A-
A
A+

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2023-05-30 05:37 | Мэдээ

Дэлхийн банк группийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал И Ёунг Пак болон гүйцэтгэх захирлын ахлах зөвлөх Сара Шорт нар 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монголбанканд зочилж, албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Монголбанкны талаас Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин болон Гадаад харилцаа, ёслолоын албаны дарга Г.Намуун нар оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, даван туулсан бэрхшээл болон тулгамдаж асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон санхүүжилтийн асуудалд Монголбанкны зүгээс хяналт тавих, хөндлөнгийн үнэлгээний байгууллага, мэргэжилтнүүдийг ажиллуулах талаар ярилцлаа.

Мөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх замаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болох дотоодын хүнсний хэрэгцээг хангах, экспортлогч улс болох болон эрчим хүчний хараат бус байдлыг хангах зэрэг зорилт тавин ажиллаж байгаа талаараа онцлов. Дэлхийн банкны зүгээс дээр дурдсан асуудлуудад туслалцаа үзүүлэх боломжтой талаар дуулгалаа.