Монголбанкны Хяналтын зөвлөл энэ сард хоёр удаа хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөл 2025.06.09, 2025.06.23-ны өдрүүдэд хуралдаж, Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газар, Санхүүгийн мэдээллийн алба, Зээлийн мэдээллийн алба, Зөвшөөрлийн алба, Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэн нарын үйл ажиллагаатай танилцлаа. Үүгээр Хяналтын зөвлөл 2025 оны эхний хагас жилийн хугацаанд Монголбанкны 14 газар, 4 алба, 1 төв, 1 хүрээлэнгийн бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой бүрэн танилцаж дууслаа.
Хяналтын зөвлөлийн гишүүд Монголбанкны газар, нэгжийн төлөөлөлтэй
- Мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэлтийн процесс, зардал хэмнэлт болон технологийн дэвшил, цахим мөнгөний хэрэглээ, цаасан мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд гарсан өөрчлөлт, үр дүн, уялдаа холбоо, мөнгөн дэвсгэртийн бүтцийн судалгаа,
- Санхүүгийн мэдээллийн албаны чадамж, Монгол улс дахин саарал жагсаалтад орохгүй байх баталгаа, гүйцэтгэж буй зорилтот үйл ажиллагаа, Хяналтын зөвлөлөөс өгч байсан санал зөвлөмж тэдгээрийн үр дүн,
- Зээлийн мэдээллийн сангийн хөгжил, бодит горим, өр орлогын харьцаа, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад технологийн шийдэл, хувь хүний нууцлал аюулгүй байдал, хяналт тавих харилцааг зохицуулах шийдэл,
- Зөвшөөрлийн тухай хууль болон зөвшөөрлийн ангилал, төрөл, хугацаа, тусгай зөвшөөрлийн хэрэгжилт Монголбанканд холбогдох зөвшөөрөл олгох, цуцлах, сэргээх процесс,
- Монгол улсын иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх хүрээнд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих стратеги болон эдийн засгийн мэдлэг олгох арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх стратеги, бодлого, хэрэгжүүлж буй ажлын
талаарх мэдээлэлтэй танилцаж, гадаад орнуудын олон улсын туршлага, Монгол улсын хэмжээнд нутагшуулж, нэвтрүүлж болох гаргалгаа, мөн төв банкны ажилтнуудын боловсрол чадамжид анхаарах, нийгмийн идэвх санаачилга, оролцооны талаар харилцан санал солилцлоо.
Мөн Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнтэй танилцсан. Тус хүрээлэн нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөгжил, хэтийн төлөвийн талаар судалгаа, шинжилгээний ажлуудыг туурвих, эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын үйл ажиллагааны талаар түүвэр судалгаа хийж, үр дүнг тайлагнах, сургалт, семинар, уулзалт, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, эдийн засаг, банк санхүү, мөнгөний бодлогын талаарх Монголбанкны эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргах үүрэгтэй ажиллаж байна. Цаашид тус хүрээлэнг агуулгаар нь олон улсын ижил төстэй функцээр нь ажиллуулах, өндөр боловсролтой, чадварлаг эрдэм шинжилгээний ажилтнуудыг олон улсын тавцанд сойж бэлтгэх, дата цуглуулж, анализ дүгнэлт хийж ажиллах боломжийг нь эрж хайхад илүү анхаарч ажиллах нь зүйтэй юм гэдэг саналыг гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн.
Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлийнхөн хагас жилийн ажлаа дүгнэж, санал бодлоо солилцож, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 271, Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын 4.7-д заасны дагуу Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад санал зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд ойрын хугацаанд албажуулахаар санал нэгтэй дэмжлээ.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