A-
A
A+

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

2023-03-14 09:06 | Ярилцлага

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд хуралдлаа. Та бүхэнд тус хурлын шийдвэрийг танилцуулъя. Энэхүү хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах; бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +/-1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх; банкнуудын 360 хоног хүртэлх хугацаагаар гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс түр хугацаанд хасаж тооцох бодлогын шийдвэрийг гаргалаа.

Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:

Манай гадаад эрэлтийн төлөв өмнөд хөршийн “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалт суларсантай холбоотой сайжирч, экспортын гол нэрийн барааны үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдэх боломжтой байгааг онцлон дурдъя. Гэхдээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад төдийлөн сайжраагүй, тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Тухайлбал,

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарах төсөөлөл хэвээр байна. Үүнд:

  • Геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон төв банкнуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.
  • Хөгжингүй улс орнууд хүүгээ өсгөх эрчмээ сулруулж байна.
  • Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, нийлүүлэлтийн сүлжээний доголдол бүрэн арилаагүй байгаа нь манай улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг олон улсын шинжээчид сануулж байна.

Манай эдийн засгийн хувьд идэвхжил хүлээлтээс давж, өнгөрсөн онд 4.8 хувиар өслөө.

  • Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, 2022 оны 3 дугаар улирлаас эхлэн цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давж өссөнийг баталгаажуулж байна. Энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдал үүсгэснийг харуулж байгаа юм.
  • Өнгөрсөн оны эхнээс өрхийн хэрэглээ сэргэж, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн нь цэвэр татвар, үйлчилгээний салбарыг тэтгэсэн бол, цаг агаар харьцангуй сайн байсан нь хөдөө аж ахуйн салбарт эергээр нөлөөлөв.
  • Мөн БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, тээвэрлэлт сэргэсэнтэй холбоотойгоор зарим гол нэрийн түүхий эдийн олборлолт, экспорт сүүлийн улиралд эрчимжсэн.

Ийнхүү хилийн хязгаарлалт суларсантай холбогдуулан уул уурхайн үйлдвэрлэлийн энэ оны төсөөллийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг сайжруулж авч үзлээ.

  • Инфляц бидний төсөөлж байсантай нийцтэйгээр буурах хандлага нь үргэлжилж, 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа.
  • Инфляцын түвшин саарахад  импортын бараа, дотоодын үйлчилгээний үнэ  өнгөрсөн оны өвлийн саруудад өндөр өссөн суурь үеийн нөлөө голлон нөлөөллөө.
  • Нийлүүлэлт, зардлын хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц цаашид алгуур буурахаар байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт эрчимжиж, төсвийн зардал өндөр байгаагаас эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэлтэй байна. Тодруулбал,

- Хилийн хязгаарлалт суларсантай холбоотой тээврийн зардал, импортын үнэ, мөн импортын орцын зардал буурснаар дотоод барааны үнийн өсөлт саарахад нөлөөлөхөөр байна.

- Шатахууны инфляц буурахаар хүлээгдэж байна.

- Гэхдээ инфляцад валютын ханшийн нөлөө, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэх эрсдэлтэй байна.

Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого болон бусад орох урсгалын нөлөөгөөр өнгөрсөн оны эцэст төсөөлж байснаас сайн байлаа.

  • Цаашид түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдан, экспортын орлого нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч, импортын дүн өндөр байж, санхүүгийн дансны орох урсгал төдийлөн нэмэгдэхээргүй байгаа нь төлбөрийн тэнцэл үргэлжлэн алдагдалтай гарах нөхцөлийг үүсгэж байна.
  • Гэхдээ Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ өсөх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдэх нөхцөл үүсвэл төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын нөөцөд ирэх дарамт буурах боломжтой юм.

Гадаад тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэсэн бодлогын зохицуулалтуудыг хийх нь макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нэн тэргүүний асуудал хэвээр байна. Хөрөнгийн орох урсгалын төлөв хангалтгүй, хөгжиж буй орнуудын хувьд эх үүсвэр татах санхүүгийн нөхцөл чангарч байгаа энэ үед банкнуудын гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц (ЗБН)-ийн шаардлагаас чөлөөлөх арга хэмжээ нь банкнуудад гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгож, хөрөнгийн орох урсгалыг нэмэгдүүлэх, гадаад тэнцвэрийг хангахад эергээр нөлөөлнө.

Манай экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг нээгдэж, хилийн нөхцөл байдал сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. Инфляц эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр буурч, цаашид зорилтот түвшний орчим тогтворжихоор байна. Гэхдээ эрэлтийн болон ханшийн нөлөөгөөр инфляц энэ суурь төсөөллөөс илүү алгуур буурах буюу харьцангуй өндөр түвшинд хадгалагдах эрсдэл байсаар байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо инфляц, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв, гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байх шийдвэрийг гаргав.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй доголдол хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!

2023-03-15