Монголбанк
Буцах

ХЭВЛЭЛИЙН ХУРAЛ: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ

2012 оны 4 дүгээр сарын 17-ны 15 цагт Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хуралд хэвлэл мэдээллийн 33 байгууллагын сэтгүүлчид оролцов. Хурлыг нээж Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д. Болдбаатар хэлэхдээ: Монголбанкны Захирлуудын зөвлөл өнөөдөр 10 цагт хуралдан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 13.25 хувьд, заавал байлгах нөөцийн хувийг 1 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан.

Үндэсний статистикийн хорооноос 2012 оны 3 дугаар сарын байдлаар ХҮИ /хэрэглээний үнийн индекс/ -ээр хэмжсэн инфляци улсын хэмжээнд жилийн 15.3 хувь, Улаанбаатар хотынх жилийн 17.3 хувьд тус тус хүрснийг мэдээллэсэн.

Төсөв, төсөвтэй адилтгах зардлаар өдөөгдсөн илүүдэл эрэлтийн дээр сүүлийн үед гаднаас нэлээд хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Иймд Монголбанк инфляцийг хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авч байна гэдгээ мэдэгдлээ.

Мөнгөний бодлогын мэдэгдлийг энд дарж үзнэ үү

Хэвлэлийн хурлын үеэр тавигдсан асуулт, хариулт

SBN телевизийн сэтгүүлч н.Мягмартогтох: Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлснээр арилжааны банкуудын зээлийг боомилж байна. Энэ нь тухайлбал орон сууцны зээл гэх мэт Засгийн газраас явуулж буй бодлоготой яагаад уялдахгүй байна вэ. Бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөрөөр мах болон өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах арга байдаггүй юм уу?

МБСГ-ын захирал Д.Болдбаатар: Засгийн газрын 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан тодорхой эх үүсвэртэй. Хэрэгжүүлж байгаа байгууллага нь зах зээлийн журмаар ажилладаг учраас асуудалд нөлөөлөхгүй гэж хэлэхээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэнд орж ирсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бий болгож байгаа баталгааны сан бусад эх үүсвэрүүд тодорхой хэмжээнд нөлөөнд автахгүй. Монголбанкны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл дээр Засгийн газрын гаргасан бондоос худалдан авч санхүүжилтэнд дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. Та махны үнэтэй Монголбанк бодлогын хүүгээрээ тэмцлээ гэж хэллээ. Би дөнгөж сая махнаас бусад барааны үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна гэдгийг хэлсэн.

Өдрийн сонины сэтгүүлч н.Баттөгс: Монголбанк ойрын үед бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмэгдүүллээ. Одоо Засгийн газраас иргэдэд 1 сая төгрөг тараах гэж байна. Энэ байдлаар бол 7 сард инфляцийн цунами болох төлөвтэй байна. Сая төгрөг тараасны дараа ирэх инфляцийн дарамтыг судлаж үзсэн үү. Бэлэн мөнгөө хязгаарлах талаар Засгийн газартай ярилцаж болдоггүй юм уу?

