Монголбанк
Буцах

ХЭВЛЭЛИЙН ХУРAЛ: Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалт

2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гарсантай холбоотойгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хуралд хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлчид оролцов.

Хурлыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ: Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл шинэ бүтцээрээ нэгдэх өдрөөс эхлүүлэн долоо хоног хуралдлаа. Түрүүчийн долоо хоногт мөнгөний бодлогын зөвлөлд мөнгөний бодлогын санал маань хүргүүлэгдсэн. Үүн дээр манай гишүүд нилээд их цаг зарцуулж, идэвхитэй оролцон мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргах процесс маань явагдлаа. Та бүгд мэдэж байгаа байх, бодлогын шийдвэр гаргалт шинэ бүтцээр хийгдэж байгаа, журам заавар маань ч өөрчлөгдсөн. Энэ тухай бид хэвлэлд өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн учраас одоо ярихаасаа илүүтэйгээр хурлын шийдвэр гаргах процесс яаж явсан талаар дахиад нэг эргэн сануулъя. Түрүүчийн долоо хоногт бид бодлогын зөвлөлийн гишүүддээ зориулаад бодлогын шийдвэрийн талаарх саналыг нэг дэх өдөр хоёр цаг гаруй танилцуулсан. Тэр хурал дээрээс энэ бодлогын зөвлөлийн шийдвэрийг дэмжиж байгаа, эсвэл сөрөг байр суурьтай байгаа гишүүдээ томилоод тэр хүмүүстээ энэ талаар дэлгэрэнгүй ярилцах боломжийг олгосон. Хурал маань сая гуравдахь өдөр болсон бөгөөд өнөөдөр өглөө бид 8 цагаас хуралдаж тэр бүх санаа зовж байгаа олон асуултууддаа хариулт авч нэлээн дэлгэрэнгүй хэлэлцлээ. Энэ бүгдийн эцэст Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр өнөөдөр гарлаа. Үүнийг та бүхэнд товчхон танилцуулъя.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргав. Инфляцийн хэтийн хандлага зорилтот түвшинтэй нийцтэй, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасахаар хүлээгдэж байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцлийг бүрдүүллээ.

Бодлогын хүүг бууруулснаар мөнгө, зээлийн өсөлтийг тогтворжуулан, санхүүгийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломжийг олгоно гэж бид үзэж байна.

Макро эдийн засгийн төлөв нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг бүрдүүлж буй хэдий ч, бодлогын шийдвэрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлыг бид харгалзаж үзлээ. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулна.

Энэ бол манай шинэ мөнгөний бодлогын зөвлөлийн маань авч байгаа арга хэмжээ, өөрчлөлтүүдийн нэг юм. Мөнгөний бодлогын зөвлөл дээр яригдаж байгаа асуудал, зөвлөл дээр асуугдсан асуулт, хариултууд, энэ талаараа бид олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг цаашдаа хүргэж байх болно. Мөнгөний бодлогын мэдэгдэл та бүхэнд хүрсэн байх. Надад үүнтэй холбоотойгоор нэмж тэмдэглэн хэлэх хоёр, гурван зүйл байна.

Инфляцийн хэтийн хандлага бид нарын хүсээд байгаа түвшинрүү явж байна гэдэгтэй бид санал нэг байгаа. Дээрээс нь энэ бодлогын хүүг бууруулснаар бид нар эдийн засгаа идэвхижүүлэх энэ чиглэлийн арга хэмжээнүүдрүүгээ явж байна.

Хэдий макро эдийн засгийн байдал маань эерэг харагдаж байгаа боловч гадаад худалдааны нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал өөрөө одоо хүртэл тодорхойгүй бөгөөд сүүлийн хэдэн сарын тоонуудаас анзаарч байхад сөрөг утгатай байгаа нь бид нарын санааг зовоосон. Үүнийгээ ч бид ч бодлогын мэдэгдэлдээ тусгасан байгаа.



