах санхүүжилт гаргахыг зогсоох зэрэг бодлогын арга хэмжээ багтсан байгаа. Хоёрдугаарт, мөнгө, сангийн зохистой бодлого хэрэгжүүлснээр өр тогтмол нэмэгддэг байдал буурах боломж бүрдэнэ. Түүнчлэн өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор өндөр хүүтэй арилжааны зээлүүдийг хөтөлбөрийн хүрээнд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр нөхөх арга хэмжээг авахаар тусгасан. Энэ нь яваандаа Монгол Улсын өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгнө. Бидний ОУВС-тай хамтарч хийсэн төсөөллөөр 2022 оны эцэс гэхэд валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа. Валютын нөөц нэмэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлт гарснаар хөрөнгө оруулагчдын Монгол Улсыг үнэлэх үнэлэмж сайжирч улмаар хөрөнгө оруулалт нэмэгдэх, Монгол Улсын харьяатуудын гадаад зах зээлээс санхүүжилт босгох өртөг, зардал буурах зэрэг эерэг үр дүнгүүд хүлээгдэж байна.

-ОУВС-тай хөтөлбөр тохиролцлоо гэсэн мэдээллийн дараа ам.долларын ханш буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Энэ нөхцөлд Төв банк цаашдаа ханшийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Өнгөрсөн онд валютын ханш огцом суларсан. Энэ нь гадаад зах зээл талаасаа манай экспортын бүтээгдэхүүний үнэ буурсан, нөгөө талаас валютын захаас их хэмжээний валют богино хугацаанд гарсан, сонгуулийн өмнө төрөл бүрийн төсөл хөтөлбөрөөр их хэмжээний төгрөгийн нийлүүлэлт хийсэн, гуравдугаар сард төлөгдөх Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн асуудал шийдэгдээгүй байсан учраас зах зээл дээр төгрөгийн ханш унах хүлээлт нэлээн давамгайлж байсан зэрэг асуудалтай холбоотой. Харин 2016 оны IV улирлаас эхлэн зэс, нүүрсний үнэ өсч, 2017 оны нэгдүгээр сараас валютын ханш харьцангуй тогтворжих хандлагатай болсон. Үүнтэй зэрэгцээд 2017 оны хоёрдугаар сарын 19-нд ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн гэдгийг зарласан нь зах зээлийн хүлээлтэд эерэгээр нөлөөлж байна. Мөн гуравдугаар сард төлөх байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын хугацааг сунгаснаар өрийн дарамт буурах нөхцөл бүрдсэн. Дээрээс нь экспортын орлого нэмэгдсэн учраас валютын ханш тогтворжоод байна. Монголбанкнаас гадаад валютын ханш зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцтэй, уян хатан тогтох зарчмаа үргэлжлүүлэн баримтална. Өөрөөр хэлбэл, Монголбанк валютын зах зээл дээр зөвхөн огцом хэлбэлзэл үүссэн, эсвэл уг хэлбэлзэл үүсэх эрсдэл тулгарсан үед оролцох бодлогоо үргэлжлүүлэн баримтална.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Л.Энхдэлгэр (Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн)