Б.Баярдаваа: Дэлхийн эдийн засаг агшиж байгаа тохиолдолд дотоод эдийн засаг сөрж тэлэх нь хязгаарлагдмал
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваатай ярилцлаа.
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Энэ удаад бодлогын хүүг хэвээр үлдээснээс гадна хэрэглээний зээлтэй холбоотой зарим зохицуулалтыг хийлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрүүд өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас эхлэн ер нь хатуурах чиглэл рүүгээ явж байгаа. Бодлогын хүү энэ оны 3 дугаар сард өөрчлөгдсөн боловч өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлээд заавал байлгах нөөцийг нэмэгдүүлээд эхэлсэн. Энэ нь 1.7 их наяд төгрөг. Өнгөрсөн 3 дугаар сард бодлогын хүү өөрчлөгдсөн. Сая буюу энэ 6 дугаар сард дахин өөрчлөлт хийсэн. Тэгэхлээр энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой, шат дараатай явж байгаа бодлогын арга хэмжээнүүд гэсэн үг. Энэ шийдвэрүүдийг аль нэгнээс нь тусад нь авч үзэх бололцоогүй бөгөөд нэг ёсондоо бүгдээрээ нэг чиглэл рүү явж байгаа хандлага.
Гэхдээ энэ дундаас тэтгэврийн зээлийн онцлог бол бусад бизнесийн зээл, хэрэглээний зээлүүдээс их онцлогтой. Яагаад гэхээр, тэтгэвэр авч байгаа хүмүүс цалингийн орлоготой харьцуулахад нэгдүгээрт, бага орлоготой. Хоёрдугаарт, тэр хүмүүс тэтгэврээсээ өөр ямар нэгэн нэмэлт орлого олох бололцоо нь хязгаарлагдмал. Гэтэл нөгөө талдаа ахмадууд маань тэтгэврээ бараг бүхэлд нь зээлийн төлбөрт зарцуулдаг ийм нөхцөл байдалтай болчхоод байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн зээлдэгч санхүүгийн төлөвлөлтдөө их болгоомжтой хандахгүй бол эмзэг төлөв байдал руу аль хэдийнээ оччихоод байна аа гэсэн үг. Тиймээс тэтгэвэр авч байгаа хүмүүсийг яаж зээлийн дарамтаас гаргах вэ, яаж гар дээр нь тэтгэврийг нь үлдээж, өдөр тутмынхаа амьдрал ахуйдаа зарцуулдаг байх боломжийг нь бүрдүүлэх вэ гэдгийг харахаар зохицуулахаас өөр аргагүй болчхоод байгаа юм. Энэ зохицуулалтуудыг бид нар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны санал, тооцоо судалгаа, хамтын ажиллагаа дээр үндэслэж гаргаж байгаа юм.
Энэ удаад тэтгэврийн зээл нь бусад хэрэглээний зээлтэй ижилхэн болгосон. Харин аль хэзээний өндөр зээлтэй болчихсон, тэр зээлийнхээ дарамтад байгаа хүмүүсийг арилжааны банкнууд нөхцөл байдалд нь тааруулаад шилжилтийн үеийг хэрэгжүүлэх бололцоог арилжааны банкнуудад олгож байгаагаараа онцлогтой юм.
-Монголбанк инфляцын төлөв байдлыг тооцож бодлогын шийдвэрээ гаргахдаа яг нийлүүлэлтийн хувьд, эрэлтийн хувьд ямар асуудлуудыг авч үзэхээр байна вэ?
-Инфляцын төсөөлөл Монголд төдийгүй дэлхий нийтээрээ тодорхой бус байдалтай байгаа. Дотоодын инфляцын хувьд сүүлийн үед хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл бол хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийн үнэ. Нөгөө талаасаа төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ, дээрээс нь дотоод эрэлттэй холбоотой гэж хэлж болно. Түүнчлэн цалингийн өсөлт бас их өндөр байсантай холбоотой. Өөрөөр хэлэх юм бол, хүнсний үнээс үүдэлтэй инфляцын савлагааг бид нар тогтворжуулахгүй бол инфляцыг тогтворжуулахад маш төвөгтэй байх юм байна гэдгийг Монголбанк их хэлж байгаа. Тэр ч утгаараа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа, хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгөх ёстой, хэрэгжилт нь үр дүнтэй байх ёстой гэсэн зүйлүүд яригдана.
Нөгөө талаасаа төсвийн зардалтай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин, түүнийг дагасан хувийн секторын цалингийн өсөлтүүдийг хийхдээ хойноос нь дандаа бүтээмжийн өсөлтийг өдөөсөн, бүтээмжийн өсөлтийг дагуулсан байдлаар хийх ёстой. Дээрээс нь цалингийн өсөлтийг хийхдээ нэг дор бөөн дүнгээр биш, бага багаар буюу эдийн засагт, хүмүүсийн амьжиргаанд, өрхийн амьдралд бага, багаараа шингэх бололцоог нь олгосон байдлаар хийх нь зөв. Үүнийг бид уг нь урд өмнө нь ч гэсэн ойлгочихсон л байсан зүйл. Энэ удаад хэтэрхий ийм шуугиантайгаар, хэтэрхий том дүнгээр хийчихсэн учраас дагаад бас их нөлөөллүүд гарч байх шиг байна. Бизнесийн салбарууд дээр ч гэсэн энэ цалингийн өсөлтүүд дарамт болж байгаа тохиолдлууд бий. Харин өнөөдрийн инфляцыг харахад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн нөлөө харьцангуй бага байгаа. Сүүлийн хугацаанд буюу энэ оны эхэн хүртэл валютын ханш харьцангуй тогтвортой байсан учраас ханшийн нөлөө бас харьцангуй бага байсан. Харин нөгөө талдаа төрийн зохицуулалтай бараа бүтээгдэхүүнүүд, ус дулаан, цахилгааны үнэ, дээр нь сургалтын төлбөр ч гэдэг юм уу, энэ бүхэн мэдээж хэрэг энэ жилийн инфляцын хувьд суурь үнийг өсгөж байгаа нөлөө бий. Гэхдээ цаашаа улам ужгирч, улмаар инфляцыг өдөөхгүй байх арга хэмжээнүүдийг мөнгөний бодлогын төлөвөөр хатууруулаад, шаардлагатай зохицуулалтуудыг хийж байгаа учраас гайгүй болох байх гэж бодож байна.
-Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал хавсраад эдийн засагт маш том эрсдэл үүсэх нөхцөл бий болчихлоо гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Та бүхэн эрсдэл яг хаанаас илүү хуримтлагдаж, хаана илүү нөлөө нь гарч ирнэ гэж харж байна?
-Гадаад талаасаа харах юм бол олон хүчин зүйлс тодорхойгүй, маш төвөгтэй байгаа. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гадаад худалдаан дээр маш түрэмгий бодлогуудыг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийг тэтгэсэн чөлөөт худалдаанд доголдол үүсэж байгаа гэсэн үг. Чөлөөт худалдаанд доголдол үүсэж байна гэдэг нь эргээд дэлхийн эдийн засгийн өсөлтөд сааруулах нөлөөг үзүүлнэ. Өсөлт саарч байгаа үед манай экспортын голлох орлогыг тодорхойлж байгаа эрдэст бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хэмжээнд мөн нөлөө орж ирнэ. Үүнийг бас бид нар анхааралтай ажиглаж, болгоомжтой хандах ёстой нэг хүчин зүйл болж байгаа.
Нөгөө талаасаа сүүлийн жилүүдэд бид нар төсвийн бодлогыг уул уурхайн мөчлөгөөсөө зөрүүлж хэрэгжүүлж ерөөсөө чадахгүй байна. Уул уурхайн эерэг мөчлөг орж ирээд үнэ өсөөд, хэмжээ нэмэгдэж байгаа үе дээр төсвийн зардал дагаад нэмэгддэг ийм зүйлийг бид нар ерөөсөө арилгаж чадахгүй байна. Төсвийн алдагдал, төсвийн бодлого дээр яригдах хоёр зүйлийг бид нар тусад нь авч үзэх ёстой. Нэг нь төсвийн алдагдал, нөгөөх нь төсвийн эдийн засагт эзэлж байгаа хэмжээ. Тэгэхлээр төсвийн алдагдлын тухайд хэлэхэд, сүүлийн хэдэн жилийг хараад байхад маш сайн байсан шүү дээ. Төсвийн алдагдалгүй шахуу төсөвтэй явж ирсэн. Гэтэл нөгөө талдаа төсвийн хэмжээ маань нэмэгдээд байгаа. Сүүлийн 10 жилийн хугацааг тухайлж ярих юм бол төсвийн зардлын хэмжээ, төсвийн эдийн засагт эзэлж байгаа хэмжээ 4 жилд 2 дахин нэмэгддэг гэж ярьдаг байсан бол одоо сүүлийн үед 3 жилд 2 дахин нэмэгддэг ийм харамсалтай зүй тогтол руу орж байна. Үүн дээр ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол маш аюултай.
-Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл ямар нөхцөл байдалд хүрэх вэ?
-Эдийн засаг, гадаад орчин ийм тогтворгүй байгаа тохиолдолд дотоод талдаа бид нар тохируулга хийхгүй бол гадаад, дотоод баланс маань алдагдана. Манай улсын эдийн засгийн байдал, дотоодын ажил, амьдрал хүссэн хүсээгүй Монгол Улс гаднаас ямар хэмжээний валют олж ирж, тэр нь эдийн засагтаа хэрхэн шингэж зээл, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох вэ гэдэгтэй л уялдана. Энийг л бид нар гадаад, дотоод тэнцэл гээд байгаа юм. Үүнтэй уялдуулж энэ бодлого, тохируулыг зайлшгүй хийх ёстой. Ер нь төсвийн зардлын хэмжээг бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас давуулахгүй байх ёстой гэсэн л юм яриад байгаа ч амьдрал дээр бол энэ хэрэгжихгүй байгаад байгаа. Энэ нь цаанаа юуг хэлж байна вэ гэхээр, бид нар уул уурхайн эерэг мөчлөг дээр төсөвтөө, эдийн засагтаа хуримтлуулж авч үлдэх ёстой нөөцөө хуримтлуулалгүйгээр зарцуулчхаад байна гэсэн үг. Уг нь экспортоос орж ирж байгаа орлогуудыг валютынхаа нөөц дээр, төсвийн сангууд руу хийж авч үлдэж чадах юм бол нөгөө эдийн засаг маань уул уурхайгаа дагаад унаж байгаа тэр үе дээр зөөллөх бодлогоо хэрэгжүүлэх тэр нөөц маань тэнд байж байх ёстой байдаг. Энийг бид харамсалтай нь ерөөсөө хийж чадахгүй байна. Энийг хийж чадахгүй байна гэдэг бол бид нарын төсвийн тогтвортой байдлын тухай хууль маань амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс төсвийн сахилга, тэр төсвийн тогтвортой байдлын тухай хуульд аль болох бага гар хүрч, тэр мөчлөгийн нөхцөл байдалд нь тухайн үеийн нөхцөл байдлаас нь хамааруулж өөрчлөлтөө оруулахгүй, мөрдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Ихэнх салбарын төлөөллүүдийн байр суурийг сонсохоор, яг одоо мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн 3 дугаар сард бодлогын хүүг 12 хувь болгож өсгөсөн шийдвэрийн нөлөөллүүд яг зах зээл дээр гарч эхэлж байна. Өөрөөр хэлэх юм бол, хүү нэлээд өсөж эхэлсэн, дагаад зардал нэмэгдэж байна гэж байна. Дээр нь эдийн засаг, бизнесүүд шууд банкны зээлээс хамааралтай болоод байна. Тэгэхээр энд яг ямар боломжууд байна гэж харж байна вэ? Оны эцэст ер нь аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн өртөг, санхүүжилтийн хувьд ямар төсөөлөлтэй байх бол?
