A-
A
A+

А.Энхжин: Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжих хандлага ажиглагдаж байна

2025-07-08 16:15 | Ярилцлага

Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

-УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Хэрэв төсөв дээр тусгагдсан зарим үзүүлэлт буюу олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн уналт төлбөрийн тэнцэл дээр маш том эрсдэл үүсгэнэ гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Төв банкны хувьд ер нь төлбөрийн тэнцлийн эрсдэл дээр яг ямар үнэлгээ өгч байна вэ?

-Төлбөрийн тэнцлийн эрсдэл мэдээж байгаа. Гадаад орчны тодорхой бус байдал сүүлийн 20, 30 жилд байгаагүйгээрээ өндөр түвшинд хүрээд байна. Геополитикийн хурцадмал байдал, худалдааны маргаан зэргээс шалтгаалж хөгжингүй орнуудын эдийн засаг ч гэсэн нэлээн эрсдэлтэй, тодорхой бус байна. Үүнийг дагаад манай улсын экспортын хамгийн гол зах зээл болох Хятадын эдийн засаг ч ерөнхийдөө өсөлт нь удааширч байна. Ер нь бол сүүлийн 3-4 жилийн хугацаанд эдийн засаг нь удаашралтай,aa хүндрэлтэй байгаа. Энэ эрсдэл цаашдаа ч үргэлжлэх эсэх нь тодорхой бус байдалтай байна. Гэхдээ энэ оны гүйцэтгэлийн тухайд бидний төсөөлж байгаа 1 тэрбум ам.долларт арай хүрэхгүй хэмжээнд буюу илүү сайн гарах магадлал бас бий. Нэмж хэлэхэд, 6 дугаар сарын байдлаарх төлбөрийн тэнцлийн алдагдал 470 орчим сая ам.долларын гүйцэтгэлтэй гарах болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. Хэдийгээр эрсдэл байгаа ч гэсэн нөгөө талдаа бас бидний төсөөлж байгаа шиг хэмжээнд хүрэхгүйгээр гарч магадгүй л байгаа.

-Төлбөрийн тэнцлийн алдагдал валютын нөөцөд шууд дарамт үзүүлж, улмаар төгрөгийн ханшид нөлөөлдөг. Олон улсын зах зээлийг харахад ам.долларын ханш харьцангуй суларч байна. Дотоодод төгрөгийн ханш ч гэсэн энэ он гарснаас хойш бараг 5 орчим хувиар суларсан байна. Гэхдээ олон улсын зах зээлийн энэ чиг хандлагатай дотоодын төгрөгийн ханш харьцангуй уялдахгүй байна уу даа гэсэн гаргалгаа байгаад байх шиг. Энэ дээр Төв банк яг ямар байр суурьтай байна вэ?

-АНУ-ын долларын хувьд бусад хөгжингүй орнуудын валютын эсрэг нэлээн сулралтай байгаа. Илүү тодорхой хэлбэл, он гарснаас хойш ам.долларын ханш бусад томоохон валютын эсрэг 10 орчим хувиар суларсан байгаа. Нэг талдаа ам.долларын ханш ийнхүү суларч байгаа мэт боловч нөгөө талдаа хөгжиж буй зарим улс орнуудын ханш ам.долларын ханшийн эсрэг суларч байгаа зүйл бас ажиглагдаж байна.  Манай улсын тухайд хамгийн том эрсдэл нь мэдээж экспортын орлого буурч байгаа явдал. Үүнийгээ дагаад төлбөрийн тэнцэл алдагдалтай гараад, энэ нь валютын нөөц, ханшид нөлөөлж байгаа. Энэ оны эхний нэг, хоёрдугаар улирлын хувьд ийм зүйл ажиглагдсан ч одоо бол харин харьцангуй тогтворжоод байгаа.

-Өөрөөр хэлбэл цаашдаа хүлээлт арай өөр байна гэж ойлгох нь байна, тийм үү?

-Тийм ээ. Хүлээлт ерөнхийдөө харьцангуй сайжирсан гэж хэлж болно. Та бүхэн хэрэв санаж байгаа бол гадаад валютын нөөц энэ оны нэгдүгээр улиралд бараг 4.7 тэрбум ам.доллар хүртэл буурч байсан. Үүнээс хойш харин нэмэгдсээр 6 сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.доллартой гарсан. Тэгэхлээр хүлээлт ерөнхийдөө сайжирч байна, эдийн засгийн нөхцөл байдал ч мөн харьцангуй тогтворжих хандлага ажиглагдаж байна.