Хэвлэлийн хурлын үеэр тавигдсан асуулт, хариулт

ММ агентлагийн сэтгүүлч Р.Гандиймаа: Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасахаар хүлээгдэж байгаа гэж байна. Үүн дээр тодруулга өгнө үү. Тухайлбал яг ямар ямар шалтгаан, хүчин зүйлсүүд нөлөөлж байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Та бүгд анзаарсан байх өнгөрсөн жил бид 14 хувийн оны инфляцийн 10 хувийг эхний таван сарын дотор үйлдвэрлэчихсэн хүмүүс. Тэгэхээр энэ жилийн хувьд эхний таван сардаа ямар ч байсан 10 хувийн инфляцийг өнгөрсөн жилийх шиг үйлдвэрлэхгүй байх гэсэн хүлээлт байна. Хүлээлт бий болж байгаа нөхцөл байдал нь юунаас үүдсэн бэ гэвэл инфляцид нөлөөлж байсан гол хүчин зүйлүүдийн эсрэг 1-рт үнийг тогтворжуулах засгийн газартай зурсан олон хөтөлбөрүүд маань үр дүнгээ өгөөд эхэллээ. Нөгөө талдаа Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн явдал манай макро эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Энэ болгон маань өөрөө эргээд ойрын хэдэн сарын инфляцийн хүлээлтийг бууруулахад нөлөөллөө. 2011 оны жишээг та бүгд мартаагүй байгаа байх. 2011 оны яг өдийд ханш арван хэдэн хувиар хөдөлсөн, шатахууны үнэ 250 төгрөгөөр огцом өссөн үе байсан. Тэр үед шатахууны нөөц бага байсан ба одоог тэр үетэй харьцуулахад шатахууны нөөц 2 дахин их болсон байгаа.

Жишээ нь гадаад үнэ сая 26 хувиар өслөө. Тухайн үед ч бас тэр хавьцаа л өсч байсан. Яг тэр хэмжээгээр жижиглэнгийн үнэ өссөн нь тухайн үедээ хуримтлуулсан үнийн өсөлт байсан. Одоо бол гадаад үнэ 26 хувиар өссөн байхад жижиглэнгийн үнэ зөвхөн 6 хувиар өссөн. Урьд нь ийм нөхцөл байдал байдаг байсан хэдий ч компаниуд эрсдэлээ хуримтлуулаад энэ үнийн өсөлтүүдийг хуримтлуулаад байдаг байсан бол одоо компаниуд маань эрсдлээ хуримтлуулахгүй энэ үнийн өсөлтийг бөөний худалдаа руугаа шингээгээд сая дүнгүүдээ харахаар гадаад үнэ 26 хувиар өсч байгаа боловч жижиглэнгийн үнэ 6 хувиар өсч бөөний үнэ 28 хувиар өссөн байна. Энэ бол манай бодлогын зорилтот чиглэл байсан. Бид энэ чиглэл рүү Засгийн газартай хөтөлбөрөө хамтарч боловсруулсан. Засгийн газар маань энэ чиглэлээр хийх ажлуудаа үр дүнтэй хийлээ. Хөтөлбөр маань дунд хугацаанд хэрэгжих тул цаашдаа хийх ажлууд их байна. Хөтөлбөр болгоныг гурван сарын давтамжтайгаар бид нар дүгнэж явж байгаа.

Энэ удаа бодлогын хүү буурахад арилжааны банкуудын зээлийн хүү буурах боломж байгаа юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Бодлогын хүүнээс хамааралтай тогтоогддог олон хүүнүүд бий л дээ. Жишээ репо ч юмуу манай овернайт зээлийн хүүнүүд байгаа. Тэгэхээр төв банктайгаа харьцдаг арилжааны банкуудын бүх хүүнүүд буурч байна гэсэн үг. Тэгээд дээрээс нь энэ маань өөрөө арилжааны банкууд цаашдаа яваандаа зээлийн хүүгээ бууруулахад нь нэг талаасаа шууд нөлөөтэй. Дахиад үүн дээр нэмээд хэлэхэд бид хамгийн сүүлд ноднин жилийн 4 сард бодлогын хүүгээ өсгөж байсан. Харин 2009 оноос хойш анх удаа бид бодлогын хүүгээ бууруулж байгаа гэдэг маань өөрөө зах зээлд өгч байгаа хамгийн гол дохио болж байгаа. Энэ дохион дээр үндэслээд арилжааны банкууд, хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, цаашид бизнес төлөвлөлтөндөө мэдээж арай бага арай зөөлөн зээлийн хүүг тооцож явах нь бол ойлгомжтой. Энд дахиад онцлоод хэлэхэд саяын энэ инфляцийн хүлээлтүүд өөрөө эерэг байгаа нь бодлогын хүүг бууруулах боломжийг олгож байгаа юм. Анхдагч нь өөрөө энэ үнийн өсөлтийг бид нар сааруулж чадсан нь энэ үнийн өсөлтийг бууруулахад засгийн газрын авч байгаа арга хэмжээнүүд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас авч байгаа арга хэмжээнүүд дээрээс нь засгийн газрын яамдуудын яг тухайн салбартаа хэрэгжүүлж байгаа бодлогууд энэ болгон дээр зохион байгуулалт нь үр дүнтэй байгаа гэдгийг бид харж байна. Үр дүнд хүрсэн ажлууд байна. Цаашдаа ч үр дүнд хүрэх итгэлийг бүрдүүлээд байгаад үндэслэж бид энэ бодлогын хүүг бууруулж байгаа.

