A-
A
A+

Санхүүгийн дэд бүтцийг технологийн дэвшлээр хөгжүүлнэ

2023-12-27 11:25 | Нийтлэл

Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн

Цар тахал, геополитикийн нөлөөгөөр улс орнуудын гадаад худалдаанд баримталж буй протекционист бодлого, хориг арга хэмжээнүүд өмнө нь байгаагүйгээр огцом нэмэгдлээ. Үүнээс үүдэх эрсдэл нь манай улс шиг гадаад эрэлт өндөр, Олон улсын худалдаанаас хамаарал ихтэй хөгжиж буй орнуудад илүү хүчтэй илрэх магадлалтай болов уу.

Хэдийгээр глобал эдийн засгийн орчинд тодорхой бус байдал өндөр байгаа ч Монгол Улсын эдийн засгийн болон Олон улсын харилцаа таатай байж, Олон улсын зээлжих зэрэглэлээ бууруулалгүй хадгалж, эдийн засгийн өсөлт үргэлжлэн 6.5-7.0 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байна. Энэхүү өсөлтийг уул уурхай, тээврийн салбарын идэвхжилт, нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрсэн нь голлон тэтгэлээ.

Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр урсгал данс 16 жилийн дараа анх удаа ашигтай гарч төлбөрийн тэнцэл сайжрах нөхцөлийг бүрдүүллээ. Эрэлт талаасаа өндөр өсөлтөд эцсийн хэрэглээ, цэвэр экспорт чухал үүрэг гүйцэтгэв. Өрхийн хэрэглээний өсөлт оны гуравдугаар улиралд 9.5 хувьд хүрлээ. Харин бараа, үйлчилгээний экспорт жилийн 57.7 орчим хувьд хүрч өнгөрсөн оныхоос өслөө.

2023 онд Засгийн газрын болон хувийн хэвшлийн том дүнтэй гадаад төлбөрүүд төлөгдсөн ч гадаад валютын албан нөөц 11-р сарын байдлаар 4.3 тэрбум ам.доллар буюу импортын зургаан сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Валютын орох урсгал сайжрах, эдийн засаг хурдацтай сэргэхэд урд хөршийн эдийн засаг нээгдэж, нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшинд давж нэмэгдсэн нь голлон нөлөөлж маш том дэмжлэг болсныг онцлон дурдмаар байна.

Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд гарч буй энэхүү түүхэн бөгөөд эерэг чиг хандлага ирэх жилүүдэд үргэлжилнэ гэж итгэж байна.

Гадаад хүүний хувьд Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк зэрэг дэлхийн голлох Төв банкнууд бодлогын төлөвөө 2025 он хүртэл хатуу хэвээр хадгалахаар байгаа нь мөнгөний хатуу бодлогын нөлөө ирэх онд хүчтэй илрэхээр байна.

Олон улсын байгууллагуудын сүүлийн төсөөллөөр ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.4 хувьд хүрч саарах, АНУ болон Евро бүсийн хувьд 1.0, 0.7 хувьд хүрч удаашрах таамаглал дэвшүүлжээ.

Төв банкнууд нийлүүлэлтийн тасалдалд санаа зовохгүйгээр эрэлтийг удирдан инфляцыг тогтворжуулахад анхаарч, бодлогын тогтолцоо нь тодорхой бус тогтворгүй үе рүү шилжиж, энэ нь гадаад болон төсвийн огцом тэлэлттэй дотоод орчин, мөнгөний бодлогод томоохон сорилтыг дагуулж байна.

Ирэх онд сонгууль болно. Төсвийн өндөр орлоготой уялдуулан төмөр зам болон бусад мега төслийг эхлүүлж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зэргээр төсвийн зардал хэт тэлсэн.  

Гэвч дэлхийн эдийн засгийн өнөөгийн таагүй орчинд төлөвлөсөн хэмжээнийхээ орлогыг олж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээрээ. Энэ тохиолдолд мөнгөний бодлогын орон зай хумигдаж зээл, санхүүжилтийн нөхцөл чангарч, санхүүжилтийн зардал нэмэгдэх байдлаар хувийн секторт дарамт учруулах нь гарцаагүй.

Монголбанк дээрх сөрөг нөлөөллийг харгалзан бодлогын шийдвэрээ гаргахыг зорьж байна. Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нэн түрүүнд инфляцыг тогтворжуулахад чиглэгдэх нь зайлшгүй. Цаашлаад ирэх онд хэрэглээний зээлийн хэт өсөлтийг сааруулах, бизнесийн зээлийн өсөлтийг дэмжихэд макро зохистой бодлого,  хяналт зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.  

Мөн гадаадын банкны бие даасан салбар байгуулагдахыг дэмжиж, дотоодын банкнуудын хүрэлцэж чадахгүй байгаа зах зээлд санхүүжилт, санхүүгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд түлхэц болохоор зорьж байна.

Монгол Улсын санхүүгийн салбар 2013 оноос хойш тасралтгүй тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд амжилттай ажилласан. Үүнд Төв банкны оруулж буй хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд дэлхийн улс орнуудын бодлого, үйл ажиллагаатай өөрийн бодлогыг нийцүүлэхэд чухал алхам болсон гэж дүгнэж байна.

Бас нэгэн бодлогын чухал асуудал бол Монгол Улсын санхүүгийн дэд бүтцийг сайжруулах, ялангуяа хил дамнасан төлбөр тооцоог (cross-border payment) хөгжүүлэх юм. Дотоодын төлбөр тооцоо дижитал хэлбэрт шилжсэн ч хил дамнасан худалдааны төлбөр тооцоонд технологийн дэвшлийг нутагшуулах шаардлагатай. Иймээс ирэх жилүүдэд бизнес эрхлэгчид экспортынхоо орлогыг түргэн шуурхай, хямд, найдвартай авдаг болох технологийн нэвтрүүлэхээр зорьж байна.