-Валютын нөөц дээр бас нэг боломж гэж харж болохуйц зүйл нь алтны худалдан авалт байгаа. Монголбанк цаашдаа алт тушаалтыг идэвхжүүлэх, нөгөө талдаа үнэт металл худалдан авалтыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Монголбанк энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.9 тонн үнэт металл  худалдаж авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар буурсан үзүүлэлт гэсэн үг. Гэтэл нөгөө талдаа зах зээл дээр алтны үнэ он гарснаас хойш бараг 2 хувиар өссөн байгаа. Гэтэл зах зээлийн ийм таатай нөхцөл байдалтай байгаа үед манай улсын алтны олборлолт буураад байгаа нь цаанаа бас хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол Улсын тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нэлээн урт хугацаанд зогсоочихсон байгаа. Энэ нь нөгөө талдаа хайгуул зогссон, нөөц бэлдэх ажлууд удаашрах нөхцөл байдлыг бий болгосон. Нөгөө талдаа төрийн зүгээс тавьсан тодорхой зохицуулалтуудын улмаас нөөц нь тогтоогдсон зарим орд ашиглагдах боломжгүй болчихсон. Манай улсын хувьд шороон ордны нөөц ерөнхийдөө дуусаад одоо үндсэн ордуудын ашиглалт руу шилжих хандлагатай байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд төр, засгийн зүгээс тодорхой зохицуулалтуудыг хийж үндсэн ордууд руу шилжиж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, эдийн засгийн хувьд ч бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ингэвэл хайгуулын ажлууд эрчимжиж, нөөц бэлдэх ажлууд ч үр дүнтэй байх болно.

-Засгийн газраас “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирж байх шиг байна. Тэгвэл энэ хөтөлбөр дээр Төв банкны зүгээс тусгуулах шаардлагатай тодорхой санал байгаа юу?

-Монголбанкны тухайд 2022 оны үед буюу өмнөх “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байсан. 2020 оны үеэр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хууль ч батлагдаж байсан. Түүнчлэн 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аас батлаад, эдгээр хуулийн хүрээнд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулж санхүүжилт олгох, худалдаж авч байгаа алтныхаа үнийг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Энэ удаад ч мөн ялгаагүй Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3” аяныг Монголбанк бүх талаар дэмжиж ажиллана. Гэхдээ өмнө нь авч байсан арга хэмжээнүүд нь тодорхой хуулийн хүрээнд хэрэгжиж байсан учраас энэ удаад бол Монголбанкнаас Төв банк/Монголбанк/-ны тухай хуультай нийцтэй байдлаар л “Алт-3” аянд оролцох боломжтой байгаа. Нэг үгээр хэлбэл, Монголбанк алт худалдан авахдаа хамгийн таатай нөхцөлөөр буюу зах зээлийн үнээр шахуу худалдаж авна. Дээр нь хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүддээ ойртох, тэдний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх үүднээс нэр бүхий аймгууд дахь салбаруудаараа дамжуулаад алтыг нь худалдан авч байгаа. Мөн мөнгөний бодлогынхоо хэрэгслээр дамжуулаад Төв банкныхаа хуульд нийцтэй байдлаар банкнуудад тодорхой хэмжээний санхүүжилтийг ч олгох боломж нь бий. УИХ-аас тодорхой чиглэл өгсөн тохиолдолд энийг Монголбанк хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл, геополитикийн нь олон улсын зах зээл дээр алтны ханш өндөр байхад нөлөөлж байх шиг байна. Манай Төв банкны тухайд сардаа ойролцоогоор 1.6 тонн орчим алт худалдаж аваад байх шиг байна. Боломжтой бол валютын болоод алтны арилжааны мэдээллээс дэлгэрэнгүй танилцуулаач?

-Алтны ханш өөрөө түүхий эд, дээрээс нь эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад нэлээн хэлбэлзэл өндөртэй хөрөнгө, актив байгаа. Тэгэхээр нэг талдаа ханш өндөр байгаа ч гэсэн нөгөө талдаа Төв банкнуудын зүгээс, тэр дундаа Монголбанкны зүгээс харж байгаа нэг өнцөг бол, алтанд нөөцийн тодорхой хэсгийг байршуулснаар нөөцийн активын бүтцийг төрөлжүүлэх, төвлөрлийн эрсдэлийг бууруулахаас гадна  хөрөнгө оруулалт талаасаа эрсдэл өгөөжийг нь тооцоод үзвэл илүү нөөцийн удирдлагыг сайжруулахад эерэг нөлөөтэй байгаа. Энэ ч утгаараа Монголбанкны хувьд нөөцийн 15 орчим хувийг мөнгөжсөн алтад байршуулж байна. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд дунджаар 20 орчим тонн үнэт металл худалдаж аваад, гадаад валютын нөөцийг 900 орчим сая ам.доллароор нэмэгдүүлж ирсэн. Монголбанкны нэг онцлог нь бид нар дотоодын зах зээл дээрээс алтыг төгрөгөөр худалдаж аваад, гадаадад мөнгөжүүлээд, энэ нь өөрөө валют болоод нөөцийг нэмэгдүүлдэг байгаа. Тэгэхээр Монгол Улсын хувьд энэ онцлог давуу талаа ашиглах нь зүйтэй. Нөгөө талдаа Монголбанк болон Монголбанкнаас зөвшөөрөл олгосон банканд алт олборлогч аж ахуйн нэгжүүд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь байхаар тогтоосон байгаа. Аж ахуйн нэгжүүд ч энэ давуу талаа бас нэлээд ашигладаг.

Үүнээс гадна алтны үнэ дээр гарч байгаа бас нэг өөрчлөлт нь, хэрэв та бүхэн санаж байгаа бол 2022 онд Орос, Украйны дайн эхэлсний дараа ОХУ-ын нөөцийг барууны орнууд ялангуяа Европын улс орнууд шууд царцаасан шүү дээ. Үүнээс хойш Төв банкнуудын хувьд алтны нөөцөө нэмэгдүүлэх хандлага нэлээн эрчимжиж байгаа. Өмнөх жилүүдийн туршлагаас харах юм бол Төв банкнууд жилдээ нэг 400 орчим тонн алт худалдаж авдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жилдээ л 1000 тонноос бол буулгахгүйгээр авч байгаа. Тэгэхээр Төв банкны хувьд энэ нөөцөө ам.доллароос өөр бусад төрлийн хэрэгсэл рүү тархаан байршуулах хандлагууд нэлээн ажиглагдаж байгаа гэсэн үг. Түүнчлэн гадаад улс орнуудын Төв банкнуудын нөөцийн 50 орчин хувийг ам.долларын хөрөнгө оруулалтууд эзэлдэг байсан бол энэ харьцаа буурсаар одоо 40 орчим хувьтай болсон. Дээр нь эсрэгээрээ алтанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10-15 хувь байдаг байсан бол одоо 20 хувь болж нэмэгдчихээд байгаа. Тэгэхээр бидний зүгээс энэ чиг хандлага цаашдаа ер нь үргэлжлэх болов уу гэж харж байгаа. Үүнд геополитикийн тодорхой бус байдал, дээр нь хөгжингүй орнууд, энэ дотроо АНУ-ын эдийн засгийн тодорхой бус байдал нөлөөлж байгаа. АНУ-ын хувьд төсвийнх нь алдагдал сүүлийн жилүүдэд нэлээн огцом нэмэгдэж байгаа, нөгөө талдаа Засгийн газрынх нь өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 100 хувиас аль хэдийн давчихсан байгаа. Эдгээр хүчин зүйл нь ерөнхийдөө алтны ханшийг ирээдүйд өснө гэсэн тийм нэг хүлээлтийг зах зээлд оролцогчдын дунд үүсгэчхээд байгаа.

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.доллар байна. Үүний 15 орчим хувь нь алтаар байршиж байна гэдэг нь ер нь Монгол Улсын хувьд хэр хангалттай хэмжээ вэ?

-Ерөнхийдөө гадаад валютын нөөцийн хөрөнгө оруулалтыг тодорхойлохдоо жил болгон бид нар ирэх онд хийгдэх манай улсын гадаад валютын төлбөр, импортын хэрэгцээ шаардлага зэргийг харгалзаад нөөцийг аль болох оновчтой хөрөнгө оруулалт хийхийг зорьдог байгаа. Энэ хүрээндээ бид нар эрсдэл, өгөөж, хэрэгцээ шаардлага бүх зүйлийг нь харгалздаг. Одоогийн 15 хувь гэдэг бол энэ бүх зүйлийг харгалзаад Монгол Улсын хувьд хамгийн оновчтой хувь хэмжээ гэж үзэж байгаа. Гэхдээ цаашдаа гадаад орчинд, дэлхийн эдийн засгийн чиг хандлага яаж өөрчлөгдөхийг дагаад энэ харьцаа буурч болно, бас ихсэх ч боломжтой.

-Ойрын хугацаанд валютын нөөц дээр гадна талаас буюу олон улсын зах зээлээс ирж болох дарамт, эрсдэл ер нь байгаа юу? Та бүхэн юу гэж харж байна вэ?