МБСГ-ын захирал Д.Болдбаатар: Мөнгөний бодлого бол макро эдийн засгийн бодлогын бүрдэл нэг том бодлогын жижиг хэсэг нь юм. Ер нь төрийн бодлогын гол цөм нь өөрөө сангийн бодлого буюу төсвийн бодлого байдаг. Бидний хийж байгаа мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, үнэд өөрчлөлт оруулах байдлаар хийж байгаа мөнгөний бодлого нийтэд зориулагдах учиртай. Хэрвээ бид бүх 2.700.000 хүнээс хөрөнгө хурааж аваад цөөн хэдэн зээлдэгчийн асуудлыг шийднэ гэвэл нийгмийн амьжиргааг хамгаалах агуулгаараа буруу бодлого болох учиртай. Энэ тухай тооцоолсон. Би өмнө нь төсвийн өсөлт гэж ярьсан. Төсөв, төсөвтэй адилтгах зардал гээд Хөгжлийн банкнаас төлөвлөгдөж байгаа зардал, гадаад улс оронд төлж байгаа хөрөнгө гэсэн гурван нөхцөл байдлаар эрэлт нэмэгдэж байгаа учраас түүний эсрэг авч байгаа арга хэмжээ юм. Мөнгөний бодлогод зохицуулж тохируулга хийж байгаа байдал нь өөрөө энэ. Инфляцийн цунами болох гэж байгаа гэдгийг та арай хэтрүүлж байх шиг байна. Бидний хувьд тооцож байгаа тооцоолол байгаа. Энэ удаа бодлогын хүү болон заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх гэсэн хоёр өөр арга хэмжээ авсан. Тус арга хэмжээ нь өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хангалттай. Цаашдаа зах зээл өөрөө өөрчлөгдөөд ирэхээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг тухайн үеийн мэдээллээр тооцдог учиртай. Бид болох гэж яваа үйл явдлаас хамааруулж шийдэх бас хэцүү байдаг л даа. Яг тодорхой болсон асуудлуудыг л тооцдог. Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувиар зохицуулах энэ хослол бол сүүлийн үед хөрөнгийн урсгал ихтэй байгаа орнуудад хамгийн илүү тохиромжтой хувилбар юм. Турк, Зүүн Европт энэ хосолмол аргыг сонгосон бөгөөд манай орны хувьд ч тохиромжтой гэж сонгоод байна. Үндсэндээ бодлогын хүү нь илүү зах зээлд суурилсан зах зээлийг дагуулах шинж чанартай, хэрэгслийнхээ хувьд үр дүндээ илүү баталгаатай хүрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл банк, зах зээлд оролцогчид бодлогын хүүнд зохицож ажиллдаг учраас үр дүн нь илүү сайн байдаг. Сул тал нь хугацааны хоцрогдолтой эдийн засагт нөлөөлдөг. Заавал байлгах нөөц нь илүү захиргаадалтын шинжтэй арга бөгөөд шууд 5 сарын 2-ны өдрөөс эхлээд мөрдөгдөөд явна. Энэ арга нь банкуудыг илүү бэлэн мөнгөний нөөцтэй болгож өгдөг учраас гаднаас орж ирж байгаа мөнгөнд гарч байгаа хөдөлгөөнүүдийг өөрийнхөө бэлэн мөнгөний нөөцөөр уян хатан удирдаад байх боломжтой. Ер нь макро эдийн засагт ямар шок гарч байна, түүнд тохирсон арга хэмжээг авах шаардлагатай байдаг.

Өдрийн сонины сэтгүүлч н.Баттөгс: Арилжааны банкны нөөц ямар байгаа вэ? ХХБ-ны захирал Мэдрээ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа төв банкны инфляцийг онилсон бодлого буруу гэж хэлсэн байсан?

МБСГ-ын захирал Д.Болдбаатар: Банкуудын нөөц эрүүл сайн байгаа. Зөвхөн түргэн борлогдох үнэт цаасанд 700 тэрбум, ЗБН-д 600 орчим тэрбум байршсан гэх мэт чадварууд байна. Тэгэхдээ зах зээл хэлбэлзэл ихтэй, үнийн өсөлт өндөр байгаа зэрэг нь нийт зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж зээлдэгчдийн ирээдүйн орлогод нөлөөтэй байна.

Би Мэдрээ захирлын яриаг сонсоогүй болохоор дэлгэрэнгүй хариулт өгч чадахгүй байна. Монголбанк инфляцийг онилох бодлого хэрэгжүүлээгүй. Инфляцийг онилох бодлого гэдэг нь тодорхой төрлийн бүхэл бүтэн цогц арга хэрэгслийн нэр юм. Монголбанк инфляцийн онилох мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа нь бол үнэн гэхдээ одоогоор нөхцөл бүрдэхгүй байна.

Монголын мэдээ сонины сэтгүүлч н.Энхдэлгэр: Өмнө нь авсан бодлогын шийдвэрийн үр дүн гарч байгаа юу. Бодлогын хүүг 3 дугаар сард нэмэгдүүлсэн. 4 дүгээр сард нэмэгдүүлж байна, цаашид бас нэмэгдүүлэх үү. Ер нь ирээдүйг харсан шийдвэр байж чадаж байна уу?

МБСГ-ын захирал Д.Болдбаатар: Мөнгөний бодлогын шийдвэрийн тайлбарлахад хэцүү хэсэг нь мөнгөний бодлого нь өөрөө ирээдүйд бий болох гэж байгаа үнийн өсөлтийн эсрэг авч байдаг арга хэмжээ юм. Өнгөрсний тухай биш. Тэгэхээр заримдаа бүрэн тодорхой төгс шийдвэр гаргах боломжоор хязгаарлагдмал байдаг. Өнгөрсөн сард гаргасан шийдвэрээс хойш гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.