-Төв банк яагаад төсвийн талаар ингээд яриад байдаг вэ гэхээр мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн зохицуулалт бол нийлээд макро эдийн засгийн зохицуулалтыг хийж байгаа асуудал. Эдийн засаг руу нийлүүлэгдэж байгаа мөнгөний тухайд гэвэл, банкны сектороос зээл хэлбэрээр очиж байгаа, мөн гаднаас орж ирж банкны сектороор дамжиж эдийн засаг руу нийлүүлэгдэж байгаа мөнгө байна. Эдийн засаг руу нийлүүлж байгаа хоёр дахь том мөнгө гэвэл төсөв. Тэгэхээр аль сувгаар нь эдийн засаг руу мөнгө, санхүүжилт нийлүүлэгдэх юм бэ гэдэг дээр нь анхаарал хандуулж байгаа хэрэг юм. Төсөв талаасаа хэтэрхий их мөнгө нийлүүлэгдээд байхаар хувийн сектор талаасаа мөнгө нийлүүлэгдэх бололцоог нь хумиад байгаа гэсэн үг. Эдийн засаг угаасаа шингээх чадвар нь байгаа, өгөгдчихсөн байгаа. Чухам тэрийг ямар санхүүжилтээр, ямар эх үүсвэрээр дүүргэх вэ л гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Бид нарын хэлж байгаагаар бол эцэстээ хувийн сектор нь, хувийн банкнууд нь гаднаас хувийн мөнгөө оруулж ирээд хувийн сектор руу мөнгөө нийлүүлэх нь зөв сонголт юм аа л гэж хэлээд байгаа юм. Гэтэл тийм бололцоо гаргахгүй төсөв талаасаа их мөнгө нийлүүлж ирээд тэр орон зайг нь хумиад байхаар хүссэн хүсээгүй эдийн засгийн халалт ч байна уу, эдийн засгийн хүчин чадал руу тулаад, тэр тулж байгаа эрэлт идэвхжилийг нь хязгаарлахын тулд мөнгөний бодлого хатуурахаас өөр аргагүй нөхцөл байдал руу буюу буланд шахагдаад байгаа юм. Энэ нь өөрөө эцсийн дүндээ юун дээр очиж хохирол нь гардаг вэ гэхээр, хувийн сектор дээр зээл бага олдоно, зээл олдохдоо өндөр хүүгээр олдоно, хөрөнгө оруулалтууд бага болно, ажлын байрны олдоц хомсодно, зарим тохиолдолд ажлын байр танагдана. Тиймээс зарчмын хувьд ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд төсвөө бага байлга, нөгөө талаасаа мөнгөний бодлого нь түүнийг дагаад зөөлрөөд орон зайг нь үүсгээд, хувийн сектор нь идэвхжих ийм л бодлогын хослолын тухай яриад байгаа гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас эхлэн мөнгөний бодлого хатуураад явж байгаа боловч нөгөө талдаа буюу хослуулж хэрэгжүүлж байгаа бас нэг юм нь юу вэ гэхээр, аль болох хэрэглээний зээл дээр хатуухан хандаад тэр нь цаагуураа бизнесийн зээлүүд дээрээ илүү жоохон орон зай өгөхийг оролдож байгаа явдал. Нэг ёсондоо банкнаас гаргаж байгаа зээлийн хэмжээ нь эх үүсвэр нь хязгаарлагдмал байгаа тохиолдолд аль болох илүү бизнесийн зээл гараасай гэж.
-Үр дүн гарж байгаа юу?
-Зээлийн статистикаас харахад эхний үр дүнгүүд бол гарч байна. Тэтгэврийн зээл дээр л гэхэд багассан байна, хэрэглээний зээл дээр бас таналтууд жоохон хурд нь саарч орж ирж байна. Тэгэхээр энэ бол нөгөө 3 дугаар сард, оны эцэст авсан арга хэмжээнүүдийн үр дүн аажмаар гарч байгаа хэрэг юм л даа. Энэ чинь шинээр олгож байгаа зээл, төлөгдөж байгаа зээлийн харьцаагаар л цаашаа эдийн засаг руу үр нөлөө нь орж ирэх учраас бас жоохон хугацаа шаардана. Оны сүүлийн хагаст бол ер нь илүү их мэдрэгдэнэ, хэрэглээний зээл дээр.
-Гэхдээ банкны холбооноос өгсөн мэдээллээр бол зээлийн чанарын асуудал бас нэлээн хурцаар яригдаж магадгүй сэдэв, сорилт болж байна гэсэн. Энийг та бүхэн яг яаж харж байгаа вэ?
