A-
A
A+

4. Төв банкны бодлогын хэрэгслүүд

Төв банк хэрэгслүүдээрээ дамжуулан инфляцд нөлөөлөх чадвартай байх ёстой бөгөөд мөнгөний бодлого ба инфляцын хоорондох хамаарлын тухай нарийвчилсан ойлголттой болсон байх ёстой. Хөгжингүй орнуудын мөнгөний шилжих механизм хөгжиж буй орныхтой харьцуулахад өөр байдаг. Инфляцыг онилох бодлогыг анх нэвтрүүлсэн хөгжингүй орнуудын мөнгөний шилжих механизм нь нарийвчлан тодорхойлогдсон, санхүүгийн захууд нь сайтар хөгжсөн, ханшны бодлого нь уян хатан байсан байна. 1990-ээд оны сүүлчээс инфляцыг онилох бодлогыг ихэд сонирхох болсон хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн хурдацтай өөрчлөлт нь дуусаагүй, мөнгөний шилжих механизм нь гүйцэд бүрдээгүй, санхүүгийн захуудын хөгжил харьцангуй дорой, валютын ханшийн тогтвортой байдалд тавих анхаарал хавьгүй илүү байв. Инфляцыг онилох бодлогын гол хэрэгсэл нь хүүний түвшин бөгөөд Төв банк бодлогын хүүгээ өөрчлөх замаар захын болон арилжааны банкуудын хүүнд, улмаар нийт эрэлт болон инфляцд нөлөөлдөг билээ. Гэвч буурай хөгжилтэй оронд хүүний суваг сул байх тул бусад хүү болон инфляцд үзүүлэх бодлогын хүүний нөлөөлөл бага ажээ. Бодлогын хүүг үндсэн хэрэгсэл болгохыг зорьж буй ихэнхи улс орнуудад (ялангуяа долларжилт ихтэй) ханшийн суваг хүчтэй хэвээр байгаа нь шилжилтийг хүндрэл бэрхшээлтэй болгож байгаа ажээ.

Төв банкны ханшийн бодлого нь инфляцын зорилгод захирагдсан байх ёстой. Ханшинд нөлөөлөхөд чиглэгдсэн интервенц болон бодлогын хүүний өөрчлөлт нь зөвхөн түр хугацааны шокын нөлөөллийг зөөлрүүлэхэд чиглэгдэж байх ёстой. Монголбанк банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгосон ч хөгжингүй Төв банк шиг инфляцыг дан ганц хүүний сувгаар дамжуулан барих оролдлого хийвэл бүтэлгүйтэх нь ойлгомжтой. Хүүний суваг сул байгаа тул Монголбанк валютын ханшийг цаашид ч анхааралдаа байлгах нь зүйтэй. Гэвч ханш гэх мэт параметруудыг бодлого боловсруулахад зайлшгүй харгалзан үзэх шаардлага хэвээр байх аваас инфляцыг онилох мөнгөний бодлогод чухамхүү юуг ойлгож байгаагаа Монголбанк нэг мөр цэгцлэн шийдвэрлэх шаардлагатай.

Монгол улсын мөнгөний шилжих механизмыг улам нарийвчлан судлах шаардлагатай байна. Монголбанкнаас зохих судалгааг урьдчилсан байдлаар гүйцэтгэн хүүний сувгийг шалгаж үзэхэд дорвитой үр дүн ажиглагдаагүй бөгөөд хүүний сувгийн нөлөөлөл хүчтэй байх нь инфляцыг онилох бодлогод шилжих үндсэн шалгуур болох учиртай. Үүнээс гадна валютын ханшийн судалгааг өргөжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Монголбанкнаас хийгдсэн зарим судалгаагаар ханшийн суваг хүчтэй нөлөөтэй байгааг тогтоожээ. Төв банк инфляцыг загварчлах, таамаглах чадавхийг хөгжүүлсэн байх шаардлагатай. Инфляцыг онилох бодлогод шилжих үедээ ихэнх төв банкууд инфляцын загварыг хөгжүүлээгүй байсан нь тоон мэдээллийн боломж, чанартай холбоотой байв.

Инфляцыг онилох мөнгөний бодлогод шилжихийн тулд Засгийн газар, Улсын Их Хурлын бүрэн дэмжлэгийг хүлээсэн байх шаардлагатай. Төсвийн бодлого болон улсын дотоод өрийн удирдлага инфляцын зорилгыг хангах түвшинд уялдсан байх шаардлагатай. Засгийн Газар, Сангийн яамны шийдвэрүүд нь инфляцд шууд нөлөөлөх тул Монголбанк болон Засгийн газрын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа захиргааны үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнэ, төсвийн албан хаагчдын цалин хөлс, санхүүгийн салбарын хөгжил зэрэг асуудлаар байнга санал солилцож байх шаадлагатай. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал нь Төв банкаа дэмжиж үйл ажиллагаагаа инфляцын зорилготой нийцүүлэх нь онцгой ач холбогдолтой. Сангийн яамнаас дэмжлэг авалгүйгээр инфляцын зорилгод хүрэх боломж үнэндээ хомс байдгийг олон орны туршлага бэлээхэн харуулж байна. Тухайлбал, Индонезид Төв банктайгаа зөвшилцөлгүй түлш шатахууны үнийг огцом нэмснээр инфляц зорилтот түвшнээсээ хол давсан бол Унгар улсын 2006 оны хэрээс хэтэрсэн төсвийн алдагдал төлөвлөгдөөгүй өндөр инфляцыг дагуулж байжээ. Инфляцыг онилох мөнгөний бодлогод Засгийн газар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг нь уг бодлогыг зарим улсад Засгийн газар нь дангаараа буюу Төв банктай хамтран хэрэгжүүлдгээс харж болно.