Монгол Улс тогтвортой санхүүжилтийг бэхжүүлэх зорилгоор уур амьсгалтай холбоотой тайлагналын удирдамжийг танилцууллаа
“Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл” (NDC Partnership)-ээс санхүүжүүлж буй “Төв банкийг ногоон болгоход бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Монголбанк НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС холбоо)-той хамтран санхүүгийн байгууллагуудад зориулан боловсруулсан “Уур амьсгалын нөлөөллийн тайлагналын удирдамж”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2025.05.08-ны өдөр боллоо.
Энэхүү удирдамж нь Монгол Улсын санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг тусган тайлагнах үйл явцыг эхлүүлж буй чухал алхам болж байна. Энэхүү удирдамжийг олон улсын СТОУС S1, S2 (IFRS) стандарттай уялдуулан Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан. Уг удирдамж нь санхүүгийн байгууллага уур амьсгалын эрсдэлээ үнэлж, ил тод тайлагнахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Лхагвасүрэн хэлэхдээ “Ган, зуд, үер зэрэг биет эрсдэлийн давтамж ойртож, хохирол нэмэгдэж байгаа нь хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд томоохон эрсдэл учруулж эхлээд байна. Эдгээр эрсдэлийг үнэлж, тайлагнах тогтолцоог бүрдүүлснээр уур амьсгалтай холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлж, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах суурийг бий болгоно” хэмээн онцоллоо.
Арга хэмжээнд санхүүгийн зохицуулагч байгууллагууд, арилжааны банкнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, удирдамжийн бүтэц, хэрэгжилтийн үе шат болон дагалдах тайлагналын загварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Яаап ван Хиерден хэлэхдээ “Эдгээр удирдамжийн тусламжтайгаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахын зэрэгцээ, тогтвортой, тэсвэртэй эдийн засаг руу шилжихэд чиглэсэн санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэх шийдэмгий алхам хийж байна” гэв. ТоС холбооны Удирдах зөвлөлийн дарга, ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Энэхүү удирдамж нь санхүүгийн байгууллагууд уур амьсгалын эрсдэлийг илүү нарийвчлалтай үнэлэх, ногоон угаалтаас сэргийлэх, ил тод байдлыг бэхжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж онцоллоо.
Арга хэмжээний үеэр удирдамжийн ерөнхий зарчим болон тайлагналын загварын талаарх дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн удирдамж нь эхний ээлжид сайн дурын үндсэн дээр хэрэгжиж, “тайлагнах явцдаа суралцах” зарчмыг баримтлан, байгууллагууд мэдээллээ үе шаттайгаар сайжруулж, тайлагналын чанараа ахиулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү санаачилга нь санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлж, байгууллагууд уур амьсгалын эрсдэлээ илүү үр дүнтэй удирдах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ, Монгол Улсад ногоон хөрөнгө оруулалт татах, уур амьсгалд тэсвэртэй төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.