Эдийн засгийн судалгаа, шинжилгээний "Мөнгө, Санхүү, Баялаг" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
2021-10-25
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан "Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Монголбанк, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "УБТЗ" ХНН, Эрхүү хотын Байгалын улсын их сургууль төгсөгчдийн Монголын холбоо, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага хамтран энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, хэлсэн үгэндээ өнгөрч буй зуун нь хоёр орны ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэж, сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулсан, хамтран хөдөлмөрлөж их бүтээн байгуулалтыг хийсэн, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн он жилүүд байсныг онцолж, харилцааны шинэ зууныг эдийн засгийн хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн зуун болгохын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар оролцож, үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр монгол, оросын эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс хоёр орны худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, түүхийн холбогдолтой 23 илтгэл тавьсныг нэгтгэсэн "Мөнгө, санхүү, баялаг" сэтгүүлийн 2021 оны №26 дугаарыг танилцууллаа.

Монгол Улсын тогтвортой ногоон хөгжил, Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, цар тахлын үеийн бодлогын хэрэгжилтийн талаар судлаач, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлсэн өгүүлэл, нийтлэлийг энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлбэл, тус сэтгүүлийн дараа сарын дугаарт хэвлэгдэх боломжтой.