-Хамгийн том эрсдэл гэвэл түүхийн эдийн үнэ байгаа. Манай улсын нийт экспортын талыг нь шахуу чулуун нүүрс бүрдүүлж байсан. Чулуун нүүрсний экспортын хувьд хэдийгээр биет хэмжээ нь тийм их хэмжээгээр буураагүй ч нөгөө талдаа үнэ нь бараг 40 орчим  хувиар буурсан байгаа. Энэ бол бидний хамгийн том эрсдэл. Тэгэхлээр төлбөрийн тэнцлээр дамжаад ялангуяа түүхийн эдийн экспорт буурснаас шалтгаалаад манай улсад орж ирэх эрсдэл /цохилт/ бол бий. Тийм ч учраас Монгол Улсын хувьд уул уурхайн бус экспортыг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж яриад байгаа юм. Бидний хувьд Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Алт-3” аяныг дэмжээд байгаа шалтгаан нь уул уурхайн бус экспортыг нэмэгдүүллээ ч ойрын хугацаандаа уул уурхайн экспортын бууралтыг нөхөх хэмжээнд хүрэхэд хүндрэлтэй буюу багагүй цаг хугацаа шаардлагатай байгаатай холбоотой. Энэ эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх шаардлагатай өөр нэг арга хэмжээ нь уул уурхайн экспортоо дотор нь төрөлжүүлэх явдал юм. Илүү тодорхой хэлбэл, нүүрс манай улсын нийт экспортын 50 хувийг эзэлж байгаа бол энэ хамаарлыг бид багасгаж, эрсдэлийг нь бууруулах, бусад төрлийн уул уурхайн түүхий эдийн экспортыг аль болох нэмэгдүүлэх шаардлагатай. Тийм ч учраас энэ хүрээнд хийж болох хамгийн өгөөжтэй буюу хурдан хугацаанд үр дүнгээ өгч болох арга хэмжээ нь энэ “Алт-3” аян гэж харж байгаа юм. Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалтад ороод хязгаарлагдчихсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон үндсэн ордуудыг эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа юм байна лээ. Төв банкны зүгээс ч энэ шийдвэрийг зөв зүйтэй гэж үзэж буй тул бүх талаас нь дэмжээд хамтран ажиллана.

-Өнгөрсөн жил 14 мега төсөл гээд Засгийн газар зарласан. Түүнээсээ эхний таван төсөл нь хэрэгжиж эхэллээ гээд мөн л мэдээлсэн. Тэгвэл эдгээр мега төслүүдийн хэрэгжилтээс, түүний импортын худалдан авалтаас шалтгаалсан дарамтууд валютын нөөц болон төлбөрийн тэнцэл дээр хэр өндөр байв?

-Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн бариад, хэлэлцэгдээд эхэлчихлээ. Нэг талдаа төсвийн орлого 3 гаруй их наяд төгрөгөөр буурч байгаатай уялдуулаад урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг 1.9 их наяд төгрөг орчмоор танахаар төсвийн тодотгол орж ирж байна. Энэ нь мэдээж хэрэг гадаад орчны хувьд ийм эрсдэлтэй цаг үед бол төлбөрийн тэнцэл дээр эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөө талдаа томоохон төслүүдийг эрэмбэлэх, зарим төслийг хойшлуулах арга хэмжээг авч байна. Энэ нь ч гэсэн эдийн засагтаа, төлбөрийн тэнцэлдээ эерэг нөлөө үзүүлнэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, зарим том төслийг Монгол Улс хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлуудыг шинэчлэх, шийдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ, Засгийн газрын зүгээс том төслүүдийг эрэмбэлээд зайлшгүй хэрэгтэй төслүүдээ эхлээд хэрэгжүүлнэ гэж байгаа нь зөв, зүйтэй. Үүнийг Монголбанк дэмжинэ. Нөгөө талдаа зарим хойшлуулах боломжтой төслүүдээ хойшлуулснаар төлбөрийн тэнцлийн дарамтыг бас тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэлд нэлээн томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Энэ нь мэдээж төлбөрийн тэнцэл дээр дарамт учруулна. Нөгөө талдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим том төсөл нь гадаад эх үүсвэрээр санхүүжиж байгаа учраас эрсдэл нь бол бага, гэхдээ л төлбөрийн тэнцэл дээр дарамт учруулах зүйл бол бий. Харин эерэг талыг нь хэлэх юм бол төлбөрийн тэнцэл, экспорт буурснаас шалтгаалаад эдийн засаг удааширч байгаа тохиолдолд нөгөө талд энэ томоохон хөрөнгө оруулалт нь эдийн засгийг эрчимжүүлэх, дэмжих үр нөлөө үзүүлэх учраас том дүр зургаар нь харвал эдгээр төслүүд нь зайлшгүй хэрэгжих шаардлагатай. Ямар ч байсан эхлүүлээд дуусгах л хэрэгтэй зүйлүүд байгаа.

Эх сурвалж: Bloomberg TV  Mongolia