-Одоогийн нөхцөл байдлаас харвал, энэ 2024 оны эдийн засгийн гүйцэтгэл бол Монгол Улсын сүүлийн хэдэн жилийн хугацаанд гарч ирсэн хамгийн сайн үзүүлэлттэй гүйцэтгэлүүд гарсан. Мэдээж гадаад талаасаа бол сөрөг шокууд орж ирж байгаа, тэрэнд дасан зохицоход сорилтууд их шаардагдаж байгаа. Тэр утгаараа ч гэсэн нөгөө зээлжих зэрэглэлийн олон улсын 3 том байгууллага болох S&P, Fitch зэрэг байгууллагуудаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөөд, бид нарын нөгөө 10 жилийн өмнөөс хойш уруудуулчихсан, тэрэндээ хүрч чадахгүй байсан түвшин рүү хүргэсэн байгаа. Энэ түвшинд хүрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь чанаргүй зээлийн асуудал Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр хамгийн бага түвшинд хүрсэн явдал. Тэгэхээр цаашаа нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ гэхээр, эдийн засгийн болоод бизнесийн идэвхжилд бид нар яаж дасан зохицож гарах вэ гэдэгтэй л илүү холбоотой. Цаг алдалгүйгээр бодлогын тохируулгуудыг, ялангуяа төсөв талаасаа хийгээд санхүү мөнгөний бодлого талдаа орон зай үүсгээд ингээд явах юм бол бидэнд бас дасан зохицох бололцоо бий. Гэхдээ дэлхийн эдийн засаг хүссэн хүсээгүй ингэж агшиж байгаа тохиолдолд дотоод эдийн засаг сөрж тэлэх нь хязгаарлагдмал. Бид хүссэн хүсээгүй энэ бүгдтэй уягдаж л бизнесээ төлөвлөнө, өрх хэрэглээгээ төлөвлөнө, засгийн газар хэрэглээгээ төлөвлөнө.
-Төгсгөлд нь асуухад, нүүрсний үнийн бууралтыг алт, зэсээс нөхөх боломжтой гэж Монголбанк үзэж, оны эхэнд тооцоолж байсан. Одоо ийм өөдрөг төлөв байгаа юу?
-Энэ жилийн, мөн ирэх жилийн түүхий эдийн, эрдсийн үнүүдийг харахад алтны үнэ бол харьцангуй гайгүй. Бид нар чинь өмнө нь 2000 ам.доллар гэдгийг чинь өндөр үнэ гэж ярьдаг байсан бол одоо 3000 ам.доллар гэдэг алтны үнийн тухай ярьж байгаа. Одоо ч гэсэн тийм түвшинд байна. Зэсийн үнийг бид нар 5000-6000 ам.доллар гэж ярьдаг байсан бол одоо 8000 ам.долларыг дунджаар ярьдаг болсон. 2021, 2022 оны үед буюу Ковидын үед буцаад 6000 ам.доллар руу бууж ирж байхад бас л их төвөгтэй нөхцөл байдлыг бид нар мэдэрч байсан. Одоо бол эргээд 9000 ам.долларын үнэ ярьж байгаа. 2025, 2026 оны үнэ мөн адил 9000 ам.доллароос буухааргүй ийм төлөвтэй байна. Магадгүй 2027 он гэхэд 10,000 ам.доллар руу ч хүрэх тийм таамаглалууд бол байгаа. Үнэхээр тийм байвал эдийн засагт том дэмжлэг болно. Нөгөө талаасаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаад, тэндээс илүү хэмжээний орлого орж ирэх бололцоотой байгаа. Ер нь бол 3 тэрбум ам.доллар хүрэхгүй байсан зэсийн экспортын орлого 5 тэрбум ам.доллар руу дөхөж ирэх байх гэх жишээтэй. Гэхдээ Оюутолгойгоос орж ирэх энэ мөнгөний хэмжээ хуучин Монголын эдийн засаг руу орж ирдэг түвшнээсээ төдийлөн айхтар нэмэгдэхгүй байх. Гэхдээ Оюутолгой төсөлтэй холбоотой гадаад өр дээр их яригдаад байдаг том тоонуудын үндсэн төлбөрүүд 2026, 2027 онд хийгдэж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өөрөө эдийн засаг руу орж ирэхгүй байгаа мэт боловч бид нарын гадаад өрийн эерэг мэдээллүүд болж эхэлнэ. Энэ нь мэдээж сайн зүйл. Алтны хувьд хэдийгээр үнэ нь сайн байгаа боловч хэмжээний хувьд бас төдийлөн сайн биш байгаа. Бид нар жилдээ 20 орчим тонн алт авдаг байсан бол өнгөрсөн жил тэр хэмжээндээ хүрээгүй, энэ жил ч бас ялгаагүй хүрэхээргүй ийм төлөв байдалтай байгаа. Гэхдээ үнийн эерэг нөлөөлөл бол орж ирж байгаа.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
2025.06.18