Энэ ондоо багтаан дахиад бодлогын хүү буурах боломжтой юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Тэгэхээр гадаад худалдааны болон гадаад хөрөнгө оруулалтын нөхцөл байдал энэнээс илүү алхах боломжийг энэ удаа хязгаарлалаа л даа. Энэ ондоо багтаагаад ер нь ойрын хугацаанд мэдээж нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол дахиад бодлогын хүүгээ буулгах чиглэл рүү алхам явуулах магадлал маш өндөр. Нөгөө талдаа хэдий хэмжээнд хэрхэн бууруулах вэ гэдэг маань өөрөө гадаад нөхцөл байдал буюу гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нөхцөл байдлаас хамаарна. Зөвхөн бодлогын хүүгээр энэ дотоод зах зээлийн хүү зээлийн орчинг зохицуулдаггүй. Монголбанкны маш олон зохицуулалтууд байгаа. Тэр болгон үнэд нөлөөлдөг. Ялангуяа овернайт, репо санхүүжилтийн хүүнүүд маань автоматаар шууд бодлогын хүүн дээр нэмэх нь дөрөв, тэрэн дээрээ нэмэх нь тав гэдэг ийм формулаар тогтоогддог байсан бол энэ формулуудаа бид нар эргэж харахаар тохиролцсон байгаа. Энэ тухай шийдвэрүүдээ бид дахиад гаргана. Энэ өөрөө эргээд зээлийн хүүнд шууд эерэгээр нөлөөлөх боломжуудыг бий болгох юм.

ММ агентлагийн сэтгүүлч Р.Гандиймаа: 0.75 нэгж хувиар бууруулна гэдэг өөрөө яг юуг илэрхийлж байгаа тоо вэ? Энэ нь эдийн засагт ямар эерэг нөлөө авчирч байгаа гэсэн үг вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Тэгэхээр сая энэ мэдэгдэл дотор нэлээн дэлгэрэнгүй маш тодорхой дурдсан байгаа. Бид нар бодлогын хүүгээ бууруулж байна гэдэг маань өөрөө нийт эдийн засагт эерэг хүлээлт байна гэсэн гэсэн үг. Үнэхээр энэ үнийн өсөлт саармагжиж байна. Цаашид эдийн засгийг тэлэх боломж нэмэгдэх нь. Ер нь эдийн засаг дотор байгаад байсан эрсдлүүдээсээ бид нар гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэсгийг хамгийн түрүүнд тусгаарлаж тавьж байна.

Бусад тал дээр ер нь эдийн засагт эерэг үзэгдлүүд нэлээн харагдлаа гэдгийг ойлгуулах гэсэн санаа. Энд гол анхаарах зүйл 0.75 гэдэг маань өөрөө мэдээж том тоо, нэг удаагийн үйлдэл. Цаашдаа энэ үйлдлүүд нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөнө. Оны төгсөлд бидний зорилтот түвшин 8 хувийн инфляци байгаа гэдгийг дахиад сануулъя. Энэ зорилтот түвшинрүүгээ бидний явж байгаа алхмууд, хийгдэж байгаа бодлогын арга хэмжээнүүд маань үр дүнгээ өгч байна гэсэн гол санаа. Дээрээс нь үнэхээр сүүлийн олон жилд харагдаагүй бодлогын хүүний бууралт гэдэг маань өөрөө эдийн засагт өгч байгаа том дохио болж байна гэж манай мөнгөний бодлогын зөвлөлөөс үзэж байна л даа.

Шууд ТВ: 4 дэд хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр инфляци буурна гэж байсан хичнээн хувиар буурсан бол?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: 10-р сараас хөтөлбөрүүд маань хэрэгжиж эхэлсэн байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх. 11; 12 сарын инфляцийн дүнгүүдийг өмнөх оны 11; 12 сарын инфляцийн дүнгүүдтэй харьцуулвал 0.7 нэгж хувиар буурсан байна. Мэдээж олон зүйлийн нөлөөлөл байгаа, зөвхөн бодлогын хүү, зөвхөн хөтөлбөрийн нөлөө биш гэдэг нь мэдээж. Гэхдээ хөтөлбөр эерэгээр нөлөөлсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй.

Барилгын үнийн өсөлт шууд лангуу руу ирэхдээ түрээсийн үнээр дамжиж ирдэг тэр сувгууд дээр ч гэсэн засгийн газар ялангуяа ШӨХТГ-ын зүгээс нэлээн их ажлуудыг хийлээ. Эдгээр нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа ба цаашид ч үр дүн нь гарах байх.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.